Өнөөдөр өглөө шүдний эмнэлэг орсон. Цоорсон, гэмтсэн зүйл алга. Жаахан чулуужиж эхэлж байна гэхээр нь түүлгэчихлээ. Би шүдний эмнэлгээс ялимгүй эмээж явдаг. Хэд хэдээ удаа голоо тасартал өрөмдүүлж байсан явдал ул мөргүй арилахгүй л дэ. Өөрийн буруугаас болсон хойно одоо юу гэлтэй. Хадуурах гэж байна, миний шүд хэнд хамаа байна. Би энд шүдний тухай ондоо нэгэн түүх өгүүлэх гэсэн юм.
Муу шүд нь хүн төрлөхтний хувьд хэдхэн зуун жилийн өмнөөс эхэлсэн "шүдний өвчин" гэдгийг та нар мэддэг үү? Бидний өвөг дээдсийн шүд бараг өвддөггүй байж. Парадонтоз мэтийн өвчин бол бүр сураггүй. Дундаж наслалт 40 орчим байхад шүдээ унатал өтлөх магадлал бага л да. Аз нь шовойж үс, шүдээ унатал өтөлвөл цайнд юмаа дүрж идээд л хувь тавилантайгаа эвлэрдэг байсан үе. Юун хиймэл шүд. Яахав, сүүлдээ биелэгжүү нэгэн нь янз бүрийн сувд, шигтгээ түр зуур хавчуулдаг болсон. Жишээ нь: английн хатан хаан Елизаветагийн шүд найгүй байсан болохоор олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо шүднийхээ завсар түр зуур юм хийхээс өөр аргагүй байсан. Одоо л Елизавета II инээгээд байгаа болохоос биш Елизавета I бол байцаагдаж буй партизан шиг амаа нээхгүй шүү дэ.XVIII зуунаас нөхцөл байдал өөрчлөгдөж эхэллээ, хөөрхийс. 2 үндсэн шалтгаан байсан болов уу. a) хиймэл эрхтэн, тэр дотроо шүд хийх урлаг мэдэгдэхүйц өссөн б) сахар орсон хүнсний бүтээгдэхүүн эрс нэмэгдсэн. Эндээс дантист буюу шүдний эмч нарын эрин үе эхэлсэн, одоог хүртэл эрчээ алдаагүй л явна. Хиймэл үстэй зэргэцээд хиймэл шүд бий болсон зуун да. Үндсэн материалаар эхэн үед зааны яс, фарфорыг сонгож байв. Гэвч яс хурдан шарлаж, харин фарфор эмтэрч үүрэх нь элбэг тохиолдно. Ингээд хөгжлийн явцад хамгийн сайн түүхий эдээр натураль хүний шүд сонгогдов. Мэдээж хэрэг, хүний шүдний олдоц эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй. Шүдний эмч нар зүгээр суугаагүй нь ойлгомжтой. Тэд цаазын ял гүйцэтгэгчид, яргачид, оршуулга үйлдэгч авсчин, тэр ч байтугай булш ухагчидаас нууцаар шүд худалдаж авдаг байсан. Англид натураль хүний шүднээс бүрдсэн ганц дээд эгнээ протез л гэхэд 30 фунт стерлинг үнэтэй байв. Тэр үедээ галзуу их мөнгө.
Доорх зураг: Джордж Вашингтоны дуртай протез. Зарим нэг шүд унасан байна л да, тухайн үедээ ийм байгаагүй нь ойлгомжтой. Үнэн худлыг мэдэхгүй, ерөнхийлөгчийн протезд боолууд нь өөр өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулсан гэдэг.
Тэгсэн гэнэт 1815 оноос Англид янзын гоё, хямд өртөгтэй шүднүүд ихээр орж ирэв. Хэн нэгэн этгээдийн (түүх өөдгүй гарын нэрийг нь хадгалж чадаагүй нь харамсалтай) тархинд Ватерлоо-гийн тулааны талбараас ургац хураах заваан санаа төрж, биелэлээ олсон нь энэ байж. Бодоод үз, 50 орчим мянган залуу эр тэнд үрэгдсэн, толгой болгоныг 32 шүд дагалдна. Нутгийн иргэд тулааны талбараас хулгайлж, тонож болох бүхнийг өөд нь татсан байхад энэхүү санал ирэхэд уухай тас бахь, хавчуургаар тоноглож аваад гарцгаасан. Ирэхдээ шуудай шуудайгаар нь шүд авчирсан. Тэртээ тэргүй л өнгөрөхөөс хойш, хэн нэгэнд хэрэг болог дэ гэж бодоо байлгүй, хог гэж. "Ватерлоогийн шүд"-нүүд англид шуурч өгчээ. Баатар эрийн шүдээр инээмсэглэж, юм жажилж суух нь дүүжлүүрт өлгүүлсэн гэмт хэрэгтний шүд зүүснээс их ялгаатай шүү дэ, бодоожийн. Шүд нийлүүлэгчид герман ч юм уу франц дайчидын шүд биш гэж тангарагалдаг л байж, мэдээж худлаа л да. Мөнгө цагаан, нүд улаан.
Төгсгөлд нь: Waterloo Dentures.
12 March 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment