18 August 2018

Тайван бус амьдрал

Гэмгүй байж байгаад хульхидуулах, хохирох, дээрэлхүүлэх юмуу хүнд сурталтай тулгарч мөнгө, цаг, хөрөнгөө алдах нь өнөөдрийн хувьд энгийн үзэгдэл. Тиймээс тодорхой хэмжээний хуулийн мэдлэгтэй, эсвэл өмгөөлөгчтэй холбоотой байх хэрэгтэй.
Дээр үед гурван шатны шүүхээр орсон туршлагаа хуваалцаж байсан да? Санахгүй юмуу мэдэхгүй бол танилцаж болно: http://ganzo79.blogspot.com/2015/04/blog-post_5.html
Асуудал шийдэгдсэн, одоо тайван байж болно гэж бодсон маань эндүүрэл байж. Хоёр жил эзгүй байх хооронд компаний товарищууд доод зогсоолд нэг хана нураагаад миний зогсоолыг хажуу тийш шилжүүлсэн байгаа юм. Тэгэхдээ 15м2 талбайтай зогсоол гайхамшигтайгаар 10,6м2 талбайтай болж хувирсан нь илэрсэн. Өргөнөөс нь танаад хаячихсан байгаа юм л да. Ноднин зун зогсоолын шалыг засна, будна гээд бүтэн сар машин оруулаагүй юм билээ (манай дүү машинаа тавьдаг байсан). Дүүд компани анхааруулаагүй, юуч хэлээгүй. Энэ явдал болсны дараа дүү маань надтай холбогдож мэдэгдсэн - зогсоолын зайг багасгачихлаа гэж. Би "За яахав, ах нь очиж байгаад өөрөө учраа олъё" гээд орхисон. Ирээд өмгөөлөгчтэй болоод шүүхэд нэхэмжлэл гаргав. Ингэж эрээ цээргүй хүний өмчид халдаж байгаа улстай ярьж хөөрөөд хэл амаа олох хэцүү, хуулиар нь яваад эцэслэх нь зөв гэж бодсон. Хүний өмчийн 0,7 га газрыг 0,45 га болгоод нэмээд хажуу тийш шилжүүлчихсэнтэй яг адилхан үйлдэл юм шүү дэ үндсэндээ. Шүүх барилгын компаниас тайлбар шаардсаны дараа нягтлан нь болон компаний төлөөлөл болж М гэгч нөхөр уулзсан. Чи яаж байгаа юм, тэр нураасан хана чиний өмч биш компаний өмч, зогсоол чинь хэмжээндээ байгаа г.м. баахан хэлэлцэх биш, хэрэлдэх биш өнгө аястай дайрч давшилсан. Би дуугуй байгаагүй: "Метр бариад хэмжээд үз, тэр ханыг нураасан гэж би шүүхэд хандаагүй, зогсоол яахаараа 15м2 байснаа 1/3-ээр жижиг болчихсон юм бэ гэж хандсан. Хүний өмчид халдах эрх хэн та нарт олгов? Энэ улсад чинь хууль дүрэм бас үйлчилдэг юм шүү, багахан дээрэлхээрэй" гэж. Үнэн гэж байдаг юм бол би шүүхэд ялах нь тодорхой байсан.
Хожим нь гарууд эвлэрье, талбайг буцааж хэвэнд нь оруулж өгье гэсэн. Эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүхийн захирамж гарсан. 
Одоо зогсоолын тэмдэглэгээг өөрчлөхийг нь хүлээгээд сууж байна. Бас заваарч сунжирах биз.
Хамгийн гол нь энэ балай явдал хүнд тодорхой хэмжээний стресс, ажил барсан илүү явдал нэмчихэж байгаа юм. Хууль дүрэм зөрчөөгүй, хэнд ч муу зүйл хийгээгүй мөрөөрөө явж байхад л асуудлууд ургаад гараад ирдэг. Тээр жил хөрш орц гарц хааж хашаа барьсан асуудал зуслан дээр үүсч бас явдал чирэгдэл болж л байсан. Өнгөрсөн жил хүнд итгээд урьдчилгаа авалгүй нэг ажил хийсэн - одоо хүртэл сохор зоос аваагүй явж л байна г.м. гоё гоё адал явдлууд тохиолдсоор. Би ойлгодоггүй юм, яах гэж хүмүүс өөрийгөө болон өрөөлийг тайван амьдруулахгүй балай балай болчимгүй зүйл хийцгээдэг байнаа гэж.

No comments:

Post a Comment