04 August 2018

Нижний Новгород. Часть 1

2018.07.06-07-ны өдрүүд. Нижний Новгород. 
Дөрвөн нөхөр галт тэрэгнээс эрт буусан, метро ч онгойгоогүй байв. 20 мин орчим сэлгүүцэж байтал метро нээгдэж зочид буудалруугаа зүгэлцгээв. Метроны Горькийн буудлаас автобусанд суух ёстой. Газар доороос гараад ирсэн - мужийн НАХЯамны барилга.
Автобус ирэх нь эргэлзээтэй санагдахлаар нь таксинд суугаад буудалруу хүргүүлэв. Шууд утгаараа "Ажилчны район"-д байрлаж байв хостел маань. Эргэн тойрон дан үйлдвэр, дэлгүүр хоршоо ч бараг байхгүй. Буудалдаа ачаагаа оруулж хаячихаад, цай унд уучихаад, усанд орж сэргэнгүүтээ гарцгаасан. Цэнгэлдэхрүүгээ аажуухан дөхөцгөөе гээд. Яг цэнгэлдэхийн хажууд собор Александра Невского гэж нэрлэгддэг том сүм баригдаж. Доторх нь бас гоё юм билээ, хүмүүс мөргөл үйлдэж байхад зураг дарсангүй.
 Сүм талаас цэнгэлдэх.
Энэ сүм цэнгэлдэх хоёр нь Волга (Ижил) мөрөн ба Ока голын бэлчирт байрлана. Ижил мөрөн: 
За тэгээд худалдааны төв орж өдрийн хоол идчихээд цэнгэлдэхрүү орцгоов. Хүмүүсийг тоглолт эхлэхээс 2 цагийн өмнөөс нийт 6 урсгалаар оруулж эхэлсэн. Нэг бүрчлэн нэгжиж байна лэ, цамцны зах, гутал хүртэл шалгаж ч байх шиг. Пластик савтай кола-г цэнгэлдэхэд бөглөөгүй нь зарна. Үйлчлэгч онгойлгоод бөглөөг нь хаяад өөрт чинь ундааг цаасан стакантай гардуулна. Шар айрагны хувьд - зөвхөн Bud. 
Энхээ ач охиндоо хөөрхөн морь худалдаж авсан байв, модон иштэй. Жадамбаа болохоор жижиг төрийн далбаатай явсан юм. Ингээд энэ 2-ыг нийлүүлэхлээр "Тугаа өргөсөн морьтой монгол" болж байгаа юм. Яг дикторын кабинуудын хажууд суусан болохоор үзэгдэх орчин сайн байв.  
Тоглолт тараад Fan Zone-д очиж Бразил Бельгийн тоглолтын нэгдүгээр үеийг үзсэн болоод таксидаад харьцгаасан. Тэнд хөл толгой нь нийлж, Нижний Новгород тэр чигээрээ зугаалж буй мэт санагдсан. Маргааш нь хоттой танилцах явган аялалд үргэлжлүүлэн гарав. Ленин багш "тийшээ яв миний хүүхдүүд" гээд байхад нь л зөрөөд эсрэг зүгт явсан да.
Ока гол дээгүүр Канавинский мост гэх гүүрээр гарцгаав. 
За голын цаана нөгөө өчигдөр орсон сүм, цэнгэлдэх хоёр харагдаж байна да. Харин энэ наана байгаа нөхөр шууд усруу шумбаж сом бариад байсан шүү, овоо гар.  
Нижневолжская набережная гэж нэрлэгдэх энэ эрэг дагуух зурвасаа хотын захиргаа нь сайхан тохижуулсан байна лэ. Амралтын өдөр байсныг хэлэх үү хүмүүс олноороо зугаалж харагдсан.
Бид амьхандаа Кремль рүү нь л бага багаар дөхөөд байгаа ухаантай. Гэхдээ Кремлийн оронд стрип-бар олсон. 
Өглөө байсан болохоор стрип-бар мэдээж хаалттай, нээлттэй байсан ч бид орж барилгүй цааш муухай шийдэмгий алхах байсан л даа, яг ингэж:
Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment