14 November 2013

Photoshop

Фото зураг засварлах зөв үү буруу юу? 
Зарим нь засварладаг, зарим нь аливаа зүйл бодитоороо байх ёстой гээд засвар оруулахын эсрэг байр суурьтай байдаг. Жишээ нь Reuters агентлаг фото зурагчин нь бүтээлдээ засвар оруулсныг илрүүлвэл өчиггүй халдаг гэж дуулсан.
Үнэндээ бол фото зурагт ганц зорилго бий: бодит нөхцөл байдлыг тодорхой харуулах. Өөрөөр хэлбэл зурагчин өөрийнхөө санааг хүнд хүргэж буй юм. Тиймээс зорилгодоо хүрч чадсан л бол тэр зураг сайн. Хүн өөр хүнтэй ярихдаа яадаг билээ? Бодлоо цэгцэлж, эмх замбараатай санаагаа илэрхийлэхийг хичээдэг. Түүнээс биш тухайн мөчид толгойд нь байгаа бүхнийг шүүхгүйгээр ар араас нь цувруулчихдаггүй биз дэ? Фото үүний л адил.
Яагаад фото зураг хийхийн өмнө янз бүрийн үйлдэл хийж болоод, харин авсны дараа яг адил үр дүнд хүргэх засвар хийх нь нүгэл юм? Штатив, вспышка ашиглаж, дурангаар татаж болдог. Тэгсэн мөртлөө программд zoom хийж, шуугиан дарж, жаахан гэрэл нэмсэн бол шударга хүн биш хууран мэхлэгч. Угтаа бол ерөөсөө л аппаратын товч дарсны наана болон цаана болж буй үйлдлүүд шүү дэ. Кадрт орсон илүү зүйлийг аппаратаа хөдөлгөж хасч болдог, харин photoshop-д балруудчихвал чи улаан луйварчин. Гоё логик. 
Фотошоп-ыг гагцхүү зөв ашиглах хэрэгтэй. Хөгшинг залуу, муухайг сайхан, эрэгтэйг эмэгтэй болгохдоо утга учир оршихгүй. Байгааг арай дээр болгоход тусалдаг багаж хэрэгсэл гэж хүлээж авах ёстой юм болов уу. Ялимгүй сайжруулах боломжийг ашиглахгүй бол хойлог нэгэн болох байлгүй. 
Бүсгүйчүүдийн косметик - 100%-ийн фотошоп. Сайн ярих юм бол жаахан дээр харагдах гэж хичээсэн болгон адилхан: зочин ирэхийн өмнө гэрээ цэвэрлэх, батгаа шахах, үнэт эдлэл хүзүү гарандаа зүүх, CV бичих, шүднийхээ чулууг түүлгэж өнгөлүүлэх, хүнд анх удаа өөрийгөө танилцуулах, цагаан сар тэр чигээрээ, худал баярхаж согтуудаа айлын хүүхдэд мөнгө цаас тараах - цөм фотошоп гэдгийг ойлго.

No comments:

Post a Comment