03 June 2016

Тахианы сэтгэлгээ

Тахиаг хаана ч ухаантай шувуу гэж үздэггүй юм. Уг нь өндөг, мах г.м. ашиг бий, гэсэн хэдий ч сайн нэртэй болоогүй.
Тахианууд нэг дор олноороо байхаар иерархи тогтоодог гэдэг. Ахлагч нь мэдээж азарган тахиа. Түүний үүрэг - "асуудал" зохицуулах. Гэхдээ азарган тахиа зохицуулалт хийх нэрийн дор ихэвчлэн бүгдийг нь хөөж, талаар нэг тараадаг байна. Хэн нь буруутай, хэн нь гэмгүй будаагаа тоншоод явж байсан - хамаагүй, азаргын тахианы замд таарвал гөвүүлж л орхино. Тахианы нийгэмд шударга ёс гэсэн ойлголт байхгүй. Нэгнийхээ хоолыг булаагаад идчихнэ. Дээрэмдүүлсэн нь болсон үйл явдалд онц ач холбогдол өгөлгүй өөр нэг нөхрөөс хоолыг нь булаана. Ингээд гинжин урвал тасралтгүй үргэлжилнэ. Тэд бие биетэйгээ хүнсээ хуваадаггүй, нэгэндээ тусалдаггүй. Энэ орчинд шударга байх, бие биенээ дэмжих, зовлон жаргалаа хуваалцах гэсэн ойлголт байхгүй. Эдгээр ойлголтгүйгээр тахиа амьдарсаар өдий хүрсэн. Харамсалтай нь хүний нийгэм ч гэсэн эдгээр ойлголтгүй орших боломжтой юм.
Шударга, зарчимч байх шинж чанар хөгжлийн үр дүнд үүссэн. Тиймээс нийгэм ялзралд орвол эдгээр чанарууд эргээд алга болдог. Тухайн нийгэмд юуг үнэ цэнэтэй гэж үзэхээс их зүйл шалтгаална.
Буруу үйлдлийг зөв болгож тайлбарлах амархан. Хог хаялаа - цэвэрлэгчийг ажилтай болгож байна, хэн нэгнийг хэдэн цаасаар мурилаа - туршлага өгч байгаа юм, дараачийн удаа болгоомжтой байх болно г.м. гуйвуулж болдог. 
Манай нийгэмд тахианы сэтгэлгээ давамгайлж эхлээд байнуу да гэсэн сэрэмжлэл байдаг. Соёлтой, зарчимч, энэрэнгүй байх албагүй болчихоод байгаа юм. Хэн нахаал, хүч чадалтай, том артай, эрээ цээргүй загнаж байна - тэр нь хожиж байна. Өнөөгийн нийгмийн чиг хандлага ердөө ийм болсон гэхэд хилсдэхгүй. Бүгд бөглөрөөд хүлээж байхад шугам давж урсгал сөрж давхих нэгэн олдож л байдаг. Борчуул зогсож байг, би мигалкатай, хууль надад үйлчлэхгүй. Эсвэл: бүгд очерлож байхад нэг нөхөр урдуур дайрна, үгүйдээ танилдаа хандаад дараалалд буй хүмүүсийн урдуур үйлчлүүлнэ. Түүний цаг чиний, миний цагаас үнэтэй гэсэн үг үү? Энэ бүхэн нийгмийн ялзарлын илрэл юм.
Уг нь ямар нийгэмд амьдрахаа хүмүүс өөрсдөө л тодорхойлдог. Хуучин соц нийгэм харамсалтай нь өрөөсгөл байсан. Хувь хүн гэдэг ойлголтгүй байлаа шүү дэ. Дараа нь бид нөгөө туйлруу огцом савалсан - нийгэм юу юм, бүх ертөнц чамайг л тойрч эргэх учиртай. Халаас болон ходоодоо дүүргэ! Банкин дахь данс, хадгаламжийн дэвтэр дахь тоо л чухал. Аль том, үнэтэйг нь эдэлж хэрэглэ! Олон хүн энэ зам дээр ухаанаа алдаж хүнээ байсан. Цөөхөн хэсэг нь хүн зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах нь буруу юм байна гэдгийн ухамсарлсан.

1 comment:

  1. тахианий амьдарлыг яасан сайн мэдэж байх юм бэ. Урд насан даа тахиа байсан юм биш үү. Монголын нийгэм яг тийм болоод баяна даа. Сайн хэлсэн байна. Говьсайхан

    ReplyDelete