23 September 2008

Залхаан цээрлүүлэлт

Аль дээрээс хойш нэг мэдээлэл тавих гээд зав болохгүй яваад байлаа. 09 сарын 13-ны хагас сайны өглөө Аэрофлотын онгоцоор ирэх Лебедевийн машины сэлбэг бүхий чемоданыг авахаар 6.15-д УБ-т буух нислэгийг 2-лаа тослоо. Хүнд хэдэн цаас атгуулаад дайчихсан байх гэсэн чинь ачааг карго-д өгсөн нь нисэх буудал дээр очсон хойно тодорсон. МИАТ, Аэрофлотын ачаа хариуцсан ажилтнууд нэг нэгрүүгээ бөмбөгө өшиглөх мэт 2-3 явуулсны дараа карго ор гэж зандарлаа. Тушаалыг биелүүлж ачаа, шуудан үйлчилгээний цогцолборын үүдийг сахиж эхлэв. Цаг 8 дөхөж байв.Энэ газарт хагас сайны өглөө ээлжийн жижүүр, 2 хамгаалагч л байдаг юм билээ. Гаалийн жижүүр гэж нэг хүүхэн агуулахад суух боловч ачааг өгөх эрхгүй, ажилтнуудыг хүлээж тэнд давхар манаач хийдэг шинжтэй (гэхдээ хэдэн үг солих зуур мань хүнээс чухал хүн байхгүй гэлтэй): "Хагас сайн өдөр ер нь бол ажилладаггүй, гэхдээ та 2 туйлын азтай улс байна, өнөөдөр ажиллаж магад" гэсэн үг дуулаад хүлээгээд байлаа. Ачаа аль хэдийн буугаад агуулахад ирсэн, зөөсөн залуу нь шинж тэмдгээрээ таарах чемоданыг байна гэсэн ганц гэгээтэй мэдээ дуулгалаа. Ер нь ийм дамжлага дамжиж карго-гоор ирсэн ачааг авдаг юм байна:Бидэнд одоо гаалийн байцаагч л дутаад байдаг. Цаг 9.30. Лебедевийн тэвчээр алдарч: "Да приходите-же вы суки на работу во-время" г.м. хараал амандаа бувтнаж эхлэв. Гаалийн жижүүр хүүхэнг нэг чухал залуу солилоо. Түүнээс "9 өнгөрчихлөө, ачаагаа авч болох уу?" гэсэн чинь "өнөөдөр хагас сайн өдөр, ажилтнууд 10.30 гээд ирэх байх" гэж авсан. За тэгээд хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. Хийх юм олдохгүй, сүлдээ хөөрч бууж буй онгоцны зураг дарж эхлэх шив дэ.11 өнгөрөөгөөд бүлэг сүрэг улс ирж ачаа олголт эхэлсэн. Тэнд бид 2-оос гадна дахиад 3-4 хүн ачаа авахаар ирсэн байв (арай туршлагатай улс байна билээ, 11 дөхүүлээд ирсэн). Чемоданд сэлбэг байгааг дуулаад татвар авах гэж нэг оролдсоноо, за яахав, 1000$-оос бага өртөгтэй юм байна, хувийн эд хогшил гэж ойлголоо гэж харж үзлээ. Гэхдээ өргөдөл бич, паспортоо хувилж ир гээд 2 давхарлуу цөлөөд амжиж байгаа юм. Хамгийн сүүлд чемоданы боодлыг тайлуулж, доторхийг нь хараад (рентген нь хаачсан юм бол?) ачаагаа ав гэсэн. Цаг 12 болж байв.

No comments:

Post a Comment