30 October 2016

Холимог хуурга

Австралийн холимог хуурга.
Department of Transport and Main Roads. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн нэг нь (Toowong дүүрэгт байрладаг). Авахууштай нь шуурхай үйлчилдэг юм билээ. Өглөө эрт очсон болоод ч тэрүү очер дугаар байгаагүй.
Баримтын ширээ нь. Дебил л биш бол буруу зөрүү бөглөх боломжгүй.
Эндхийн нэг онцлог - усны бодлого. Ундны болон хэрэглээний усны цорго алхам тутам таарна. Манай байрны хана дагуу ийм крант цөөнгүй бий.
Байр бүр гаднаа цорготой, цорго нь үзүүртээ шланг залгах боломжтой (резьба-тай). Паркууд нь крант олонтой, тэрнээс нь цэв хүйтэн ус гоождог. Ундны усаа фтороор ч гэлүү, кальцийгаар ч гэлүү баяжуулдаг гэж байгаа. Усаа эрдэс бодисоор баяжуулж иргэдийнхээ шүдний өвчлөлийг багасгаж байгаа юм л да (яг йоджуулсан давсны ачаар бамбайн эсрэг тэмцдэг шиг). Beach-үүдийн дэргэд хөлөө угаах крант бас зоолттой байдаг. Ахуйн хэрэглээний ус нь гэхдээ үнэтэй талдаа, хүмүүс ус их үрэхгүйг хичээдэг юм билээ. Борооны болон саарал ус их ашиглана. Борооны ус ашигладаг байрнууд андашгүй - гаднаа том гэгч савтай. Энэ тохиолдолд эмэгтэй хүний хөл шиг хэлбэртэй сав зурган дээр бууж:
Дэлгүүрт тэрэг аваад харсан - хэн нэгний жагсаалт бариуланд нь наалдаад үлдэж. Супермаркетын 3 том сүлжээ бий - Coles, Aldi, Woolworths гэж. Ихэвчлэн гурвуулаа зэргэцээд л байрлаж байдаг юм.
Дэлгүүрт дарсан бас нэг зураг. Брисбенд хэн юу өмсөж явах нь хэнд ч хамаагүй. Хөл нүцгэн зугаалах нь энүүхэнд. Унтлагын хувцастайгаа, цээж нүцгэн, гаваа гаргасан өмдтэй, цоорхой оймстой, зах нь сунаад юу нь мэдэгдэхгүй болсон футболкатай нөхдүүд явж л байдаг. Хотын захруу, жаахан хүндэвтэр дүүргүүд рүү бол бүр гоё - хэдэн сар жилээр солиогүй гэмээр юм өмссөн гарууд ч бий. 
Муураа гээсэн тухай зарлал. Энд тэжээвэр амьтаддаа их анхаарна. 2-3 нохойтой айл олон. Дээр бага насны хүүхдээ хаячихаад нохойгоо тэвэрч машин зам гарч буй товарищыг хараад инээд хүрч л байлаа. Хүүхэд нь гол нь жижигхэн, 4-5 настай л гэмээр. Тэгсэн найз хүүхдээ хөтлөхчгүй хаячихаад оосортой явсан нохойгоо тэвэрч аваад гарцаар зүтгэдэг юмдаа.
Паркруу явган болон дугуйтай хүнийг оруулаад, бусад тээврийн хэрэгслийг шүүгээд үлдэх зориулалттай хашлага. Энэ байгууламж олон таардаг. Энгийн бөгөөд өгөөжтэй арга юм гэж дүгнээд байгаа.
Бас нэг таалагдаад байгаа зүйл - барбекю. Паркуудад шарах төхөөрөмж олон. Зайдас, амталсан мах, элэг зэргээ авч очоод хэд л бол хэдэн цаг шарж идэнгээ тэр хавийн саравчийг эзэгнэж болно. Үнэгүй. Фольга, шүршидэг тос, чимхүүр, амтлагч захын дэлгүүрт хямдхан зарагдна. Өчигдөр л гэхэд цуг ажилладаг хэдэн монголтойгоо паркад өнжсөн (энэ гэхдээ өчигдөрийн зураг биш л дэ). Мах нь үнэтэй л болохоос биш амт чанар сайтай, монгол хүн ямартаа ч Австралид махсаж бол үхэхгүй гэж бодож байна.
Дээр алкоголийн тухай хальт дурьдаад өнгөрсөн. Дэлгүүрт цагаан архины үнэ 30-аас эхэлнэ:
Улаан виноны идэвхитэй хэрэглэгч болсон. Оройдоо 1-2 бокал уучихаад унтахад сайхан амардаг. Цуг ажилладаг оросууд "вино дэмий, чи эндхийн сидр (алим исгэж гаргасан барашиг шиг ундаа) авч үзээрэй, давгүй ш дэ" гэж зөвлөөд байсан, туршиж амжаагүй л явна.
Дээр машиныхаа арыг, тодруулбал запас дугуйны хонхорыг ухсан чинь зовлон нилээн үзсэн бейсболын цохиур гарч ирэв. Орост байсан бол муу л зүйл бодохоор. Надад машин зарсан иран нөхөр энд юу хийдэг байсан нь туйлын бүрхэг.
Машины урд дугуйнуудын хээ муу байсан. Цагдаа зогсоохоор хээг нь давхар хараад, муу байвал 130 орчим доллараар торгодог гэсэн. Тэр торгууль ч дүүрч. Хурдны зам дээр дугуй буудвал тоглоомчгүй осолтой. Аюулгүй байдал дээр голоор цохиж болохгүй, тиймээс 2 дугуй авч тавьсан.
Хэдэн афган болон энэтхэг гаруудад орлого оруулсан. Үнэд нь багтаагаад солиод, баланс хийгээд өгчихдөг нь таалагдсан. Нэг афган намайг монгол гэж дуулчихаад "Би бас монгол, хазар монгол" гээд салдаггүй. Сахал үсэндээ баригдсан гарыг ямар юмны монгол гэхэв дэ, моджахед, талиб гэвэл илүү үнэмшилтэй.
Хэдэн өдрийн өмнө жолочийн талын хаалганы бариулаа хуга татаад. e-Bay-гээс авах гэсэн - үнэтэй, нэмэх нь удаан ирэх болчихоод байдаг. Машины задаргаа, устгал хийдэг газруудад байдаг гэж дуулаад явж үзэв. Хүнд газрууд байдаг юм байна - том талбайгаар дүүрэн машины сэг. Хашааны цаана том техник машинуудыг бяцлаад л. Үйлдвэрлэгч үйлдвэрлэгчээрээ тус тусдаа бөөн машинууд. За тэгээд отвертка зэргээр зэвсэглэж аваад, ороод, өөрт юу хэрэгтэйг тайлж аваад, гарахдаа бичүүлдэг юм билээ. Гэвч Camry-гийн бариул байхгүй байв. 2 задаргаагаар орж, 20 орчим Camry нэгжсэн - бүх бариулыг нь тайлаад авчихсан байв. Тэгээд үүдэнд нь 20 доллараар зарж байна лэ, золигнууд да та нарыг, хэ-хэ. Аваад тавьчихсан, тэгэхгүй бол хаалгаа задалж хаяад хэдэн өдөр явсан чинь лайтай юм билээ, цонх ч онгойхгүй. Зогсоолруу ороход болон гарахад тасалбар авна, хийнэ - цонх нээгдэхгүй, бууж таарч байгаа юм чинь. Бусдаас нь өөр никель бариул барьж аваад л угсарч орхисон, хэнд хамаатай юм, олдсон нь энэ хойно.

No comments:

Post a Comment