Monday, October 3, 2016

Эх орончид

Би өөрийгөө тодорхой хэмжээнд эх оронч хүн гэж үздэг. Гэхдээ зарим "эх оронч"-дыг харахлаар өөрийгөө эх оронч гэж нэрлэх сонирхол буурдаг. Юу таалагддаггүй вэ гэвэл:
а. Түүхээ хэтэрхий дөвийлгөж, бүрхэг хуудсуудыг нь чимээгүйхэн орхигдуулах. Түүхээ алтаар бүрээд яахав дэ. Үндэстэн болгонд хар хуудсууд түүхэнд нь байдаг юм. Харин ч алдаагаа дахин давтахгүйн тулд бүх зүйлийг бодитоор нь хойч үедээ хүргэх нь зөв.
б. Монгол хүнийг хэт магтан дуулах. Бараг л нацист гэмээр нийтлэл хаа сайгүй таардаг болж. Хэл, үндэстэн, төрсөн газар, арьсны өнгө, эцэг эхийн шашин шүтлэгэ - энэ бүгд нь цусны бүлэг, төрсөн жил болон орд шиг хүнд нөлөөлөхгүй. Өвөө нь коммунист байлаа гээд ач нь коммунист болохгүй. Хар арьстай болж төрсөн бол сагс тоглох, эсвэл хар тамхи зарж шоронд суух албагүй. Хүнийг өөрөөс нь шалтгаалаагүй шинж чанараар нь (арьсны өнгө, төрсөн газар г.м.) дүгнэх нь ерөөсөө буруу юм. Харин хувийн шинж чанарыг нь (мэдлэг чадвар, хөдөлмөрч эсэх г.м.) нэгд тавих хэрэгтэй.
в. Хятад болон Оросыг муулж АНУ, Европыг хэт магтан дуулах. Мэдээж АНУ болон Баруун Европын улс орнууд Хятад, Оросоос хөгжлөөрөө нэг алхам урд байгаа. Иргэдийг нь массаар нь авч үзвэл ухамсар, төлөвшил нь ч арай ондоо хэмжээнд хүрсэн. Гэвч бид хоёр хөршөөсөө хамааралтай байх нь гарцаагүй үнэн, тийм болохоор хаяагаа хадрах нь ухаалаг бус үйлдэл.
Төгсгөлд нь дүгнэхэд - "Би эх оронч!" гэж цээжээ дэлдэж буй болгон эх оронч байх албагүй. Зарим нь бүр эсрэгээр эх орныхоо нэрийг гутаагчид байж болох. Харин урдах ажлаа сайн хийж буй хүн эх оронч мөн шүү.

1 comment: