25 August 2016

Эхний үйлдлүүд

Өчигдөр гадуур гараагүй. 1-рт бороотой байв, 2-рт ядраад өдрийн хагасыг унтаж орхиж. Хуучны юмгүй болж чаавас. Цагийн зөрүү байхгүй боловч HK-д хар халуунд баахан алхчихсан чинь ядарчээ бас. 24 цагийн дотор нислэгтэй тул ачаагаа аваагүй, гэхдээ гар тээш буюу үүргэвчинд laptop, 2 зургийн аппарат, хэдэн утас цэнэглэгч, чихэвч, зөөврийн HDD-үүд болон бичиг баримт байв. Үүрээд алхахад хөөрхөн хүнд. За тэгээд 30 хол гарсан халуунд 3 хүүхэд дагуулаад тэнэх ч бас л чанга байлаа. Яахав, хоттой бол боломжийн танилцаад амжсан, дараагийн удаа бол мэддэг юм шиг тууна. Хонконгод урд нь ирж байгаагүй л дэ миний хувьд.
Энд 6 гээд таг харанхуй болчих юм. Өвөл нь дуусаад хавар цаг ирж байна. Хэт халахгүй, одоогоор өдөртөө 20 гаруй градустай байгаа нь тааламжтай үе гэнэ. Зундаа заримдаа 40 дөхдөг гэж дуулсан. Ер нь л халдаг юм байх.
Өнөөдрийн хувьд хүүхдүүдээ сургуульд бүртгүүлж, нийтийн тээврийн карт болон утасны дугаартай болж авлаа. 
Мөн хотын төв хэсэгтэй хальт танилцаад амжив. Манайхаас ойрхон юм билээ - автобусаар 4-5 буудал яваад хүрсэн (15 орчим минут зорчивуу да). Автобус тусдаа замаар (шугам биш бүр тусдаа зам байна лэ) явсаар хотын төв орсон. "Машин барьж явахдаа ухантаад Bus only гэсэн замруу нь орчихвол баларах юм байна даа, гарч чадахгүй" гэсэн шүү юм бодож явлаа. Зорчигчид нь буухдаа автобусны жолоочдоо "баярлалаа" гэж хэлдэг нь сонирхолтой. Брисбэний онцлог, Сидней, Мельбурнд ингэдэггүй гэж байгаа. Ихэнх газартай адилхан урд хаалгаар орно, картаа уншуулна. Буухдаа уншуулахаа мартвал их дүн татагдна. Буухын өмнө "Thank you!" гэж урагшаа жолоочид чанга хэлчихээд буух хүн олон. 
Буруу гарын замын хөдөлгөөнтэй. Мөн явган зорчигчид нь зүүн гар талаа барьж хөдөлгөөнд оролцдог юм байна. Эскалатор, шатаар бууж өгсөхдөө хүмүүс нь зүүн тийш шахаастай. Тэгэхэд яг адилхан автозамын зүүн гарын хөдөлгөөнтэй Хонконгод явган зоричигчид нь баруун гар талруугаа шахаж зогсож байсан. Газар газар л өөр байх юм.
Ургамал болон шувуу, амьтан элбэг гэж жигтэй. Гэхдээ зоофил бол найраа байхгүй шоронд орно. Манайд ногоон байгууламж хэрхэн бий болгох вэ гэж толгойгоо гашилгадаг бол энд эсрэгээр ургамал ногоогоо яаж тайрч багасгах вэ гэж зүдэрдэг бололтой юм.
Хүмүүс нь их найрсаг. Огт танихгүй нөхөр "good morning!" гээд мэндэлж байх жишээний. Барууны л соёл хойно нэг л их инээмсэглэсэн гарууд. Тэрийг нь мэдэхгүй хүн "Худлаа жуумалзсан муу золиг, наанаа инээвч цаанаа юу гэж бодож буйг чинь мэднэ шүү!" гэж хардаж сэрдэхээр л найрсаг юм хөөрхий.
Ажлын хувьд хэцүү гэнэ. Мэргэжлээрээ ажиллах магадлал туйлын бага, шулуухан хэлэхэд "0" л гэж байна. Ажил голохгүй хийнэ, хоёрхон жил юм чинь гэсэн бодолтой байгаа.
Үргэлжлэл бий, stay tuned.

1 comment:

  1. Шинэ газар хурдан тохижоод сонин хачин ихээр бичнэ гэж найдаж байгаа шүү. Амжилт!

    ReplyDelete