18 July 2013

Химийн дэвтэр. 7-8 анги

20 жилийн өмнөх дэвтэр. Химийн хичээлд 7, 8 дугаар ангид ганц дэвтэр ашиглаж. Цаасанд хэмнэлтэй гэхээсээ илүү хичээлээ хийдэггүй байсан юм болов уу. Тухайн үед химийн шинжлэх ухаанд тааруу байснаа хүлээн зөвшөөрнөө. Одоо ч дээрдэх зүйлгүй дэ. "Ааш хоёр оо"-тойгоо л хоцорсон хүн. Хүхэрийн хүчил тоглоом биш гэж бас ойлгосон. Энэ дэвтэр одоо зуслан дээр шатаагдсан биз.

9 сард янзын цэвэрхэн бичиж эхлэх нь ойлгомжтой. Хамгийн лут зүүд зүүдэлсэн хүн ер нь Менделеев болов уу. Үелэх систем нь хуудсан дундаас гарч ирэв. 
Спиртэн дэн өнгөөр ялгаж зурахыг бодоход сонирхол буураагүй байсан бололтой. Ямартаа ч гэрийн даалгавар гэж парампуушик (промокашка) ашиглаж бор давснаас цагаан давс гэрийн нөхцөлд гаргаж байснаа санаж байна.
Фотосинтез. Нарыг анхаарна уу. Анхны смайликуудын нэг.
Хичээнгүй бичиж байж шүү. 
Химитэй холбоотой хөгийн түүх санаанд орчихлоо: радио нэвтрүүлэгт ангийнхаа Гантулагын туслахаар би нэг удаа орж билээ. 10 жилийн хүүхдүүдийн дунд явагддаг асуулт хариултын нэвтрүүлэг л дэ. Сургууль сургуулиас ирсэн гайгүй сурлагатай 10 хүүхдээс нэг нь шалгарч дараачийн шатанд оролцох эрхээ авдаг дүрэмтэй. Асуултууд нь янз бүрийн хичээлээр сэдэвлэсэн: тоо, түүх, биологи, газарзүй, хими, физик г.м. Оролцогч хариулж чадахгүй бол нэг асуултанд өөрийн оронд "балиашик"-аа урдаа барьдаг юм. Яг химийн асуултан дээр миний туслалцааг хүсээд, би яахав дэ, нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолж орхисон, ха-ха. Хариулахдаа магний, кальций г.м. янз бүрийн элемент хэлж булзааруулж, яг юу гэж хариулах гээд байгаа нь ойлгогдохгүй юм ярьсаар шүүгчийн дургуйг хүргэсэн юм. Мэдээж тэс хөндлөн зүйл ярьсан болохоор 0 оноо авсан. Дараа нь шугамын радиогоор тэр нэвтрүүлгийг зорин байж сонссон чинь миний жанхуурсан хариултыг сонсогчидын нервийг гамнах үүднээс хэрчиж хассан байлаа. Уучлаарай, Гааний, хэрэв чи үүнийг уншиж байгаа бол, туслах гэж л оролдсон юм шүү, хэ-хэ. За энэ ч яахав, төө хойно, 10 дугаар ангид болсон явдал. Дараачийн шатанд шалгарч чадаагүй Гантулагыг Дашка бид хоёр нэвтрүүлэг тарсны дараа аргадаж, химийн асуултанд бүдэрсэн болохоор Менделеевийн бүтээлийг жаахан балгуулчихсан чинь жигтэй урам зориг ороод гэрлүүгээ явж билээ.
Дэвтэр дан цэвэр байна гэж юу байхав. Тэр толбо - Дашкагийн бүтээл. Ийм заваан зүйл бид хоёроос өөр хүүхэд ангид хийхгүй. Би өөрийн дэвтрийг бузарлахгүй нь ойлгомжтой, тиймээс Дашравдангаас гарцаагүй. Уудаг цаас зажилж зажилж ширээн дээр нулимж гаргаад, үзэгний үзүүрээр түүнд чернил сайн гэгч уусгадаг юм. Бэлэн болохлоор нь хэн нэгний ном юм уу дэвтрэн дээр нь хаяна, хуудсан дунд нь хавчуулна. Энэ харин ч гайгүй өнгөрч, хавчуулаад мэдэхгүй удаавал хэдэн худаас нэвт заваартаж, том толбо хоцордог юм.
Нэг мэдэхэд 4-р улирал. Цэвэрхэн гэж хэлэхэд бэрх болж.
Сүүлийн хэдэн хичээлийг бол ерөөсөө сараачаад дуусгаж.
Залгуулаад 8-р анги. Эхнээсээ л хичээгээгүй нь илэрхий. 4 хичээл 2 нүүрэнд багтаж байх шиг.
Ажиглаад байхад химийн хичээл дээр поля ч татдаггүй байж дэ. Бичгийн хэв - аймшиг.
Цаашлах тусам - аюул. Бүр харандаанд орж.
Багш хөөрхий нүдээ аниад л 4 тавьдаг байсан юм болов уу.

2 comments:

  1. admintai ni holboo barih heregtei bn

    ReplyDelete
  2. 91232480 холбогдоорой Admin ganzorig юм асуух гэсиймаа хө

    ReplyDelete