2007 онд лав байгаагүй Аэроэкспресс нэртэй шинэ галт тэрэг Шереметьево-гоос Белорусский вокзал хүртэл явдаг болж. 06:30-ийн галт тэргэнд суугаад 07:00 өнгөрөөгөөд Белорусский вокзал дээр бууцгаасан. Энэ вокзалаас Минск, Варшава, Берлиний чиглэлд галт тэрэгнүүд явдаг тул билетийн кассаар нь орсон боловч 2-3 өдрийн билет урьдчилан зарагдаад дууссан байв. Элчинд таньдаг хүн байсан болохоор элчингээ бараадах нь зөв гэсэн бодолтой метрогоор Смоленская буудал хүрсэн. Элчингийн байрыг олох гэж бас хөөрхөн будилаад авав. Арга ч үгүй л дэ, 2005 оноос хойш очоогүй юм чинь. Уг нь онгоц буудал дээр байхдаа yandex map-аас байршилын зургийг нь олоод фотоаппарат дээр хадгалсан байсан. 8 цаг өнгөрч байхад элчинд ирж таньдаг айлдаа зочилсон. Москвагийн авто болон төмөр замын вокзал, улс хоорондын тээврийн компаниудруу утасдаж газраар дөхөх арга хайсан боловч байрнаасаа ховхорох магадлал багассаар байв. Питер орж усан онгоцонд суух хувилбарыг ер авч хэлэлцээгүй. Газраар дөхөх тохиолдолд Белорусиар хүссэн хүсээгүй дайрна. Транзитаар зорчиж буй монголчуудад белорусийн виз авах шаардлага байхгүй. Монголд амьдардаг бол ямар ч асуудалгүй. Белорусский вокзал-аар дахин нэг шагайж ч үзлээ - шагийн билет олдох ч юм билүү, нэмэлт галт тэрэг гаргасан ч байж болох талтай, автовокзал хаана байрладаг юм бол г.м. зүйлийг лавлахаар. Гэрэл гэгээтэй мэдээ байхгүй хэвээр. Үдээс хойш зочид буудал бараадах шаардлага гарч эхлэв. Цөөнгүй удаа бууж байсан Измайловод байрлахаар утсаар ярьж өрөөнүүдээ захиалчихаад элчингийн унаагаар хүргүүлэв. Тэгээд унаагаа буцаачихаад ресепшн дээр нь бүртгэлээ хийлгэсэн чинь 2 хүнийг маань бүртгэхгүй, буудалд оруулахгүй гэдэг байгаа. Нөгөө нэг новшийн миграционная карта гэдэг алгын чинээ цаас байхгүй гэсэн шалтгаанаар. Ахлах ажилтантай нь уулзав. Ааштай авгай гарч ирээд бид цаанаасаа ийм тушаалтай, ямар ч арга байхгүй хэмээн бахархалтай нь аргагүй мэдэгдэв. Мөн 3 хүн нь буудалд бууна биз, нөгөө 2 нь Шереметьево буцаж очоод баримтаа нөхөж ав, эсвэл ондоо буудал хайхгүй юу гэж тавладаг байгаа. Биднээс утсаар захиалга авсан хүүхэнд үнэн учраа тайлбарлаад, ямарч л байсан биднийг аргалаад оруулах арга зам бодож олооч гэв. Хамгаалалтын ажилтанд 2000 руб. өгөөд 2 хүндээ түр пропуск авчих, бичиг баримт бүрэн нь тус бүр нэг, нийлээд 3 өрөө нэр дээрээ авах хэрэгтэй гэж зөвлөсөн. Маргааш хамгаалагч солигдохоор дахиад л пропуск мөнгөөр бичүүлэхээр болж байгаа юм л да. Наймалцаж байж 2 хүнээ ганц мянган рубль-ээр түр пропусктой болгож, өрөөнүүддээ нэг юм оров. Маргааш нь виз дуусаж байдаг, нөгөө 2-ынхоо баримтыг бас нөхөж олох хэрэг байдаг.
Измайлово яг хэвэндээ, сүүлийн 3 жилд өөрчлөгдсөн зүйл ер алга. Харин үнэгүй wi-fi бүх өрөөнүүдэд нь оруулж. Ер нь Москва-д free wi-fi хаа сайгүй байдаг болж. Starbucks. McDonalds г.м. сүлжээ газруудад бол бүр ч элбэг. Явж байгаад л Wi-Fi гэсэн бичигтэй кафе таарангуут ороод mail-ээ утсаараа шалгачих жишээний.
1. Газрын зураг дээрх улаан цэг - Монголын элчин. Метроноос гарч ирэнгүүтээ нэг баагийгаас шинэ Арбатын гудамжны чигийг асуусан чинь мэддэггүйгээ мэддэггүй гар таараад эсрэг зүгт биднийг алхуулчихсан. 2. F терминал (хуучнаар Шереметьево-2). Доор нь буй бичиг - Счастливого пути! Хамгаалагч залуу биднийг үүдэнд нь хүргэж өгөлгүй барааг нь харагдуулаад орхисон. Шөнийн 3 цагийн үед алхаад очиж буй нь энэ.
3. Аэроэкспресс галт тэрэгний дотор тал. Сайн ажиглавал блог хөтлөгчийн гэгээн төрх шилэнд хальт ойж.4. Белорусский вокзал. Өргөтгөл нь өглөөний 7 цагийн үед.5. Новый Арбат.6. Московский метрополитен. Эскалаторууд.7. Измайлово зочид буудлын үүдэнд бууж буй байдал.8. Номерийн цонхоор шагайвал:
29 April 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
aimshigtai aylal bolson shinjtei baina daa. daraagiin udaa beijingeer dairch nis dee. :)
ReplyDeleteАрай гэж явахад нь галт уул дэлбэрч байдаг хммм
ReplyDelete