16 April 2018

Соёлын тухай

Бидэнд соёл дутаж байгаа нь ажиглагддаг. Наад захын, энгийн харьцааны, ахуйн соёл үгүйлэгдэж байна. Харамсалтай нь соёлыг "их хэмжээнээр хурдан шуурхай үйлдвэрлэх" боломжгүй. Соёлжих нь удаан явагддаг процесс юм. Яаж ч хүссэн хүүхэд шууд төрдөггүй 9 сар тээгдэх л болно. Үүний адил хүссэн ч хүсээгүй ч нийгэм соёлтой боловсон болохыг харахын тулд хүлээх, гар бие оролцох хэрэгтэй. Соёлгүйтлийн учир шалтгаан нь бид хүүхэд залуучууддаа анхаарал халамж бага тавьж байгаагаас үүдэлтэй болов уу гэж бодогддог.  
Багагүй хугацаа өнгөрч байж "Бид хойч үедээ юу үлдээх вэ, ямар улс орон өвлүүлэх юм" гэдгийг монголчууд ухамсарлаж эхлэх юм шиг. Хүмүүс бие биентэйгээ боловсон харьцаж, хүндэтгэж, байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг цаг төдийлөн хурдан ирэхгүй ч зөв чиглэлд хөдөлгөөн бол хийгдээд эхэлсэн гэж харж байгаа. Нөхцөл байдал бага багаар сайжирч буй нь ажиглагддаг.
Цонхны доор сигналдах, гарц хааж машинаа үлдээх, хогоо орцондоо хаях - бүгд соёлын, ухамсарын дутагдлынх шүү дэ. Хүн шууд ухаалаг, соёлтой амьтан болоод төрчихгүй. Амьдарч буй орчин нь, тухайн цаг үе нь хүнийг төлөвшүүлдэг. Нөгөө талаас - нийгэм яаж ч соёлжсон, хөгжсөн бай түүнд "эмзэг бүлэг" байж л байдаг. Энд олонх нь ямар байна гэдэг нь чухал, яг цэцэрлэгт хүрээлэн шиг - ихэнх мод цэцэг нь асаргаатай бол багахан хэмжээний үзэмж муу ургамал масс дунд анзаарагдахгүй. Харин дийлэнх нь хогийн ургамал болоод ирвэл тэрхүү газар цэцэрлэгт хүрээлэн ерөөсөө биш.

No comments:

Post a Comment