27 June 2021

Meow

UPD 2021.06.27 17:36
Нямхүү шувуу барих ородлого байнга гаргадаг. Зуслан дээр шаазгай болон улаан хошуут л ойр бий, тэдгээр нь энэнд баригдна ч гэж юу байхав. Ахиц дэвшил гэвэл шонгоос өөрөө буудаг болсон, орой хүртэл нь авирхаа мөн больсон.
Хэдэн өдрийн өмнө улаан хошуутууд тонших гээд дээгүүр нь эргэлдээд байсан, бодвол өндөг юмуу ангайхаг нь идээ биз муу золиг. Ер нь хөдөлгөөнтэй юм болгоныг л идэх юм байна шүү дэ. Одоо тэмээлзгэнэ, эрвээхэй, хар хорхой г.м. шавьж зооглоод л явж байгаа. Өмнөх пост-д хулганаас юуч үлдээлгүй идэж байна гэсэн, андуурсан байна лэ шүү, гэдэс доторыг нь үлдээдэг юм билээ. 
Эвхдэг ор гадаа дэлгэсэн, өөрт олдохоо байсан. Нил үс ноос болгоод ингээд хэвтэж байдаг, хөөгөөд ч явахгүй.

UPD 2021.04.25 20:43
Муур дэлгүүрээс авсан зориулалтын хуурай хоолыг төдийлөн тоодоггүй юм билээ. Жаахан идэж байгаад больчихсон. Цэлцэгнүүр (желе) хэлбэртэйг нь илүү сайн идэж байсан.
Мөн тоглоом авч өгсөн хэдийч нэгнийх нь утсыг хөвж тоглосныг эс тооцвол онц сонирхоогүй.
Муур бол цэвэр махчин амьтан. Бүр улаан махчин. Түүхий маханд хамгийн дуртай. Энэ эгдүүтэй дүр төрх хуурамч шүү.
Тоглоом, хоол - бүгдийг нь хулгана хамгийн сайн орлодог юм байна. Шууд идчэхгүй хулганыг үнэндээ л үйл тамыг нь цайлгадаг, харахаас нүд хальтирам. Зураг дээр хулгана харагдаж байна уу? 
Чи амьтан зовоолгүй идчихээч гэдэг юм. Цатгалан үедээ амьдаар нь сарвуугаараа дараад унтаж байдаг, үнэн баавартай. Тэгж тэгж толгойноос нь эхлээд шажигнатал зажилчихна, хэдхэн секундэд хулганаас юуч үлддэггүй.

UPD 2021.04.01 16:33
Өнгөрсөн 5 дахь өдөр ажил тарах гэж байхад хүүхдээс мессеж ирэв.
Гэрээр орчихоод 7 өнгөрөөгөөд зусланд очсон. Сайхан зүйл хийцэн юм шиг шонгийн орой дээр сууж л байв нөгөөх чинь.
Аль зэрэг удаж байгаа юм гэж асуув. Гурван цаг бараг болсоон л гэнэ. Туршлагатай болсон байсан болохоор гялс уургалаад буулгаад ирсэн.
Дахиж дээш авирах юм бол өөрөө буугаарай, би лав хотоос давхиж ирж чамайг буулгахгүй шүү л гэлээ. Ойлгосон байхаа.

UPD 2021.03.21 19:02
Өглөө сэрсэн - муур шонгийн модны орой дээр гарчихсан тусламж эрээд орилж байв. 
Ажилгүйд ажил удсан хаашаа янзын золиг вэ гэсээр аврах ажиллагааг эхлүүлэв. Машинаа шонгийн доор зогсоогоод ачаан дээр гараад банз налуулсан боловч муур бууж ирсэнгүй.
Дуудаад, хоолоор даллаад нэмэргүй. Айсан муур хөдөлдөггүй юм билээ.
Тэгэхлээр нь урт модны үзүүрт олс уяж уурга шиг зүйл хийгээд хүзүүгээр нь оруулж байгаад эрчилж эрчилж чангарангуут угзраад буулгачихсан. Муур бүрэн бүтэн, миний л өглөөний цай нэг цагаар хойшилсон.

2021.02.10 16:53
Зуслан дээр нэг ийм нөхөр манайхаас салахаа байсан. Өдөрт хэдэнч удаа сүү ууж зайдас хиам зөөлгүүлж иддэг юм бүү мэд. Нямхүү (үгийн үндэс ням-ням) гэдэг юм, ккк.

No comments:

Post a Comment