05 January 2021

Хатуу vs Зөөлөн

Хөл хорио, хязгаарлалт бидэнд олон зүйлийг ойлгуулж байна. Наад захын жишээ - алкоголь.
Хатуу, градус өндөртэй согтууруулах ундаагүй хүмүүс зүв зүгээр л байна, үхсэн хүн алга. Дэлхий дахинд градус өндөртэй сархад дандаа үнэ өртөг өндөр байдаг, хэрэглэхдээ заавал шингэлдэг. Градусыг нь бууруулдаг гэсэн үг. Манайд болохоор 100 гр даруулгагүй татдаг, шил архи хамгийн хямд худалдаалагддаг. Буруу л да энэ. Бид иргэдээ эрүүл саруул байлгая гэж бодож байгаа бол градус өндөр сархадын үнийг нэмэх, тамхины онцгой татварыг шат дараатай нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог. Бага градустай алкоголь хэрэглээд хүн согтоод, шогтоод, хэрэгт холбогдтол өдий. Харин ухаанаа алдтал архи уусан хүнээс ямар авир гарахыг таамаглахад бэрх. 
Ажиглаад байхад хөгжилтэй улсуудад мансууруулах бодисын зөөлөнг нь зөвшөөрөөд, хатууг нь хязгаарлах эсвэл эрүүл мэнд, сэтгэцэд нөлөөтэй бол тас хориглож байна. Хар тамхины хувьд нөхцөл байдал яг адилхан. Өвсийг албан ёсоор олон улс оронд зөвшөөрсөн байгаа. Лигалайз хий гэж уриалан дуудаж байгаа юм биш, гэхдээ өвс татах болон мөс, эсвэр героин хэрэглэх чинь архи уух, пиво уух хоёр ялгаатай шиг ялгаатай зүйлс. Психотроп, химийн урвалаар гаргаж ирсэн бодисуудыг тас хориглосон хэвээрээ байх хэрэгтэй. Хор байгаа юм. Харин өвс буюу марихуанаг бид маргааш биш юмаа гэхэд олоон жилийн дараа эргэж харах л байх. Архи хэтрүүлэн хэрэглэсэн хүн хутга бариад босоод ирдэг, харин өвс татсан хүн хүчирхийлэл үйлдэх нь бага шүү дэ. Яг өнөөдөр бол нийгэм маань ч бэлтгэгдээгүй, хууль дүрэм ч алга. Тиймээс хүүхдүүдийн хүүхдүүд маань хатууг хориглосон, зөөлөнг нь тодорхой хэмжээнд зөвшөөрсөн нийгэмд амьдрахыг үгүйсгэхгүй.

No comments:

Post a Comment