03 October 2019

ШУГТЭ

7-р сард тус эмнэлэг дээр хэдэн өдрийг өнгөрүүлсэн. Манай улсын эрүүл мэндийн системийн тогтолцоо буруугаас уу өөр учир шалтгаанаас уу - улсын хэдэн том эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй үнэндээ л цэвэр эмч ажилчдын хичээл зүтгэлээр ажил нь явж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллана гэдэг бахархууштай. Би хувьдаа 3-р эмнэлгийн эмч сувилагч нарын ур чадварыг өндрөөр үнэлсэн. 
Дутагдал нь: Эмнэлэг өвчтөнүүдэд л анхаардаг. Өвчтөний ар гэр үндсэндээ коридорт амьдардаг гаж тогтолцоо байдгийг мэдэж авсан.
Дээрх зөвлөмжийн ихэнх заалт зөрчигддөг. Нэг эмчлүүлэгчийн ар гэрээс хамгийн багадаа 2 хүн байдаг, 10 гаран хүн ирсэн байхыг ч харсан. Хоол ундыг хязгаарлах ямарч боломжгүй - хүмүүс шатан дээр, коридорт халуун савтай хоол цай идэж уугаад л суудаг. Эвхдэг сандал, гудас хөнжилтэй ирсэн ар гэрийнхэн ч цөөнгүй. Тамхи бол татахгүй ээ хаа очиж. 
Халаасны хулгай замбараагүй их юм шиг байгаа юм, анхааруулга алхам тутам таарна.
Мэдээлэл хүргэлт бас сайнгүй талдаа. Иймэрхүү самбараас л жаахан юм мэдэж авахаас бус жишээ нь эмнэлгийн сайтаас бол хэрэгтэй мэдээлэл олдохгүй. 
Мэдээллийн чухал эх сурвалж - тэнд хүнээ сахиж буй ар гэрийнхэн. Хоорондоо мэдээлэл солилцсоноор ихийг мэдэж авдаг юм билээ. Өвчтөн хагалгааны дараа сэхээнд байхад хамгийн хэцүү - ямарч сураг байхгүй. Сувилагчаас асууна - хэвэндээ гэсэн ганц хариулт хэлнэ. Дотогш  оруулахгүй. Ар гэрээс нэг хүн ойрхон байх ёстой гэж шаарддаг: 1-рт эм тарианд гүйнэ, 2-рт өвчтөний биеийн байдал муудаж магад. Тиймээс цонхны дэргэд шатан дээр суугаад хүлээхээс өөр зам байхгүй.
Эм тариаг ээлж солигдох болгонд авчруулдаг. Бөөнөөр нь аваад өгье гэхэд авахгүй, зөвхөн тухайн өдрийн хэрэглээнийхийг л авна. Хэл ам гардаг биз бодвол. Шатан дээр сууж байгаа зовлон нэгт хүмүүст утасныхаа дугаарыг үлдээгээд ойр зуур гарч болдог, тэрний ар гэр гэж дуудвал залгаарай гэж захиад. Зовлон хүмүүсийг ойртуулдаг гэж үнэн шүү: шатан дээр хүмүүс зовлонгоо хувааж яриад, цайгаа хувааж уугаад сууцгаадаг. 
Эмнэлэг интернэтгүй. 1-р давхарт free wi-fi байсан хэдий ч ажиллагаагүй юм билээ. Интернэт ч яахав, эмнэлэг хангах албатай ч биш, дата худалдаж авах боломж нь нээлттэй байхад. Гол асуудал - цахилгаан. Утас цэнэглэчих ганц ч залгуур public area-д байхгүй. Хайгаад хайгаад олохгүй. Уг нь байсан юм билээ, тэгээд бүгдийг нь сугалаад нүхийг нь замаскадаад будчихсан. Бодвол галын аюулгүй байдлаа хангах гэж тэр биз. Powerbank л аминд орж байлаа. Зарим хүмүүс цайны газар, аптекийн ажилтнуудад 1-2 мянган төгрөг өгөөд утсаа цэнэглүүлж байсан.
Нэг давхарт олон тооны ATM бий. Windows үйлдлийн системтэйг нь мэдсэн. Бас хульхины ундаа зардаг автомат бий, нэг шөнө 1500 төг залгиулаад ундаагаа авч чадаагүй.
Төлбөр тооцоо бүрэн шилэн болж. Хагалгаанд орлоо - ашигласан материал нь бар кодтойгоо ар гэрийхний гар дээр ирнэ. Тооцооны хуудас нь тусдаа, бүх зүйл ойлгомжтой.

1 comment:

  1. Ger buliinhend chin eruul enh huseye - sending you good vibes my friend.

    ReplyDelete