27 March 2018

Гал түймрийн аюул

Сая хойд хөршийн Кемеровод худалдааны төв шатаж 64 хүн амиа алдсанаас 41 нь хүүхэд байв. Энэ бол эмгэнэл. Бүтэн сайн өдөр байсан, гал гарч эхэлсэн 4-р давхарт тоглоомын төв, кинотеатр байрлаж таарч. Хэдэн жилийн өмнө Перьм хотын шөнийн цэнгээний газарт түймэр гарч 156 хүн шатаж ба угаартаж үхсэн. Ийм золгүй явдал олон. Энэ бүхний цаана ганц л асуудал байгаа юм - хариуцлага. Жишээ нь: галын байцаагч зөрчлийг олж харсан боловч дугтуйтай мөнгө аваад нуун дарагдуулсан. Хөрөнгийн эзэн аюулгүйн гарц, галын дохиолол, гал унтраах системд нарийлсан. Хамгаалалтын ажилтан гал гарсан үед сандарч ямарч арга хэмжээ аваагүй г.м. үйлдлүүд нэмэгдсээр нэмэгдсээр аймшигтай үр дагаварт хүргэж байгаа юм. 
Манайд одоогоор ой хээрийн болон орон байрны түймэр л гараад байгаа. Олон хавар нэгэндээ, том байшин барилгад түймэр гарч баллах вий гэж эмээж явдаг. Хэдийгээр Онцгой байдлынхныг хүндэлдэг ч гэлээ галын аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал зохих түвшинд байгаа эсэхэд би хувьдаа эрэгэлздэг. Гэр хороололд байшин шатлаа - галын машин орох боломжгүй гудамж угтдаг. Тэнд нь хүн угаартаад үхдэг - хэнч хариуцлага хүлээдэггүй.
Харьцуулж үзье л дэ эндхийн нөхцөл байдалтай. Шинээр барьж буй барилга болгон нь гал унтраах системтэй, аваарын гарцтай, галын хор, аврах гарцын план хаа сайгүй. Fire inspection-д барилгын сайт менежерүүд маш өндөр ач холбогдол өгдөг, давлаа гээд бүр баярладаг. Тэрч байтугай энгийн оршин суугчдыг байнга шалгаж сургадаг. Гал унтаах систем байхгүй бол галын дохио байр болгонд бий (золиг нь бууз жигнэж гаргаад доор нь тавагтай тавихлаар орилоод эхэлдэг). Болоогүй, тэр дохиогоо хэдэн сар тутамд графикийн дагуу шалгана (салгаад тавьчихсан бол торгуультай). 
Саяхан байрны доор галын сургалттай гэсэн зар хадагдсан байв:
4 өнгөрч байхад нэг нөхөр хаалга тогшоод бүх оршин суугчид гадаа гарна уу гэв. За тэгээд гал гарвал яахав ийхэв, нэгэнт түймэр дэгдсэн бол ямар арга хэмжээ авах вэ (жишээ нь хөнжил усанд норгож нөмөрч гарах) г.м. 20 минут хичээл заав. Орчин үеийн гал унтраах систем усыг тоосонцор шиг шүршээд өрөөн дахь галыг унтраахад тавхан литр ус шаардагддаг гэнэ. Доод айл ч усанд автахгүй гэсэн үг.
Гай хэлж ирэхгүй, тиймээс урьдчилан сэргийлж л байх хэрэгтэй. Гал, ус, нохой гуравт ам гарч болдоггүй юм гэж үнэн шүү.

No comments:

Post a Comment