26 January 2014

Монголчуудын тухай бодол

Монголчуудаа гэж...
Хэдэн мянган жилийн турш монголчуудын амьдрал ямарч өөрчлөлтгүй, нэгэн хэвийн байсан. Юу ч хийж бүтээдэггүй, малаа маллачихаад л, өөр хоорондоо отог аймгаараа дайтчихаад л, зэргэлдээх суурин улсыг уулгалан довтолчихоод л сууж байсан нөхөд. Тэмүүжин нэртэй залууд ийм утга учиргүй, жалга довоосоо гардаггүй нөхцөл байдал таалагдсангүй. Тэрбээр өөрчлөлт шинэчлэл авчирсан. Надаар тайлбарлалтгүй цааших түүхийг уншигчид мэдэх биз.
Товчхондоо, монголчууд тухайн үедээ байж болох дээд цэгт тултал хүчирхэгжсэн. За тэгээд эргээд уруудсан да. Өөр хоорондоо алалцсан, шарын шашинд орсон, манжийн дарлалд 200 жилийг өнгөрөөсөн, Зөвлөлтийн дагуулаар 70 жилийг барсан г.м. бүтэхгүй үйл явдлууд бидний түүхэнд бий. Тусгаар тогтнол, алгын чинээ газартайгаа үлдсэн минь яамай да. Өнөөгийн Түвд шиг болохгүйн баталгааг XX зууны эхэнд хэнч өгч чадахааргүй л байсан.
Одоо бол хусамаа голсон хүүхэд шиг хошуугаа унжуулж суух биш харин жаахан бөндгөрөө ажиллуулах хэрэгтэй гэж бодож байна. Монголчууд монголчуудынхаа тухай бичихлээр магтаал нь их байдаг. Бид чадна, бид хийнэ, бид Чингисийн үр удам г.м. Миний хувьд байгаа зүйлийг байгаагаар нь дүрсэлдэг. Ер монголчууд магтаалд дуртай нь ажиглагддаг. Уншигч нь ч мөн адилхан монгол болохоор тийм магтаал унших дуртай. Нээрээ л бид чинь хамгийн сайн нь, одоо л бид хөгжиж эхэлж байна, сүүлийн хэдхэн жилд ямар хурдацтай хөгжив дө гэсэн бодол толгойд нь орж ирнэ. Ерөөсөө л гэнэт бүх зүйл өөрчлөгдчих юм шиг. Үгүй дэ найзууд минь. Яахаараа хэдэн зуун жилийн турш новшийн байсан нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөх ёстой гэж?
Бидний өөрчлөлт гэж нэрлээд байгаа зүйл үнэндээ бодит өөрчлөлт биш. Аливаа зүйлийн нэр нь л өөрчлөгддөг юм. Хаант засаг ардынх болсон, социализм капитализмаар солигдсон, алтан ураг байсан бол ноёд, тайж нар болоод, соц үед намын төв хороо байсан бол өдгөө УИХ гэдэг лут зүйл болж хувирсан. Түшмэдүүд төрийн албан хаагч нар болж. 
Төрийн албыг өнөөдөр интернэтэд залхуураагүй болгон нь есөн шидээр дуудаж, халж сэлгэх нь зөв гэж байна. Бүгдийг нь тараасан ч байдал дээрдэхгүй. Яагаад? Яагаад гэвэл асуудлын цөм монгол хүнд агуулагдаж байгаа юм. Төрийн ямар нэг албыг үгүй хийхэд эргээд л ондоо нэг нэрийн дор нөгөө л адилхан үзэл бодолтой, хувилсан мэт сэтгэхүйтэй хүмүүс цуглана. Сүүлийн 20 гаруй жилийн турш яам, агентлагуудыг яаж л татан буулгаж, нийлүүлж, шинээр байгуулсан ч дорвитой өөрчлөлт байхгүй байгаа биз дэ? Нэмэгдэхүүний ч бай, үржигдэхүүний ч бай, байрыг нь өөрчлөхөд нийлбэр нь өөрчлөгдөхгүй ээ гэж...
Дахиад хэлье (жаахан хойлогдуу нь ойлгоогүй байж мэднэ) - гол асуудал монгол хүнд байна. Монгол хүнд илүү дутуу зүйл нээх их шаардлагагүй. Тэр эсэн мэнд төрөөд амьд арзайж, мэнд мэлтийж байгаадаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаг. Алаад идчих хэдэн мал гэрийнх нь гадаа байвал сэтгэл нь бүр ч амар амгалан. Тэрбээр ямарваа нэг зүйлийг хийж бүтээж болохын тухай бодохыг ч хүсэхгүй. Яах юм? Болж л байна ш дэ. Идэвхигүй, залхуу байдал түүний цусанд бий (монгол л болсон хойно минийхэд ч бий гэдгийг би хүлээн зөвшөөрнө). Асуулт: яагаад бүгд зүгээр л цаг өнгөрөөх маягаар бөгсөө ээж сууцгаана вэ (бүгд гэдэгт та ч орж буйг анхааралдаа аваарай)? Хариулт: "Болж байхад лай биздээ 3,14z".
Маш цөөн тооны арай ондоо сэтгэлгээтэй хүмүүс бий нь бий. Тэд юу хүсч буйгаа мэддэг, тодорхой зорилготой нөхдүүд. Гэвч энд ч гэсэн нэг "нофщийн" үзэгдэл бий - арай дөмөгхөн гэж үзэж болох тэдгээр нөхдүүд зөвхөн өөрсдийнхөө л тухай боддог. ө.х. бусад нь үхнэ үү, сэхнэ үү - падлий. Ерөөсөө л хар амиа хичээгчид. Үр дүнд нь: нэг толгой нь сайн ажилладаг монгол хүн өөрийн болон дахиад 100 хүний амьдралыг сайжруулахын оронд өөрийнхөө амьдралыг 100 дахин сайжруулаад, үлдсэн 100-г үнсэнд хаясан шалз мэт орхидог. Үнэн үү? Яалт ч үгүй үнэн гэж би бодож байна. 
Бас нэг гоё үзэгдэл - монголчууд монголчууддаа дургуй. Жишээ нь: Берлинд дээхэн үед улаан цайм тааралдчихаад бие биеэ хараагүй мэт зөрдөг байсан гэж байгаа манайхан. Яагаад ч юм англи хүнийг оронд нь тавиад төсөөлөх гэхээр хүндтэлтэй байгаа биз? За хазайгаад яахав, үндсэн сэдэвтээ эргээд орцгооё.
Арабуудад барууныхан төдийлөн тааламжтай ханддаггүй. Гэхдээ зарим улсыг нь авч үзвэл ядаж л байгалийн баялгаа нийт иргэддээ шударга хуваарилж чадсан байдаг. Энгийн иргэд нь бодитоор ашиг хүртсэн, амьдрал нь дээшилсэн. Зөвхөн хэдэн шейх нь биш гэдгийн анхааралдаа ав. Наад зах нь шударга хуваарилалт хийж чадаж байна гэдэг бидний хувьд суралцах л зүйл. Монгол эрх мэдэлтний өнцгөөс харах юм бол: хойлог арабууд сайхан цавчааг алдчихсан байгаа юм. Шударга хуваарилалт гэсэн үр дүн нь бүгдэд таалагдаж буй боловч тэрхүү үр дүнд хүрэх процесс нь хэрэгжүүлэгчидэд нь таалагдахгүй байгаа цагт яагаад ч зорилгот цэгт хүрэхгүй.
Хүн бол баялаг юм гэдгийг ойлгох цаг ирсэн. Өөрсдөө л өөрчлөгдөхгүй юм бол бүх зүйл цааш яг энэ чигээрээ л байх болно. Хөгжөөд ч байгаа юм шиг, ухраад ч байгаа юм шиг. Нэг өглөө сэрнэ - байгалийн ямарч баялаггүй, нутаг ус нь сүйрсэн, бөөн гадаад өр, өөрсдөө хийж бүтээдэг зүйл байхгүй. Ямарч бөө, лам, төр засаг, бурхан, гадаад улс, зээл тусламж бидэнд бодитоор тусалж чадахгүй. Өөрсдийгөө буюу сэтгэхүйгээ, үзэл бодлоо цэгцэлж чадвал энэ нь жинхэнэ өөрчлөлт байх болно гэж бодож байна.

3 comments:

  1. Bichsen zuil chin taalagdlaa. Like gesen yum baihgui uchir commentoor helj bna da :)

    ReplyDelete
  2. Сайхан шинэлсэн үү Ганзо ах, таны үзэл бодлыг ер нь мэддэг, дэмждэг, тийм болохоороо ч блог-г чинь уншдаг. Энд нэгтгэсэн болохоос нийтлэл болгонд чинь агуулагдаж санаанууд байна :), за амжилт

    ReplyDelete
    Replies
    1. сайхан шинэлсэн. баярлалаа

      Delete