06 October 2017

Концерт на заводе


Under Pressure/Let It Go Smoosh-Up - Queen & Disney's Frozen


Голландын ХАА

Нидерланд хөдөө аж ахуй, мал үржлийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх тал дээрээ дэлхийд дээгүүр, бараг нэгд бичигддэг гэхэд болно. Хүнсний бүтээгдэхүүний экспортоор урд нь ганц АНУ ордог. 270 дахин том газар нутагтай АНУ. Төмс, сонгино, улаан лоолийн экспортоор голландчууд тэргүүлдэг. Ургамлын үрийн худалдааны 1/3 гаруйг мөн голландчууд хийдэг. National Geographic-аас авсан хэдэн зураг оруулав:

Дулааны тохируулгатай (климат-контроль) хүлэмжүүдээс жилийн турш ургац хураах боломжтой.
Вэстлэндэд газар тариалангийн талбайн 80%-ийг нь хүлэмжүүд эзэлдэг.
Гаага. Загас үржүүлгийн болон ногооны ферм барилгын дээвэр дээр байрлаж байна. Загасны үйлдвэрээс гарсан хаягдлууд эндээ шууд бордоо болж ашиглагддаг.
Ус, эрдэс бодисын хэмжээг нарийн тохируулснаар төмсний аж ахуйнууд ердийнхээс хоёр дахин их ургац хураадаг байна.

04 October 2017

Аюулгүйн тойрог

Австралийн бусад хотуудыг хэлж мэдэхгүй, явж үзсэн биш, Брисбэнд бол аюулгүйн тойрог их. Том бага, 1 эгнээтэйгээс эхлээд 3-4 эгнээтэй ч бий. Тэгээд тойрог нь дандаа давуу эрхтэй буюу гол зам гэж явдаг. Яагаад тойрог давуу эрхтэй байх нь зөв бэ гэдгийг харуулсан видео: 

Эндхийн нэг зүйл надад таалагддаг юм - бүх зүйл тодорхой, гэнэтийн "сюрприз"-гүй. Тойрог төв зам байнаа л гэсэн бол хаана ч гэсэн адилхан. Хүүхдүүдийн хичээл өглөө 09:00-с ордог бол мужийн хэмжээнд есөн цагтаа л орно. Бага, ахлах анги ялгаагүй 15:00 цагт тарна. Ямарч сургуулийн хажуугаар өнгөрсөн зам дээр 40км/ц-ийн хязгаарлагч тэмдэг бий, тэр нь өглөө 7-9, өдөр 2-4 цагийн хооронд хүчинтэй (сургуульд ирэх, хичээлээсээ тарах үеэр гэсэн үг). Бүх сургуулиуд адилхан амарна, адилхан өдөр хичээл нь эхэлнэ. Ийм энгийн, тогтвортой, савлалт байхгүй дүрэм журамууд нийгмийг амар амгалан байлгах хүчин зүйлсийн нэг юм. 
Манайд болохоор яг ид ачааллын үеэр буюу 8 сард зүүн гар тийш эргэхийг хориглож бөөн бөглөрөл, хараал идэлт бий болгочихоод шийдвэрээ цуцалсан. Дээрх шиг динамик загварыг гайгүй оюутан курсын ажил дээрээ хийчих байх. Төв гудамжны загварыг гаргаж байгаад зүүн гар тийш эргэхийг хориглох нь ашигтай байна уу үгүй юу гэдгээ урьдчилж мэдсэний үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй шүү дэ. Түүнээс биш Засаг ноён нийслэлийн газрын зураг дээр тонгойж сууж байгаад шийдвэр гаргахаар (тийм зураг сонинд хэвлэгдсэн байсан) хэсэг хугацааны дараа олон нийт өөрийг нь эргүүлээд өөр хэлбэрээр тонгойлгочих юм байна шүү дэ )

25 September 2017

Australia Zoo

2017.09.23. Австралийн амьтны хүрээлэнг сонирхов.
Хэвлээр явагч, сүүн тэжээлтэн, шувуу г.м. есөн шидийн л амьтан сонирхолоо.
Африк, Ази г.м. тив тивээр нь амьтадаа ялгасан юм билээ. Африк нь хамгийн үзмэр ихтэй нь гэхүү дэ.
Том жижиг гэлтгүй бүх амьтадыг аль болох бодит байгальд нь байлгахыг хичээж.
Заримыг нь сургачихсан, гарнаас хооллож болно.
Матар чинь харин ёстой хөдөлгөөнгүй хэвтдэг адгуус байна лэ дэ.
Барыг хананд авируулаад, усанд сэлүүлээд, бараг л циркийн үзүүлбэр үзүүлчихэж билээ. Суматрын бар.
Постын төгсгөлд - уламжлал ёсоор тэр болгон хараад байхгүй зүйл:

24 September 2017

Grabmal der Maria Magdalena Langhans

Wiki: https://de.wikipedia.org/wiki/Grabmal_der_Maria_Magdalena_Langhans
Maria Magdalena Langhans-ын бунханы чулуу.
Эмэгтэй хүүхдээ төрүүлж байхдаа эндсэн байгаа юм, хүүхэдтэйгээ.
Уран барималч: Иоганн Август Наль, 1751.

22 September 2017

Танилцах үдэшлэг 5. Realtime info

Өмнөх үдэшлэгүүд:
Нэг. 2013 ба 2014 он: http://ganzo79.blogspot.com.au/2016/11/4.html
Хоёр:2014 оны гурван үдэшлэг: http://ganzo79.blogspot.com.au/2014/10/2_39.html
Гурав: 2015 оны хоёр үдэшлэг: http://ganzo79.blogspot.com.au/2015/05/3.html
Дөрөв: 2016 оны party: http://ganzo79.blogspot.com.au/2016/11/4.html

Энэ удаагийн формат маш энгийн: тухайн постыг уншиж байх мөчид хаана юу хийж буйгаа бичнэ. Тухайлбал:
- Өдрийн цайны цагаар ажил дээрээ интернэт ухаж байхдаа уншив.
- Гэртээ байна. Унтахынхаа өмнө 00-д гар утсаа самардаад сууж байв г.м.

Миний хувьд: Монголоос ажил авсан, амралтын өдөр, оройн цагаар жаахан суугаад байгаа. Гэрийнхэн унтсан, тухайн мөчид Lauv - I Like Me Better дууг сонсонгоо файлуудаа цэгцэлээд сууж байв.

17 September 2017

Рэп-баттл

Сүүлийн үед хойд хөршид рэп-баттл эрчээ аваад бузарлаж байна. Өрсөлдөгчид нэг нэгнийгээ рэп уншиж газар доогуур ортол нь муулж хараана. Орос хэл сурч буй хүмүүст бол их хэрэгцээтэй шоу. Учир нь энд ямарч цензур байхгүй, мат буюу хараал, гудамжны хэл цэвэр байдлаараа үзэгчдийн сонорт хүрдэг. Нэмээд түргэн хэллэг шиг, шүлэглэсэн рифмтэй болохоор сонсоход аятайхан. Намайг өсвөр насанд байхад буюу 1990-ээд онд Русский рок өндөрт байсан бол 2010-аад онд Русский рэп давалгаа явагдаж байна. Versus, SlovoSPB, RBL Battle г.м. баттл талбайнууд бий болоод цөөнгүй жил болж. Эдгээр нь томоохон хотуудад салбартай, тэнд нь тэмцээнүүд явагдаж ялагчид дээш шат ахиж тулалдана. Нэг ёсондоо лигийн тэмцээнүүд явагдаад байгаа юм. Арван жилийн хүүхэд, охид бүсгүйчүүд, кавказ залуучууд, рэпэр биш боловч шүлэг бичдэг нөхдүүд г.м. есөн шид нь бүрэлдсэн олон түмэн бие биенээ уран цэцэн үгээр идэж хэмлэхийг үзэх зугаатай. Саяхан олон жил ялагдаж үзээгүй Oxxxymiron хэмээх никтэй залуу Гнойный хочит нөхөрт ялагдсан тулааныг YouTube-ээс 23 сая удаа үзсэн байгаа нь хэр баргийн спортын тэмцээн уралдааныг дагуулахааргүй болчихоод байгаа. Жишээ болгож нэг шкаф шиг нөхөр 10 жилийн хүүхдэд далаараа тавиулж буй бичлэг орууллаа: