17 July 2019

Acute subarachnoid hemorrhage

Сайн байцгаана уу? Эмнэлэгт хоёр долоо хоног сахиур хийж байгаад гарч ирлээ. Үйл явдлыг товч сийрүүлбэл:
АДЦХ гэдгийг Агаарын довтолгооны цэргийн хамгаалалт гэж тайлж уншиж болох хэдий ч зөв хувилбар нь Аалзавч дорх цус харвалт юм. 
Шөнө дунд эхнэрийн толгой дагзруугаа тэсэх аргагүй өвдөөд намайг сэрээв. Цаг алдалгүй 103 дуудсан. Шөнө байсан болохоор харьцангуй хурдан буюу 15 минутад ирсэн. Дөнгөж сургууль төгссөн байрын залуухан эмч харвалтыг газар дээр нь тогтоож чадаагүй. Өвчин намдаагч өгөөд гэртээ түр харзанаж болно, эсвэл харъяаллын эмнэлэгт чинь хүргэж өгч чадна гэв. Ямар азаар эмнэлэг орсон нь зөв гэж шийдсэн юм бид. Байрны ачааны лифт манай давхарт зогсдоггүй (лифтүүдийг тэгш сондгой давхарт сөөлжилж зогсдог болгосон СӨХ-дөө тусгайлан баярлалаа гэе), жижиг лифтэнд носилк багтахгүй гээд хөлөөр нь буулгасан. Харвалт гэж мэдээгүй л дэ тухайн үед. 
Баянзүрх дээр дусал залгуулаад компьютер томографийн эмчийг нь дуудуулав. Зураг авалтаар acute SAH гэсэн онош тавигдсан, манай хүнийг шууд сэхээний тасагт оруулсан. Би гар утсаараа интернэтээс мэдээлэл олж уншаад шоконд орсон. Цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүэлхгүй бол 5 хүн тутмын 2 нь нас бардаг, 2 нь тахир дутуу болдог, ганц нь эдгэрдэг г.м. мэдээлэл уншихлаар хэцүү л юм билээ. Үүр цайж гэрийнхэндээ сураг дуулгав, ийм ийм ноцтой асуудал үүсээд байнаа гэж.
Өдөр бид 3-р эмнэлэгт хүргэгдлээ (103-ын эмч маань харвалтын шинжийг гадарласан бол шууд 3-т хүргээд өгч болох байсан байна лэ). Эрчимт эмчилгээний тасгийн харвалтын хэсэгт хэвтээд ангиографи хийлгээд маргааш нь яаралтай хагалгаанд орсон. Эмч нар хуралдаад нээлттэй хагалгаа хийх нь зөв гэж шийдвэрлэсэн. Ерөөсөө эмч нарын үгийг л дагах нь зөв, аль арга нь илүү үр дүнтэйг эмч нар илүү мэднэ гэж хувьдаа бодож байсан. Амь насны заалттай хагалгаа тул гарын үсэг зураад оруулсан. Юм юм л бодогдсон до. Би энд тусгайлан эмч нарт баярласнаа хэлье, ганц манай хүн гэлтгүй олон хүний амийг аварч байгаа улс. 
Хагалгаанаас гараад мэдрэлийн мэс заслын сэхээнд 3 хоноод тасагруу шилжсэн. Тасагт эмчлүүлсээр өнөөдөр л гэртээ гарлаа. 
Дээрх хугацаанд эмнэлэг дээр үндсэндээ амьдарсан. Шатан дээр,  сандал дээр, машиндаа өнжиж, хонож байв. Тасагруу шилжиж байж хүн шиг нөхцөлд орсон. Гэрээрээ хальт 3 удаа ирж усанд орсон.
Дүгнэлт, сургамж: 
1. Хурц өвдөлт мэдэрвэл эмнэлэг бараад. Өвчин намдаагч аврахгүй шүү.
2. Харвалт хэд л бол хэдэн насанд, хаана л бол хаана тохиож болох бөгөөд олон янзаар илэрдэг. Толгой чинь үе үе өвддөг бол эртхэн шалгуулсан нь дээр. 
Бид амралтын өдрүүдээр Архангай, Баянхонгор явахаар төлөвлөсөн байсан бөгөөд 15-нд манай хүн Швейцар болон Францруу нисэхээр онгоцны билетээ хүртэл авсан байсан. Ямар азаар хөдөө, эсвэл гадаадад бие нь муудчихаагүй юм. Онгоцонд харавсан бол тэгээд дуусаа шүү дэ үндсэндээ. Одоо толгойны өвчин бол байгаа, гэхдээ эдгэрэх процесс эхэлсэн. Ямарваа нэг саажилт, хэл ярианы гажуудал байхгүй. Бид их баяртай байгаа. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөд их тусалж дэмжсэн, бүгдэд нь талархаж байгаа. 

Фото:
Баянзүрх дүүргийн яаралтай тусламжийн төв.
Баянзүрхийн сэхээн амьдруулахын сахиуруудын өрөө.
ШУГТЭ-гийн эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт хэвтэхэд шаардагдах зүйлс.
Навигаци. Энэ тасагт орж үзсэн. Яг кинонд гардаг шиг бөөн тоног төхөөрөмж. Эмч нарын харьцаа, ар гэрийнхэнд нь тайлбар өгч байгаа байдал үнэхээр таалагдсан.
Гол эм. Нимотоп тариагаар хэдийг ч хийлгэсэн юм, одоо цааш сар эмээр ууна.
Сэхээнд хүн нь байгаа бол ар гэрээс нь заавал нэг хүн эмнэлэг дээр байх ёстой. Эм тариа болон дутагдаж буй зүйлд гүйнэ, асуудал гарвал дуудна гээд заавал байлгадаг юм билээ. Шөнө 12-с өглөөний 6 хүртэл дуудах нь бага, тиймээс шатан дээр сууж буй зовлон нэгт сахиуруудад утасны дугаараа үлдээгээд машиндаа жаахан унтаж болдог.
Есөн өдөр ийм л төрх цонхоор ажиж өнгөрөөлөө. Өчигдөрийн аадар.

5 comments:

  1. Oh god,yamar aimar yum be. Eldev uldets baih vii dee, biyee sain edgeegeed avaarai ta 2 mini.

    ReplyDelete
  2. Түргэн эдгээрэй гэж хүсье. Австрали улсаас ирээд удаж байна уу?

    ReplyDelete
    Replies
    1. Жил гаруй болж байна.

      Delete
  3. zaza hetsuu buhen ard hotsorson bhoo, hurdan edgerei/gute Besserung
    Sleepy-s

    ReplyDelete
  4. Айдсаа ардаа хийжээ. Биеийг нь сайн тэнхүүлээрэй. Өөрөө ч бас сэтгэл санааны шоконд ордог юм билээ. Ээж өвдөөд сэхээнд ороход аавын царай хичнээн аймаар байсан гээч. Унтаж болох бүх газар зүүрмэглэж шат олдвол баярлаж, зүгээр л нуруугаа амраах хүртэл сайхан мэдрэмж юм билээ. Муу юм холуур өнгөрчээ ашгүй...тэр баянзүрх дүүргийн эмнэлгийн үг яасан сайхан үг вэ?

    ReplyDelete