08 April 2025

Найк Борзов - Идиомы

Уншуулах ном

Ханш нээлээ, шинийн 8 гээд жаал бужигналдав уу? Би шүтлэг бага талдаа хүн. Ямаршуу хандлагатайг илэрхийлэх пост: https://ganzo79.blogspot.com/2025/03/blog-post_12.html
Гэхдээ нээх дайсагнасан юмуу үл хүндэтгэсэн зүйл бол мэдээж байхгүй.

Бидний уншуулдаг ном судар яг юуны тухай юм гэдгийг мэдэх хүсэл саяхан төрсөн юм. Учир нь цагаан сарын дараахан ээж маань засал ном гэж явж ирээд надад Нашдүрсэмийн засал буусан хэмээсэн. "Хагалгаанд орохоосоо өмнө заслаа хийлгэчихээрэй, 9 хар 9 цагаан чулууг нь авчихлаа" гээд байхаар чинь яаж ч тоохгүй хаячих билээ, миний засал гэхээсээ илүү эхийн маань сэтгэл юм да. За тэгээд хийлгэхээр очсон чинь "сүү аваад ир" гэж авдаг юм. Би "Сүүгүй хийлгэчихье хө" гэсэн чинь "Засал тул сүү заавал хэрэгтэй, жижиг соруултай сүү байхад болно" гээд хүссэн хүсээгүй сүүнд явсан. Алхаж явах зуур бодсон бодол: гарууд засал бичихдээ сүүтэй ир гэхгүй дэ, эсвэл сайтаар нь ороод засал номын нэрийг оруулахад юу бэлдэж ирэхийг нь биччихсэн, яагаад идээ ундаа, малгай бүс, цаас чулуу зэргийг шаардаж буйг тайлбарлачихсан байдаг бол гөөмөн зүгээрсэн.

Сая жаахан хайж үзлээ, ном сударыг ойлгомжтой гоё тайлбарласан эх сурвалж тааруу байнаа. Арай гайгүй мэдээлэлтэй нь энэ хуудас юмуу да:
Гандантэгчэнлин хийд бол бас арай шүү. Албан ёсны сайт гэж хайгаад олсонгүй, gandan.mn болохоор цахимаар л ном захиалдаг юм байна. Могой жил гарчихаад байхад луу жилтэйгээ л тууж харагдна.
Иргэдийг харанхуй мунхаг сүсэг бишрэлтэй байлгах бус соён гэгээрүүлж, сэтгэл зүрхийг нь зөв зүйлд зааж чиглүүлж байх ёстой биз дэ уг нь. 

За Гандан яахав, дээрх сайтаас мэдээллийг нь хуулж аваад экселд оруулаад авав:
Энэ файлаа cloud-даа байршуулчихна. Лам юмуу зурхайч ийм ном уншуул гэхэд ядаж юуны тухайг нь мэдэх хэмжээнд боллоо. Тэгсэнээ энэ тайлбарт нь хамгийн их давтагдаж буй үг үсэг юу байдаг юм болоо гэж бодов. Free online word cloud creator гэж хайгаад хоёр ч газар текстийг нь оруулж generate хийгээтэхлээ.
Гол үг "Өвчин" байдаг юм байна шүү, манайхаан. Эрүүл мэндээ бодоцгооно бизээ.

Cat Burns ft. Sam Smith - go

Data storage

Хагалгааны дараа хэдэн өдөр гэртээ байхдаа файлуудаа нилээн цэгцэллээ. Зөөврийн HDD аваад л хуулаад байдаг, бөөн хөглөрсөн диск. 
Цаана нь шатсан 2 диск, оролт нь мааслаад ажиллахад төвөгтэй болсон дээр үеийн 350GB-ийн хэмжээтэй Toshiba-гийн нэг диск байгаа. Toshiba ер нь сайн HDD хийдэг. Гэхдээ хульхи хуулбар элбэг болсон байна лэ, сайн таньж авахгүй бол. Transcend бас сайн. Western Digital эвдэрсэн, дахиж аваагүй. 
Одоо ашиглагдаж буй 5 дискийн нийт багтаамж 6TB, дүүргэлт 42%-тай байна гэж гарсан.
Дээрх хүснэгтийг гаргахад TreeSize програмыг ашигласан. Дискийг хэдхэн секундэнд уншаад folder-уудын хэмжээг гаргачихаж байна лэ. 
NAS-тай болдог юм билүү гэсэн бодол төрөөд байгаа. Mini PC аваад NAS болгодог, өөрөө сэлбэг аваад угсардаг арга байна. Тэгээд зөөврийн HDD-уудаа холбоод болоо. Гэвч судалж үзээд бэлэн шийдэл нь өртөг өндөр ч найдвартай, ажиллахад амар юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. NAS дундаа Synology топ нь гээд судалж байсан чинь Ugreen хөөрхөн NAS гаргачихсан байна. Synology-гоос хүчин чадал илүү мөртлөө үнэ нь ойролцоо. Зах зээлд шинээр гарч ирж буй болохоор орон зайгаа олох гэж тэр биз. Надад аймшгийн том юм хэрэггүй л дэ, 2 юмуу 4 HDD ордог байхад л болчих юм байгаа юм.

04 April 2025

The Killers - Just Another Girl

Хооллолт

Муу хүн идсэнээ цувралаас.
Сүүлийн үед мах ширмэн дээр шарж иддэг болсон.
Хөнгөн хооллолтыг бас эрхэмлэж байгаа.
Нас ахихын хэрээр шөл устай болон үндэсний хоол илүү таалагдах юм.
Десертэнд жимстэй тараг зүгээр санагдаж байгаа. Намар хэдэн кг нэрс авсан, өвөлжингөө л идлээ.

Техникийн өрөө. Тавиурууд

Техникийн өрөө ямар байсныг 2021 онд ширээ сэргээн засварлаж байсан постоос харж болно. 
Түүнээс хойш элдэв багаж, аялалын хэрэгсэл г.м. зүйлс нэмэгдсээр сүүлдээ хаана юу байгаа нь мэдэгдэхгүй болж ирсэн. Учрыг нь нэг олно до гээд л залхуураад хойшлуулаад яваад байсан. Саяхан тэгсэн дүү оффисоо нүүлгээд "Агаа, хоёр тавиур илүү гарсан, авах уу?" гэнэ. "Тэгье" л гэлээ. Авчраад хүүгээр угсруулаад (би дан паразитласан байгаа юм, хүний юм үнэгүй аваад, хүүхдийн хөдөлмөр ашиглаад) техникийн өрөөнд тулчихсан. Тэгээд хөглөрөөд байсан эд зүйлсийг ангилаад сайхан зайчилчихлаа.
Одоо энэ хэдэн хайрцаг савны учрыг олоод, ажлын ширээн дээрх үлдсэн жижиг сажиг юмыг нааш цааш болгочихвол эмх цэгцтэй болох гээд л байна. Энэ техникийн өрөөний хананд хэдэн тавиур тогтоох бодолтой байгаа. 
Тэгээд цаана нь гараж гэсэн бас нэг аймшгийн замбараагүй талбай л үлдэж байна да.

Mongolia in 1970

01 April 2025

Хамрын таславчийн муруйлт

UPD 2025.04.01 03:15
2025.03.31 16:53
6 жилийн өмнө хоолойны махаа авахуулж байж. Цаг хугацаа хурдан байгаа юм шүү. 
6 жил хамрын хагалгаанаас зугатсаар ирж. Сүүлдээ болохоо байж эхэлдэг юм билээ. Тархи байнга хүчилтөрөгчийн дутагдалтай яваад байхаар толгой өвдөнө, даралт ихэснэ, шөнө олигтой амрахгүй, хурхирна. Тэгээд зориглосон л до. Үзлэгт ороод, оношилгоо, шинжилгээ хийлгээд. Миний таславч аймшгийн муруйлттай байсан байгаа юм, S хэлбэрийн. CT-гээр янзын харагдана:
Ингэхэд Billy the Puppet-ийг зохиогчид анатомын муугуй мэдлэгтэй, CT, MRI-н зураг цөөнгүй харж байсан нөхөд болов уу. 
Учир нь өөрийн хамар, дайврын CT-г харжээ суухнаа муухай ижил төрх гараад ирдэг юм да, ха-ха.
Урд проекц дээр ч гэсэн хамрын таславчийн муруйлт маш тод харагдаж байгаа биз? 

За тэгээд сая 29-ний өдөр септопластик (septoplasty) хагалгаанд оров. 
Септопластик гэхээр хамраар зөв амьсгалах нөхцлийг бүрдүүлэхээр таславчинд хийгддэг хагалгаа, харин ринопластик (rhinoplasty) нь гадна хамрын хэлбэр хэмжээг засдаг, өндөрлөж шонтойлгодог хагалгаа гэж ойлгосон. Нэгэнт бүтэн наркозонд орж байгаа юм чинь гээд эмэгтэйчүүд бол аль алиныг нь хийлгэх нь цөөнгүй. Над мэтийн нөхөр одоо хамрынхаа хэлбэр хэмжээгээр олдоод дэмий байлгүй дэ, тиймээс таславчаа л янзлуулсан. 
Намхан нуруутай, навтгар хамартай
Морьтой хүн шүү дээ, монгол хүн шүү дээ...

31 March 2025

Аудио ном. 3-р хэсэг

Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Энэ удаад Аркадий болон Борис Стругацкийн уран зөгнөлт зохиолуудыг сонсож дуусгалаа.

30 March 2025

Money offer

Чухал, сонирхолтой л тоглолт биш бол зурагтаар хөлбөмбөг тэр болгон үзээд байж амждаггүй. Highlights-ыг нь харчихдаг юм, амар. Сая харжээ суухад, шүүгч VAR харахаар очиход үзэгчид мөнгө барьцан урдаас нь даллаад, ккк. Гоё уламжлалтай болж.

23 March 2025

Хутга хийв

UPD 2025.03.23 16:12
9 жил өнгөрөхөд хутганы хэлбэрийг нь ч засаагүй, бариулыг нь янзлаагүй, ха-ха. Хөдөө гадаа авч явах, яс мөгөөрс хугалах, хулгар шар өвчүү, толгой шийр хуйхлах зэрэг хамаг л бүдүүн баараг ажилд ашигласаар ирсэн. Алхаар цохьсоор байгаад ар нь хавтгайрч барьсан байна лэ. Жаахан додомдоё до гээд бариулыг нь олсоор ороолоо ш дэ.
Ирлэж бариад өнгө зүсийг нь тоглоомчгүй сэргээнээ ойрмогхон.

UPD 2016.02.15 01:13
Амалсан ёсоор Сэкийн цехийн хэдэн фото. 
Үндсэндээ мод, төмөртэй ажиллахад шаардлагатай бараг бүх багаж энд байгаа юм: хөрөө раам, компрессор, цахилгаан гагнуур, цахилгаан өрөм болон харуул г.м. Одоо токарийн суурь машин болон төмөр хайлуулагч гаазаар ажилладаг зуух өрчихвөл үндсэндээ юу л бол юу хийж болохоор болно. Дарханы ажил хийгээд эхэлнэ гэсэн үг. Зууханд төмөр улайсгаад эхэлвэл поршений хуруу, түлхүүр зэргийг бэлдэц болгож болдог гэсэн. Жишээ нь:
Хийгдсэн хутганы хувьд одоо байгаа хэлбэр нь энэ:
Яваандаа зав гарвал жаахан нимгэлэх санаа байгаа. Ингэж:
Тэгэхгүй бол балиус шиг харагдаад байх юм. Мөн чадвал ховил татнаа, чухам болохнуу яахнав.
За тэгээд төгсгөлд нь ганц богино бичлэг (хийх явцад Сэк тестчилэл гүйцэтгэж буй байдал):
 

2016.02.05 21:27
Хөдөө гадаа явж байхад хутга их хэрэг болдог. Бүдүүн баараг, юу л бол юу хэрчиж, цавчиж байхад хэрэглэгдэх мэс машины ард явж байхад илүүдэхгүй. Гар аргаар хутга хийнэ гэсэн санаа аль дээр төрсөн. Өнөөдөр биеллээ олох шив дэ.
Өглөө 10-ын үед Хосоо-той Сэк-ийн гаражруу (гараж нэртэй боловч үндсэндээ үйлдвэрийн цехээс дутахгүй тоноглогдсон газар байдаг юм, удахгүй хэдэн фотог нь оруулна) хөдөлцгөөв. Хосоогийн машины ард хөрөө раам-ны ир ачаастай. Ийм ир мод зүсдэг хэсгээрээ металл нь илүү сайн байдаг онцлогтой боловч бидний авч явсан төмөр аль амбасын үеийнх, зөвхөн ир гэлтгүй тэр чигээрээ ган сайтай, уяралт байхгүй, халалтад ажирахгүй, Сэргэлэнгийнд олон жил хадгалагдсан хөрөө раамны ир юм. Ирсэн даруйдаа хутганыхаа макетыг төмөр дээрээ буулгаад, тасдагчаар (болгарка) зэвсэглэж аваад дайрлаа. Оч үсэрсээр ажлын бээлий тэр дороо цооров.
Хоёр хутганы хэмжээгээр тасдаж авсан хөрөөний ир:
Бэлдэцээ тискинд хавчиж байгаад хэлбэрийнх нь хэмжээнд ойртуулж тайралтууд гүйцэтгэв. Төмөр 5,5 мм зузаан, ган сайн болохоор тасдаж авах процесс удаан урагшилж байлаа.
Дараа нь точилоор контурыг нарийн гаргав. Бөөн утаа хиншүү, тоос тортог. Үр дүнд нь хутганы дүрс бүрэн гарав. Дараагийн алхам - зүлгүүрийн машинд барьж ирийг нь гаргах. Халаад ирэхлээр нь усанд дүрж байгаад ажлаа үргэлжлүүлж байлаа. Мөн зүлгүүрээр зэвийг нь бүрэн арилгав.
 
Ир гарч дуссаны дараа бариулаа нүхлэв.
Дараа нь металлыг зэврэлтээс сэргийлж воронение (тос нэвчүүлэлт) гүйцэтгэсэн. Гаазаар хутгаа халааж хөх өнгөтэй болгож байгаад машины моторын тосонд дүрээд авав. Үр дүнд нь хутганы бариулаас бусад хэсэг нь хар өнгөтэй болсон. Хутганыхаа ирийг зүлгүүрт барьж дахин өнгөлөв.
 
Байгалийн гэрэлд:
Counter-Strike:
 
Хутгаа эхэлж точилд барьж, дараа нь билүүгээр нарийн ирлэв. Тискинд хавчуулж байгаад бариулыг нь олсоор ороов. Яваандаа нарийн сураар ороох юм, өнөөдөр сур байгаагүй болохоор түр ингээд аргалчихлаа. Гэхдээ барьцтай, эвтэйхэн болсон. Нэг хэсэгтээ сур олтол ингээд л байж байг:
Эцсийн бүтээгдэхүүн:
Аймар хутга болсон. Төмөр нь ч гэж аюул. Царай зүс загал болсон ч гэлээ сэтгэл ханамжтай харьцгаав. Цаг 16 өнгөрч байлаа.
Төгсгөлд нь ганц GIF:

Shit happens

Shit hapeens цувралаас. Нуруунд юм ороод өнгөрөгч 7 хоногт цохиулчихсан ялаа шиг л явлаа :-) Татчихаар хэцүү юм билээ. Энэ эм, тос хоёрын тусламжтайгаар л зүгээр боллоо.

17 March 2025

Мэдээллийн үнэн зөв байдал

Мэдээллийг олон эх үүсвэрээс хүлээн авч өөрийн дүгнэлтээ хийх нь зөв. Эх сурвалж анхдагч байвал сайн. Учир нь манайд гадны мэдээллийг бол ямарч шалгаж барьсан зүйлгүй орчуулаад тавьчихдаг. Жишээ нь: ikon сайт 15-ны өдөр доорх мэдээг нийтлэв. 
Төд удалгүй sick degenerates худал мэдээлэл сэвээд байна гэж Trump бичиж байх жишээний.
Ийм тохиолдолд хэзээ ч мэдээллээ залруулдаггүй, засдаггүй, худал мэдээлэл нийтэлж гэж уучлалт гуйдаггүй. Тиймээс шалгаж нягтлаж байхгүй бол тархиа угаалгаад жинхэнэ degenerate болж хувирна.

13 March 2025

The Last of Us Season 2

Удахгүй гарах нь дэ.
 
Сериалаас хамгийн сүүлд Landman-ыг үзсэн.

12 March 2025

Церковь и бог

Лебедевийн зарим пост туйлын үнэнийг өгүүлдэг. Товч бөгөөд тодорхой.

06 March 2025

Улаанбаатар

Сонирхолтой хэсэг 2:05-аас эхэлнэ.

05 March 2025

Автобусны цантсан шил

Автобусны цантсан шил уран бүтээлийн талбар байдаг байж билээ. Цанг атгасан гарны хажуугаар дарж хайлуулаад хурууг нь өндгөөрөө урладаг энэ тавхайг бүтээсэн нөхөр Z үе бол биш.