26 April 2013

Ажлаас гарсан

Ноёнтой сөргөлдсөн хүн толгойгүй,
Нохойтой өширхсөн хүн хормойгүй.

Өнгөрсөн 7 хоногт ажлаас гарах өргөдлөө өгсөн. Тушаал минь гарсан байна. Тус байгууллагад би 2002 оны 9-р сарын 7-ноос 2013 оны 4-р сарын 17-ныг хүртэл бараг 11 жил тасралтгүй ажиллаж. Төсөл энэ оны төгсгөлд дуусах байв. Цааш сунгагдаж үргэлжилэх эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй, магадалал бол бий. Хувьдаа 12 сарыг дуустал ажиллана гэж бодож байсан. Тийм байж яагаад гэнэт гарах болов?

Би тус байгууллагын хоолыг 10 гаруй жил хороосныхоо хувьд энэ төсөлд баярлаж талархаж явдаг. Төслөө би хэзээ ч муу хэлэхгүй, алдас болно. Буянтай ажил хийдэг сайхан газар. 10 гаруй жилд 5 захиралын нүүрийг үзсэн. Ажлын төлөө л зүтгэж ирсэн. Жижиг сажиг алдаа бий юу гэвэл байгаа л байх. Өндөг шиг өөгүй хүн гэж юу байхав, өөрөө өөрийгөө мэдээж төгс төгөлдөр гэж хэлэхгүй. Гэхдээ ажлын хариуцлага алдаж ажил нураасан тохиолдол байхгүй гэдгийг баттай хэлнэ. Дуустал ажиллана гэсэн амандаа хүрэх гэж би хичээсэн үү? - Хичээсэн.

Гэвч... би ажиллана гэснээс бус доромжлуулж, янз бүрээр хэлүүлж байна гэж тохиролцоогүй. Ингэнэ чинээ ч бодоогүй. Үг алдвал барьж болдоггүй. Хэн нэгнийг буруутгаад ч яах билээ одоо, бүх зүйл болоод өнгөрсөн хойно. 
Товчхондоо: "Чи зайлж болно шүү!" гэхээр нь "Тэгье!" л гэсэн юм. Ажлаас болж ам муруйхыг алиныг тэр гэхэв, гэхдээ энэ удаад бол хэм хэмжээг давж ажлын шаардлага биш доромжлол болсон юм. Би тэрийг нь дуугуй сонсож аваад өргөдлөө өгсөн. Эргээд "Яахав ажиллавал ажил" гэхэд нь би зөвшөөрөөгүй. Нохойг өшиглөчихөөд дараа нь толгойг нь илж буй мэт үйлдэлтэй би эвлэрмээргүй байсан юм. Энэ үед би ар тал, амьдрал ахуйгаа бодоод буцаж очоод ажилдаа юуч болоогүй мэт орсон бол өөрийгөө цааш хүндлэхээ болих байсан. Тэгдэггүй юмаа гэхэд тундас хоцрох л байв. Тиймээс өөрийн баримталдаг үзэл бодолтойгоо дууссан нь дээр юм байна гэж бодоод шийдвэрээ өөрчлөөгүй.

Энд ажил төрөл, цалин мөнгө ямарч хамааралгүй. Цэвэр харилцааны асуудал. Хүн өөр хүнтэй харьцахдаа ямарч тохиолдолд хүн гэдэг утгаар нь харьцах ёстой. Түүнээс биш "Энэ үхсэн баас яав л гэж" гэсэн өнцгөөс хандвал явуургүй, цаашлаад ёс суртахууны доголдол болно. Удирдах албан тушаалтан өөрийн биеэр бусдад үлгэр дуурайлал үзүүлж, үг хэл болгоноо бодож хэлж, бичиж байх ёстой гэж би ойлгодог.

Намайг хуншгүй загналаа, төсөл дуусахын хооронд орхиод явлаа, хоёр нүүр гаргалаа, даварсан гар г.м. янз бүрээр хэлж, бодож болно, араас. Нөхцөл байдлаас хамаарч зүсээ өөрчилж, бодлоо хувиргаж би чадахгүй.
Өөрийгөө өмөөрөөд яахав дэ, мэдэх нэг нь мэднэ, үнэлэх нэг нь үнэлнэ, эргээд ад үзэх нэг нь үзэх л биз. Бүгдэд таалагдна гэж юу байхав. Баг зүүж амьдраагүй, чадлынхаа хэрээр хүн амьтанд тусалж л ирсэн. Шударга байхыг хичээж, худал хэлж хулгай хийгээгүй. Сурсан  мэргэжлээрээ улсад 13 жил ажиллахдаа танил тал, ах дүү, найз нөхдийн холбоо сүлбээг ашиглалгүй бор зүрхээрээ зүтгэхийг илүүд үзсээр өдий хүрсэн. Дарга нарыг дагаж далдагнаагүй, ямарч үед өөрийн үзэл бодолтойгоо явж ирсэн. Юу үнэн бэ гэвэл энэ л үнэн.

Намайг ажлаас гархад олон хүн янз бүрээр л хүлээж авсан. Зөв л гэнэ, буруу л гэнэ, зарим нь тэнэг л гэнэ. Өөрийн бодол өөртөө зөвөө найзуудаа. Тэнэг ч байж болно. Тэнэгийн дотор уужуу. Одоо бүх зүйл сайхан шуударсан.

Цааш яах бодолтой байна вэ гэвэл: би ажлаас гарна гэж бодоогүй явсан болохоор орох бэлэн ажил надад мэдээж байхгүй. Одоохондоо ажил хайгаачгүй л байна. Хувьдаа гардаг ч юм билүү гэж бодох юм. Ямартаа ч 1-2 сар харзанаж үзнээ. Энэ хугацаанд нэг программ зах зээлд гаргачих санаатай. Амжихгүй юм уу бүтэлгүйтвэл, эсвэл зах зээлд нөгөө софт нь гараад зарагдахгүй бол байдал хэцүүднэ. Учир нь орон сууцны зээл хоолойд хутга, хошногонд жад болоод ирнэ. Эдийн засгийн хувьд гоё нөхцөл байдал үүсч эхлэх нь ойлгомжтой: эхнэр төсвийн албан хаагч - цалин бага, ам бүл - 5, би - орлогогүй, хадгаламж, жоор г.м. зүйл - байхгүй (урд нь ч байгаачгүй дэ ерөөсөө), цалингаас гадуур орлого - бас байхгүй. Ингээд сайхан 0-иос зүтгэж эхлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Байгууллагын laptop-ыг өгчихлөөр бүр амар, компьютер ч байхгүй болно, хэ-хэ. Гэхдээ гол нь толгой бол мөрөн дээр үлдэж байгаа.

Энэ нийгэмд ямарч гарааны хөрөнгө оруулалтгүйгээр оюуны хөдөлмөр эрхлээд зүгтэвэл яадаг юм байна, юунд хүрдэг юм байна гэдгийг цөмөөрөө харцгаая л да. Нэг хүний театр байхад нэг программистын үзүүлбэр яагаад байж болохгүй гэж. Адаглаад туршилт бүтэлгүйтвэл өдөр тутмын сонингийн зартай л найзална биз.
Show must go on! Stay tuned.

7 comments:

  1. respect, go forward

    ReplyDelete
  2. Багын анд минь амжилт хүсье. юм нэгээр дуусдаггүй юм.Би ч жилийн өмнө чам шиг л байдалд орсон тэгээд л нэг хүний өмгөөллийн тоглолт хийгээд өлбөрчилгүй байж л байна харин ч жаахан угаадас өтгөн болон гэж бодож байгаа.Ямар ч тохиолдолд өөрөө өөртөө үнэнч үлдэнэ гэдэг хэцүү сонголт байдаг. миний найз хаана ч газардахгүй ээ

    ReplyDelete
  3. Моргейж хэцүү шүү, нээрээ ажлаасаа уйдах ч юмуу, зүгээр л өөр юм хийе гэхээр зээлүүд л хэцүүдүүлэх юм даа.Одоо яаж байна ажлын өдрөөр үд хүртэл унтаж байна уу? та чинь сайхан амрах юмсан гээд байсан, ядраад байна гээд.

    ReplyDelete
  4. Keep moving forward! You'll do it like perfect :)

    ReplyDelete
  5. Neg haalga haagdahad uur 2 haalga neegddeg jumaa. Good luck.

    Khurelee

    ReplyDelete
  6. Бүх зүйл сайхан болно гэдэг үг зүгээр хэн нэгнийг тайвшруулдаг хоосон үг бишээ. Сайхан нийтлэлүүд бичдэгт чинь үргэлж баяртай байдаг шүү. Амжилт хүсэе

    ReplyDelete