25 August 2025

Хоол хүнс

Муу хүн идсэнээ цувралаас. Уртаас урт пост.
Энэ зун шорлог цөөнгүй хийсэн, гэхдээ тэр болгон зураг дараагүй. Шорлогонд хонины гуя юмуу сээрний махыг ашигладаг. Дарахдаа сонгиноос өөр юм хэрэглэдэггүй. Сүүлийн үед залхуураад блендэрт сонгиноо хийж нунтаглаад махан дээрээ хийчихдэг болсон. Үнэн амар, шүүс нь аймар ялгарч байна лэ, дутагдал нь дараа нь шарах сонгино л үлдэхгүй юм да.
Зуслан дээр:
Архангайд. 
Гэртээ ганцаараа өнжих бол залхуурдаг. Беларусь арга: 
Өндөг хамгийн энгийн бөгөөд зөв хүнс болж таараад байгаа.
Хиам ч гэсэн бэлдэхэд амар. Гэхдээ хиам, зайдас их хэрэглээд дэмий л дэ яг үнэндээ. Багасгасан байгаа хэрэглээгээ.
Заримдаа бүр хоол ч хийдэггүй.
Хөгширөөд байгаа юм байлгүй монгол хоол, тэр тусмаа шөлтэй хоол их таалагддаг болсон.
Нэг, хоёрдугаар хоол байвал бүр дажгүй:
Котлет юмуу татсан махыг ходоод амар боловсруулагддаг юм гэсэн.
Энгийн хуурга ч мэдээж иднэ. Ходоод хамгийн амархан цаддаг, боловсруулах гэж зовдог хослол гурил ба мах. Тиймээс бургер идэхлээр амархан цадсан мэдрэмж бий болоод байгаа юм.
Гэдэс дотор янзын. Цусанд би нугасгүй. Гэдэс чанах процессыг хянаад сууж байгаа том эгч.
Элэг сүүл хамгийн тэжээллэг хоол. Зүгээр плитка дээр ч шардаг:
Ширмэн дээр ч шардаг:
Ширэм шал ондоо байдаг. Эмээгийн маань жалавч тогоо манайд байдаг юм. Цэвэр ширэм, хүнд гэж жигтэй. Жижигхэн тогоо л до, гэхдээ наддаа болоод л байгаа.
Бас нөгөө смокерт гахайн торой утаад амжсан.
Эх орныхоо хишгийг монгол хүн сайн хүртэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс натурал хүнс хэрэглэхийг хичээдэг. Тухайлбал: айраг, хоормог сайн уух хэрэгтэй. Намар оройн цагаар 30-40 литр айраг хөлдөөгөөд хавар болтол уудаг.
Жимс, самар мөн адил. Самрыг нь вакумдаад, жимсийг нь хөлдөөгөөд өвөл, гол нь хавар хэрэглэдэг. Одоогоор аньс, нэрс хоёр дарж байгаа. Хөвсгөл, Завханаас авдаг. 
Бууцагааны алдарт тэмээн тавхайн хэлбэртэй ямааны ааруул сүүлийн жилүүдэд бас захиад байгаа. Хаяал маань хийдэг юм. Жаахан үнэтэй, гэхдээ энэ ааруулыг гүйцэх ааруул монголд лав байхгүй.
Ямааны сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн. Жишээ нь: ямааны сүүгээр хийсэн бяслаг гадаадад хамгийн үнэтэй байдаг. Би бяслаг биш нэрмэлийг нь хэрэглэчихдэг юм, ккк.
Надад одоо цэнгэг усны загас (хариус ч юмуу) бэлтгэн нийлүүлэгч л дутаад байгаа юм. Бусад нь бараг бүрдчихсэн. Хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй, тиймээс шууд хотноос нь, айлаас нь зах зээлийн үнээр худалдан авалт хийхэд хөдөөгийнхөн дуртай байдаг. Ченжгүй авахлаар хэн хэндээ ашигтай. 

No comments:

Post a Comment