Эхэлж Гаазын зурвасын палестничуудыг авч үзье.
Гаазын оршин суугчдыг ойлогохын тулд тэр хүмүүс ямар нөхцөлд аж төрж ирсэн, юу гэж боддогийг ойлгох нь зөв. Палестинчуудын хувилбараар бол хэдэн зуун жил амьдарч ирсэн нутагт нь Их Британи еврейчүүдийг авчирч суурьшуулсан. Хойноос ирээд хот манайх гэгчээр еврейчүүд энэхүү газрыг биднийх гэж ариун судар номуудад өгүүлсэн байдаг гэв. Еврейчүүд элдэв эсэргүүцлийг нугачин дарж, арабуудыг амьдардаг газраас нь хөөж эхэлсэн. Наанаа еврейчүүд хоёр ард түмэнд зориулж хоёр тусгаар улс байгуулах гэж байгаа дүр үзүүлдэг ч гэлээ цаанаа бол өөрсдийн л төрт улсыг төвхнүүлж ирсэн. Тэр загварт нь арабуудад орон зай байхгүй. Нэг үгээр - евречүүд хоёр нүүр гаргасан, палестинчуудыг хуурсан гэж арабууд үздэг.
Израилийн хуулинд тодорхой зааж - Израиль бол еврейчүүдийн улсаа гэж. Үүнтэй санал нийцэхгүй нам, хөдөлгөөн сонгуульд оролцох эрхгүй. Арабуудад эсвэл хоёр дахь туслах дүртэйгээ эвлэрэх, эсвэл цагаачлах гэсэн хоёр зам л үлдсэн. Хаашаа цагаачлах нь бас тодорхой бус. Хөрш ислам улсуудын хувьд өөрсдийгөө яая гэж байхад юун тэр ажилгүй тэтгэмж авах олон түмэн. Хэнд ч хэрэггүй, газраа булаалгасан, хөрөнгө гэх зүйлгүй, үндсэндээ ирээдүй ч байхгүй хүмүүс болж таарч байгаа юм.
Олон улсын байгууллагууд зэвүүцлийг нь улам хүргэнэ. Янз бүрийн гоё гоё үгтэй санамж бичиг, шийдвэр гаргадаг, Израилийг бодлогоо өөрчил хэмээдэг ч яг газар дээр юуч өөрчлөгддөггүй. Ингээд ацан шалаанд орж байгаа юм: мөнгө - байхгүй, газар - байхгүй, яваад очих газар - байхгүй, улс төрийн арга замаар юуч шийдэгдэхгүй, олон улсын байгууллагууд тоохгүй. Тэгэхлээр радикал үзэл цэцэглэлгүй яахав. Радикал нөхдүүдийг Израиль улс яадаг нь тодорхой. Тэглээ гээд нөгөө хөл нүцгэн пролетариатад гинжнээс өөр алдах зүйл байхгүй гэдэг шиг болсон палестинчуудыг зогсоохоосоо өнгөрсөн.
За одоо Изриаль улсыг авч үзье.
Израиль яагаад ийм болсныг бас ойлгох хэрэгтэй. Юуны түрүүнд - Израиль улс хэзээ ч энх тайван, амар амгаланг амсаж байгаагүй. Тиймээс Лондон юмуу Парисд суугаа хүмүүс еврейчүүдийг ойлгохгүй. Хэдэн арван жилийн турш Израиль улс тэнгэр дор оршин тогтнохынхоо төлөө өдөр шөнөгүй тэмцэж ирсэн. Ганц буруу шийдвэр гаргахад л улсыг нь үгүй хийж, еврей үндэстэн дахиад хэдэн мянган жил зовлон туулна гэж тэд боддог. Зовлонг бол бас л амссан үндэстэн шүү дэ. Тиймээс ямарч хамаагүй үнээр түүх давтагдахаас сэргийлнэ. Дэлхий дээрх еврейчүүдийн тал нь АНУ-д, тал нь Израильд амьдардаг. Евречүүдэд нүүж очоод суучих газар палестинчуудын адил байхгүй. Улсыг нь устгаж үгүй хийх албан ёсны чиг шугамтай хөршүүдээр хүрээлэгдсэн нь оптимист бодол еврейчүүдэд нээх их төрүүлдэггүй л байх. Тиймээс Израилийн хувьд тулаан болгон сүүлчийн тулаан шиг байдаг. Ухрах газаргүй, undo товч ажиллахгүй хойно. Эндээс тэдний шийдэмгий байдал, өш авалт, заримдаа хэрцгийлэл гараад байгаа юм. Бусад түнш улсуудын шахалтан дор Израиль жаахан зөөлөрмөр аяддаг хэдийч цаанаа эсвэл бид эднийг, эсвэл эд биднийг гэсэн бодолтой. Израилийн хувьд Гаазын зурваст энгийн иргэд үхэж үрэгдэж буй нь таагүй хэрэг ч гэлээ ингэхээс өөр арга алгаа л гэнэ. Шархадсан араатан шиг зан гаргаж буй юм - аюул учруулж болзошгүй гэж үзсэнрүү шууд үсэрнэ. Өрөвдөх, хайрлах зүйл байхгүй.
Гарц гаргалгаа.
Эсвэл Палестин улсаа байгуулаад Израилтай найрамдлын гэрээ байгуулаад оршин тогтнох гээд үзнэ (энэ нь маргаан тасарна гэсэн үг биш, ядаж нэгнийгээ алах нь цөөрч магад), эсвэл аль нэг нь нөгөөгөө газрын хөрснөөс арчиж дуусна. Бусад бүх тодхиолдолд хүчирхийлэл үе үе улалзаж, цус асгарсаар байх боловуу.
No comments:
Post a Comment