16 September 2018

Prado

Унаа тэрэгтэй холбоотой өмнөх постууд: нэгхоёргуравдөрөв.
Өнгөрөгч 7 хоногт захиалсан машин маань ирж хөл дүүжлэх унаатай болсон.
Машин нь контейнерт цуг ачигдсан баачкаг хүлээж нэг өдөр алдсан. Нэг өдрийг болохоор Материалимпэкс дээр машинаа авах гэж өнгөрүүлсэн. Өөдлөх айл үүднээсээ:
Монголын гаальд одоо цаг гэж байхгүй, цайнаас өмнө, цайны дараа, маргааш л гэж бий гэдэг яг үнэн, хэ-хэ.
Контейнер задарч буй байдал.
Машиныг дээш нь сойж бэхлэхийн тулд ард гупер (бампер)-ыг нь тайлаад салонд нь хийчихдэг юм байна. Хоёр prius 30, нэг delica d5-тай ачигдаж ирсэн. 
Аккумлятор муу шүү гэсэн мэдээлэл цаанаас урьдчилж ирүүлсэн, тиймээс дараад бол машин асаагүй. Газар дээр нь холбоод ч юмуу хэн нэгний аккумляторыг тавиад асаачихна, дараа нь дэлгүүр ороод аккумлятор авна гэж бодож байсан - ац! Хэнч тусалдаггүй юм билээ, хэ-хэ. Тиймээс дэлгүүр ороод аккумлятор аваад буцаад ирэх нь шулуухан.
Мэдэхэд илүүдэхгүй: японоос ирж буй машиныг сертификат дагалддаг, түүн дээр явсан км нь хэмжилт хийгдсэн огноотойгоо байх болно. Япон гэлтгүй орж ирж байгаа гүйлттэй машин болгонд төстэй баримт дагалдах байх. Дугаар аваагүй тэрэг худалдаж авч байгаа бол энэ цаасыг шалгахад илүүдэхгүй, учир нь манай сайн эрчүүд гүйлт ухраадаг гэж дуулдсан.
Машин сонгохдоо би хэдэн нөхцлийг анхаарсан юм:
1. Санхүүдээ багтах, өр зээл тавихгүй байх;
2. 7 хүний суудалтай;
3. Хөдөө гадаа аялж зугаалах тууцтай;
4. Бензин хөдөлгүүртэй, 92-оор явдаг;
5. Орж ирсэн, гүйлт бага, ухраагаагүй;
6. Сэлбэг нь олдоцтой, эвдрэл бага гардаг загвар.
Ер нь нилээн нухацтай судалгаа явуулсан шүү хөөрхийс.
Энэ дундаас pick-up, 5 суудалтай болон дизель, том бензин хөдөлгүүртэйг нь хасахлаар хэдхэн хувилбар үлдэж байгаа юм. Тодорхой үйлдвэлэгчийн тодорхой загваруудын талаар хэрэглэгчид юу гэж бичиж байна гэдэг их чухал. Тиймээс баахан бичлэг үзэж сэтгэгдэл уншсан. Тойота авбал зүгээр байх гэсэн бодол бас байсан.
Прадо 150 болохоор төсөвөөс хэтэрчихээд байсан юм. 120-ийн 4.0 мотортой хувилбар ч гэсэн чанга тусах юм билээ, гааль дээр илүү хураамжтай, татвар нь их, бензинд ч зарлагатай. Тиймээс сүүлчийн ээлжинд (буюу 2009 оны дундуур) үйлдвэрлэгдсэн 120 дээр буусан. Түүнээс цааш 150-иуд хийгдээд явсан юм билээ.
Дэлгэц нь битүү япон ханз, учрыг нь олох хэцүү. Таамгаар дарсаар ямартаа ч хөгжим бол сонсчихоод байгаа. Заримдаа дэлгэц дээр хас тэмдэг гарч ирдэг:
Тэр нь хааяа нэг бус нижгээд болно:
Сайхан л машин байна, миний хувьд сэтгэл хангалуун байгаа. Дөрвөн дугуй нь элэгдэж, удахгүй сольж таарах байх. Бүх шингэнээ хүйтрэхээс өмнө бас солиулах ажил бий. 
Дугаар авч бүртгүүлэх гэж 5 дахь өдөр Амгаланд өнжсөн. Оношлогоонд орох дараалал хамгийн их цаг үрж байна, бусад нь бас ч гэж учиртай. Дараалал нь: оношлуулаад, наалтаа аваад, даатгуулаад, дугаараа гэрчилгээтэйгээ аваад, татвар дээр очихлоор хэдийг тушаахыг хэлж өгнө, банкинд тэрхүү дүнг тушаагаад эргэж очиж татварын гэрчилгээгээ аваад, номероо цохиулаад, тогтоолгоод, наалт авсан газраа эргэж очиж гэрчилгээн дээрээ тэмдэглэл хийлгээд даатгал дээрээ дахиж нэг очиж гэрээгээ бичүүлж аваад хоёр яс салж байна :)
Японоос дуудлага худалдаагаар машин авбал 45-60 хоногт ирдэг юм байна. Би ирчихээд техникийн зах, зарлалаар жаал машин судалсан юм. Тэгж байтал орос яваад өгсөн. Ирсэн чинь наадам дөхөөд машины үнэ нэмэгдсэн байв. За ер нь захиалсан нь дээр юм байна гээд дүүдээ хандсан. Том машин дээр 2-3 сая, жижиг машин дээр 500 мянгын зөрүү гардаг юм билээ, тиймээс хүлээх цаг хугацаа байгаа бол захиалсан нь дээр. Мэдсэн бол Брисбэнд байхдаа захиалчихаад ирдэг байсан юм, мунхагын ухаан хойноо. Дүү хөөрхий дуудлага худалдаагаас авч өгөөд, нааш тээвэрлээд, гаалийн бүрдүүлэлт хийж гар дээр бэлэн машин өгсөн. Компани нь хөөрхөн хөгжөөд давхар ченжүүдийн машинуудыг оруулж ирдэг болсон байна лэ.

No comments:

Post a Comment