25 March 2016

Бельги дахь терракт

Брюссель дахь террактуудыг авч үзье. Террористууд нисэх буудалд ямарч асуудалгүй тэсрэх бөмбөг авч ороод дэлбэлсэн байгаа. Өнөөдөр гар хийцийн бөмбөг угсрах нь асуудал биш болсон, саперын мэргэжилтэй ч байх шаардлагагүй. Угсарсан бөмбөгөө дурын байшин савд авч орох нь ч гэсэн мөн асуудалгүй болчихоод байгаа. Хамгаалалтаа чангатгасан ч энэ нь 100%-ийн баталгаа болж чадахгүй. Террактыг төлөвлөлтийн шатанд нь таслан зогсоохгүй л бол 90%-ийн магадлалтай биеллээ олдог гэж үздэг юм. Бельгийн хүчний байгууллагууд яагаад энэ террактыг урьдчилан илрүүлж чадсангүй вэ? Нэгд, Европын холбоо доторх нээлттэй хил. Нэг улсын хүчний байгууллагууд дотроо уяалдаа холбоотой ажиллах гэж бөөн юм болдог. Хэдэн улс дамнасан нь бүр хүндрэлтэй. Террорист гаднаас нэг улсын хилээр орж ирээд, ондоо улсад бүртгэгдээд, гуравдахь улсад амьдарч байгаад дөрөвдахь улсад бөмбөгөө дэлбэлж болно. Хэн буруутай юм? "А" улсын хилийн алба уу, "Б" улсын цагаачлалынхан нь уу, эсвэл "Г" улсын цагдаа юм юу?  Хоёрт - цагаачдын тоо хэмжээ. Өмнөх амьдралынх нь тухай юуч мэдэгдэхгүй бөөн хүмүүс Европт орж ирсэн. Эрдэмтэн байсан юм уу, сериал маньяк уу гэдгийг нь хэнч мэдэхгүй. Цагаачид ийм их урсгалаар орж ирж байхад чанартай шүүлтүүр, хяналт тавих үнэндээ хэцүү. Цагаачид гэхээр фото зурагт харуулдаг шиг гунигтай харцтай ядарсан хүмүүс тэр болгон байдаггүй. Цагаачид түрэмгийлсэн, шаардсан, дайрч довтолсон тохиолдол захаас аваад олдно. Энд цагаачдын ч буруу бас бага - хүүхэд чинь идэх юмгүй, нэмээд өвчтэй байхад хээр майханд амьдруулах гээд байхад хэн дуртай байх билээ. Нэг үгээр цагаачид дайнаас зугтаж ирсэн үү, дайн авчирч ирсэн үү гэдэг бол нээлттэй асуудал. Гуравт - улс төрчдийн шийрэгнэсэн байдал. Террорист гэж хэн юм, аль байгууллага нь юм гэдгийг одоо болтол тодорхойлоогүй. Дарангуйлсан дэглэмийн эсрэг тэмцлээ гээд автоматаар "энхийн цагаан тагтаа" болчихгүй шүү дэ. Сирийн босогчид дунд Исламын улсаас дутахааргүй фундаменталист нөхдүүд бий. Тэмцлийн хэлбэр нь цэвэр террор бүлэглэлүүд ч байгаа. Эдгээрийг ялгалгүй бүгдийг нь "сөрөг хүчин" гэж үзэх нь буруу. Хэн нэгэн өөр улсад энгийн иргэдийг дэлбэлж л байгаа бол хэзээ нэгэн цагт гэрт чинь ирээд дэлбэлнээ л гэсэн үг гэдгийг одоо л ойлгож байгаа байх. 
Ер нь террорыг дан ганц цагдаа тагнуулын алба илрүүлэх нь хүндрэлтэй. Террактыг вокзал юмуу онгоц буудалд таслан зогсоодоггүй. Түрүүн хэлсэнчлэн бэлтэглийн шатанд нь л арга хэмжээ авахгүй бол хожимдно. Ямарч улс терроризмаас өөрийгөө 100% хамгаалж чадахгүй. Яахав, тухайн улс нь бүрэн тоталитар дэглэмтэй бол хяналт тавихад арай дөхөм байж болох. 
Мөн яагаад яг Бельгийг довтлов гэдэг асуулт бий. 1-рт, Европын нийслэл юм. 2-рт буюу гол зорилго нь - цагаачдад хандах хандлагыг дордуулах. Уугуул иргэд цагаачдаас жийрхдэг, тэдэнд дургуй болно. Нөгөө талаас мөн бельгичуудыг үзэн ядаж эхэлнэ. Энэ нь террорист байгууллагуудад эгнээндээ шинэ гишүүд элсүүлж дахиж дэлбэрэлт зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Франц болон Бельги цагаачдаар дүүрээд удаж байна шүү дэ.
Нэгэнт энэ сэдвийг хөндсөн дээрээ барууны аюулгүй байдлын системийн тухай ярилцацгаая. Барууны орнуудад цагдаадаа сайн ханддаг. Соёлын нэг хэлбэр юм да. Иргэд нь өөрсдийгөө улсынхаа өмнө хариуцлага хүлээсэн гэдгийг арай илүү ойлгодог гэхүү дэ. Тиймээс цагдаадаа тусалдаг, тэдний ажлыг дэмждэг. Тэгээд үүгээрээ бахархдаг. Манайд, хуучин соц лагерьт, тэр тусмаа хойно бол цагдаадаа сайн ханддаггүй. Оросууд бол "мент", "мусор" гээд бүүр үзэхгүй. Цагдаад мэдэгдлээ - бууны нохой, олиошиг. Нийгмийн аюулгүй байдлыг хэнч өөрийн асуудал гэж үздэггүй, "надад падлий" гэсэн өнцгөөс ханддаг. Яг өөрт нь л асуудал тулгарвал цагдаад ханддаг: машин нь мөргөлдлөө, гэрт нь хулгай орлоо - цагдаа. Харин гадаа нь согтуу гарууд нүдэлцээд хутга шөвгө дээрээ тулж байхад цагдааруу залгахгүй - "Ямар манай гэрт алалцаж байгаа биш, шаарнууд нэгнийгээ алвал ална л биз". Гэр хорооллын гудманд сэжиг бүхий этгээдүүд айлууд шинжээд явж байхыг гэр нь тэр гудманд л бол мэдэгднэ, түүнээс биш "би ямар олиошиг биш, мэдэгдлээ гээд цагдаа арга хэмжээ авдаг ч биш, дараа нь эргэж дуудаад лай болно" хэмээн боддог. мьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол" гэдэг үг хүртэл бий. Харин Европт цагдаад утасдаж мэдээлэх нь энгийн үзэгдэл. Тиймээс цагдаагийн тоо нь харьцангуй бага байдаг. (Линкээр ороод аль улсад 100,000 хүнд хэдэн цагдаа ногдож буйг сонирхоорой. Ер нь улс нь хөгжилтэй байхын хэрээр цагдаагийнх нь тоо бага байгаа нь ажиглагдна.) Тэгсэн мөртлөө гэмт хэргийн илрүүлэлт нь бол өндөр шүү дэ. Бид 70 жилийн турш мэдээлэгч, олиошиг, бууны нохой байх нь ичгүүртэй явдал гэж үзэж ирсэн. Тэгэхээс ч өөр арга байгаагүй, нийгэм нь тийм байлаа. Одоо арай ондоо цаг ирсэн, ондоо ч нийгэм бүрэлдсэн. Сая Бельгид дэлбэрэлт болоход бельгичүүд хүчний байгууллагуудаа буруутгаж чичихгүй байгаа нь ажиглагдсан. Франц ч гэсэн тэгсэн. Хүн бүр ийм явдал болсонд өөрөө ч гэсэн тодорхой хэмжээний буруутан гэж үзэж байгаа болохоор тэр. Энэ бол нас бие гүйцсэн, төлөвшсөн хүний байр суурь юм. Харин ОХУ-д дэлбэрэлт болонгуут цагдаа, До яам, тагнуул, өөр юуч байдаг юм - бүгдийг нь газар дор ортол муулдаг. Муулаад л байна, муудаад л байна, нөгөөдүүл нь ч гэсэн дөжирчихсөн. Энэ бол өсвөр насны хүүхдийн байр суурь юм - нэг ёсондоо "буруу буруу буруу бусдын буруу". 
Бид ч гэсэн ялгаа бага "Би татвараа төлсөн, эд нар төсвөөс цалин авч байгаа юм чинь ажлаа хийнэ биз" гэж ханддаг. Олон зүйл дээр ажиглагддаг шүү. Хог цэвэрлэдэг, тэрнийхээ төлөө цалин авч байгаа хүн байхад ганц чихрийн цаас хаялаа гээд буруудахгүй, тэртэй тэргүй эргэн тойронд битүү л хог байнадаг гэж бодоод л хогоо хаячих жишээний. Иргэнд эрх гэж байхаас гадна үүрэг гэж бас бий шүү дэ уг нь. Тиймээс цагдаад хандаж л байх хэрэгтэй. Нөгөө талаас цагдаа ч гэсэн цагдаа шиг, хүндлэл хүлээхээр байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дөнгөж ахлах дэслэгч болчихоод хүн барьж авч мөргөчих гээд байдаг нөхдүүд мэр сэр таардаг. Эрхээ эдэлчихээд үүргээ биелүүлэхгүй, цагдаатай ямарч холбоогүй л бол хөндий орон зай үүснэ. Европт энэ хөндий орон зай нь цагаачид болчихоод байгаа юм. Энэ хаалттай орчноос л ирээдүйн террористууд төрнө. 
Ер нь иргэн ба цагдаа хоорондын харьцааны гурван хувилбар бий л дэ: 1. - Мэнд амоор! гээд камерт орох. Энэ тохиолдолд цагдаа байтугайг үзэн ядах биз. Тэгээд насан туршид "Эрийн муу цагдаа" гэсэн ойлголттой болно. 2. - Хууль бол хууль, дагахгүй бол болохгүй гээд цагдаад тусалж байх. 3. Нүд нь балай, чих нь дүлий буюу одоогийн байр суурь. Юуч болж байсан өөрийг нь хөндөөгүй л бол болоо. Тэгэхлээр алийг сонгох нь өөрийн чинь л ухамсрын асуудал.

1 comment:

  1. Сонирхорхолтой дүгнэлт байна. Гэхдээ цагаачид буюу дайнаас дайжиж орогно хүссэн хүмүүс террорист байдаггүй гэсэн статистик бий. Харин тухайн нутагт төрж өссөн, тэдний иргэн байх олон. Өөрөөр хэлбэл 2 дах үеийн цагаачид гэх үү дээ.

    ReplyDelete