04 April 2016

Оросуудын ондоо нэршил

Орос хэлний хичээл.
Оросуудыг янз бүрийн улс оронд есөн шидээр дуудаж нэрлэдэг. Манайд жишээ нь дур нь хүрэхлээр "орос ах нар" гэчихээд, дургуй нь хөдлөхөөр "мангар Иван" гэх нь энгийн үзэгдэл. Ийм зарим нэршлийг тайлбарлах гэж оролдоё.
1. Москаль.
Москаль гэж Москвагаас гаралтай хүнийг эхэндээ хэлдэг байсан. Одоо бол орос л бол москаль. Тэр тусмаа гүрж, украинчуудын хувьд оросууд - москали. Уг нь муу утга тээгээгүй үг байсан юм. Цагийн уртад утга нь өөрчлөгдсөн.
Олон тооны дайны үед, за тэгээд энгийн үед ч тэр орос цэргүүд казармд байрлахаасаа илүү тосгон сууринд шингэх нь элбэг байж. Цэргүүд л болсон хойно жижиг сажиг хулгай хийнэ, нутгийн бүсгүйчүүдийг эргүүлж жирэмслүүлчихээд алга болно. Өөр улсын хувьд гэлтгүй орон нутгийнхны хувьд ч Москвагаас илгээсэн цэргүүд л бол "москали" шүү дэ. Эндээс "москалить" буюу хульхидах, хуурах, хусах гэсэн утгатай үйл үг үүсчээ. Цаашлаад нэр үг нь гарсан.
2. Кацап.
Энэ нэршлийг оросуудад ахан дүүс нь болох украинчууд (хохол гэдгийнх нь хариуд) өгсөн. Кацап гэдэг нь украин хэлний "как цап" (цап - ухна, как цап - ухна шиг) гэдэгтэй дуудлага төстэй юм. Украинчууд сахал үсээ ихэвчлэн хусдаг байсан бол оросууд ургуулдаг байв. Тиймээс үс ноосондоо баригдсан орос эрийг ямаатай зүйрлэх нь зүйн хэрэг. Бас нэг тайлбар бий: түрэг хэлний "касап" гэдэг үгнээс үүсэлтэй гэдэг. Энэ нь "дээрэмчин, алуурчин, сайн эр" гэсэн утгатай. Кацапаас үүдээд орос орныг украинчууд олон янзаар дууддаг болоод байгаа: Кацапия, Кацапурия, Кацапляндия, Кацапстан г.м.
3. Иван.
Зөвхөн монголчууд оросуудыг Иванаар дууддаггүй. Америкчууд ч тэр, германчууд ч тэр Иван л гэнэ. Шалтгаан энгийн - Иван хамгийн түгээмэл нэр. Оросууд ч гэсэн немцуудыг фриц гэж дууддаг нь цаанаа адилхан хүний нэр л байгаа юм. Кавказчуудыг яагаад хач, хачик гэж дууддагийг мэдэх үү? Армян хэлэнд загалмайг хач гэнэ, тиймээс Хач нэртэй хүмүүс их байдаг. Азербайджан болон туркууд лалын шишинтай бөгөөд хэзээнээс сайн харьцаатай байгаагүй христ шүтлэгэтэй армянчуудыг "хачик" гэж жижигсэгсэн нэрээр дуудаж эхэлснээс улбаатай юм.
4. Тыбла, тибла.
Балтын орнуудад, тэр дундаа Эстонид оросуудыг ингэж дуудах нь элбэг. Яаж үүссэн гэж бодож байна? "Ты бл...дь!" гэдэг хараалаас. Эстонид эхэлж зөвхөн орос цэргүүдийг ингэж нэрлэдэг байснаа сүлдээ (1991 оноос) бүх нийтээр нь дууддаг болсон. Одоо бүр амар, "tibla" гэдэг нь доромжлол биш, Homo soveticus гэсэн утгатай хэмээн тайлбар тавьчихаад сууцгааж байгаа, эстоничууд.

03 April 2016

Ая харьцуулалт

80-аад оны "Прогноз погоды"-гийн аяыг санаж байна уу?


Харин энэ 69 оны клип.


Муслим Магомаевын хувилбар бас бий:

Dying Light - Zombie Parkour POV


Эхнэр бэлтгэх сургууль

1937 онд нацистууд "Эхнэр бэлтгэх сургууль" нээсэн байдаг. Энд SS болон NSDAP (Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei)-ын гишүүдэд зориулж эхнэр бэлтгэх ёстой аж. Курсуудээр гэр ахуй, хүүхдийн хүмүүжил, хөдөө аж ахуйн хичээлүүд заагддаг. Нацистын эхнэр төгс байх ёстой, мөн их дээд сургуульд сурахгүй, офист болон үйлдвэрт ажиллахгүй, зөвхөн арын албыг сайн даах ёстой гэсэн үзлийг түгээж байлаа.
Нацистуудын гэргий болох хүсэлтэй бүсгүйчүүдийг сургах курсуудын эхийг SS-ийн рейхсфюрер Генрих Гиммлер 36 онд холбогдох тушаал үзэглэснээр тавьсан. Анхны "сүйт бүсгүйн сургууль"-ийг Гертруда Шольц-Клинк толгойлжээ. 1943 оных нь зураг:
Энэ эмэгтэй тухайн үед Национал-социалист эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн нь байв. Тус байгууллагад оргил үед нь буюу 1943 онд 7 сая эмэгтэй гишүүн бүртгэгдсэн байсан юм. 
1939 онд төгсөгчдийн нөхөр болох нэр дэвшигчдэд цэргийн офицеруудыг нэмсэн байдаг. Анхны сургууль Берлины дэргэдэх Ваннзее нуурын Шваненвердер арал дээр нээгдсэнээс хойш 1944 он хүртэл 32 сургууль нээгдсэн тоо бий.
Сургуульд зөвхөн цэвэр цусны арий үндэстэн бүсгүйчүүдийг сонгон шалгаруулж авдаг. Гэхдээ еврей цус нь 1/8-ээс давамгайлаагүй цөөн тооны бүсгүй бас элссэн байдаг. Эрүүл чийрэг бие, сэтгэл мэдрэлийн өвчингүй байх зайлшгүй шаардлагатай. Мэдээж хэрэг бие эрхтний согогтой бол авахгүй. Мөн эцэг эхийн аль нэг нь шизофрени-гээр өвчилж байсан бол шанс байхгүй.
Сургуульд бүсгүйчүүд зургаан 7 хоногийн сургалтанд хамрагдна (1939 оноос 2 сар болсон). Энэ хугацаанд аж ахуй, гэр ахуйн талаар заахаас гадна улс төр, түүх, генетикийн суурь, үүн дотроо яс үндэстнүүдийн тухай хичээл ордог байв. Өдөр бүр биеийн тамирын хичээл 2 удаа орно. 
Хөдөө аж ахуйн хичээлд онц ач холбогдол өгдөг байж - зөвхөн энэ хөдөлмөрийг л немц эмэгтэй хүн хийх хувьтай гэж үздэг. Риторика буюу уран ярьж илтгэх урлаг, биеэ зөв боловсон авч явах, хүүхэд асрах болон хүмүүжүүлэх хичээлүүд бас чухал. Курсыг амжилттай төгсөгчдөд сертификат гардуулснаар "үлгэр жишээ герман эр"-тэй суух эрхтэй болдог. Курс үнэгүй биш л дэ, 135 рейсмаркын төлбөртэй. Гэхдээ зардлаа хурдан нөхөх боломж олон - курсыг төгсөгч "жинхэнэ арий үндэстэн эр"-тэй гэр бүл болвол улсаас 1000 рейсмаркын тэтгэмж 5 жилийн дараа эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогддог ба хүүхэд төрөх тоолонд 250 нь хасагдах журамтай. Цэвэр цусны арий үндэстнийхээ тоог нэмэх сонирхол нацист дэглэмд их байсан болохоор ийм арга хэмжээ авдаг байсан нь тодорхой. Мөн ажил хийлгэхгүй, их дээд сургуульд сургахгүй гэдэг нь ч бас үүнтэй холбоотой - бүсгүй хүн гэртээ хүүхэд төрүүлээд л байж байвал зүгээр. Немц гэргийн хүмүүжлийн үндсийг гурван "К" тодорхойлно гэж үздэг байв: kinder, küche ба kirche (хүүхэд, гал зуух ба сүм). 
Хэрэв ажиллаж байсан эмэгтэй нөхөрт гараад сайн дураараа ажлаасаа гарвал улсаас 600 маркын буцалтгүй тусламж ологогдно. 1934 оноос төрөлтийг идэвхтэй дэмжиж эхэлсэн (гэр бүлийн болон хүүхдийн тэтгэмж олгогддог болов). Олон хүүхэдтэй айл эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттэй тарифаар хамрагдна. Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтууд олноороо зохион байгуулагдаж эхлэв. Эх хүн байх, олон хүүхэд төрүүлэхийг засаг нь зогсоо зайгүй магтан дуулж байсан бөгөөд 8 хүүхэд төрүүлсэн бол "Эхийн алтан загалмай" одонгоор шагнагдаж, сард 500 маркын тэтгэмж авах болно. Тухайн үед хамгийн өндөр темпээр хүн ам нь өсч байсан улс Европт Герман байгаа юм. 1934 онд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо нь сая гаруй байсан бол 1939 онд 1,5 болсон байдаг.

02 April 2016

Brainstorm - Рамочка

Төрийн далбааны тухай

Төрийн далбааны тухай сонирхолтой сайт: http://flagstories.co/

Эрүүл монгол хүнс

"Муу хүн идсэнээ" цувралаас.
Хүн мах идэж байх хэрэгтэй. Мацаг барьж тодорхой хугацаанд цагаан хоолтон болж болно (жишээ нь зун цагаар). Дан цагаан хоол хэрэглэх нь төдийлөн сайн биш: https://lenta.ru/news/2016/03/30/vegetariandiet/?t
Монгол хүн бол тэр тусмаа махчин байгальтай. Хөдөө мах идэхгүй амьдрах гээд үзэлдээ. Борц бол мах. Борц хорт хавдар үүсгэдэг гэдэг боловч би намар жаахан борц бэлдэж авахыг хичээдэг. Жаахан борц идлээ гээд ходоодны рак тусахгүй, энэ УБ-ын агаараас болж уушигны рак л тусах магадлал өндөр. Шорлог ч гэсэн эрүүл мэндэд тустай хоол биш. Тэглээ гээд шорлог хийхгүй байна гэж ч юу байхав, салхинд гарахдаа хийж л байгаа юм чинь.
Борцны хувьд - өөрийн даруухан хэрэгцээнд ганц хэц өлгөсөн юм. Сая хөдөөнөөс дүү бас жаахан борц илгээж. Хавар цагт борцтой хоол шиг сайхан зүйл ховор: борцтой лапша, цуйван, за тэгээд борцтой, шар будаатай банштай цай бол тасархай. Хавар хүн ер нь жаахан тамирддаг юм. Тиймээс витамин хэрэглэж байвал зүгээр. Эмийн сан алхаад хэдэн савалгаа витамин авчихаж болно. Мөн хүнсээс витамин нөхөлт хийж болно. Тухайлбал: цагаан сарын худалдааны үеэр энэ жил жимс хямд байсан. Уржинан жил кг нь 10 гаруй мянгатай байсан аньс энэ жил 6-тай буюу бараг 2 дахин хямд зарагдаж байлаа. Хэдэн кг-ыг хөлдөөгчид хийгээд мартах хэрэгтэй. Хэдэн дугуй хөлдүүс аарцтай. Аарц хямд боловч маш тустай идээ байгаа юм. Хавар аньс, аарц уух нь ханиаднаас сайн хамгаалдаг, тэр тусмаа хүүхдүүдийг. Мөн намар цагаар элбэг дэлбэг байдаг идээ цагааг дарах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. 40 литр айраг Архангай явахдаа авчираад цэвэр усны 5 литрийн савнуудад 20-ийг нь хийгээд хөлдөөж орхисон. Цагаан сараар хэрэглээд цаана нь нэг сав үлдсэн юм. Сая 3 сард гаргаж ирээд уусан - үнэн таашаал авч байгаа юмаа, хэ-хэ. Бас цувдай байна. Балкон дээр хоёр цувдай өвлийн турш хөлдүү хэвтээд л байсан. Дулаараад ирэхлээр оруулж ирээд гэдсэн хуушуур хийсэн - идээгүй удсаных ч тэр юмуу янзын. 
Ногоо. Хятад ногоог болж өгвөл хэрэглэхгүйг хичээдэг. Ногоог намар дараад байх онц шаардлага байхгүй л дэ. Зориулалтын зоорьтой хүмүүс жилийн 4 улиралд монгол ногоогоор хүнсний захуудыг таслахгүй байгаа. Гэхдээ байцаа бол хавар тасалддаг юм. Тиймээс байцааг л жоорловол жоорлох юм да. Хэрчээд, ваккуум уутанд хийгээд хөлдөөж орхидог юм билээ. Бас лууван, хүрэн манжин зэргийг хөлдөөсөн. Өвөл цөцгийтэй борщ бас давгүй.
Дээрх бүгдийг энэ жил гүйцэлдүүлсэн. Үнэн хэрэг дээр миний оролцоо гэж юу байхав, эхнэр ээж хоёр л хоёр гэртээ таарсан хэмжээний хүнс ногоо дарах ажлыг амжуулдаг юм. Би яавах, тэрийг нь намар авчирна, хавар дегустатор хийнэ. Одоо хэдэн яс, толгой, өвчүү үлдсэн байгаа. Ойрмогхон тойгны шөл, хяруусласан толгой өвчүү хашаандаа очиж хийнэ дэ. Хөгширч байгаа юм байлгүй, хяруусласан юманд нугасгүй болоод байгаа.

01 April 2016

Broken Roads. From Finland to Mongolia on a motorcycle


Маркс, Энгельс болон Тито

Черногори, Подгорица. Church of the resurrection of Jesus Christ.
Тамын галд Маркс, Энгельс болон Тито шатаж байна.

Ногу Свело - Апрель