Хүн 45 нас өнгөрөөд хэрсүүжиж, ухааждаг юм шиг байгаа юм. Хүүхдүүд том болоод, тусдаа гарах нь гараад, зарим нь ач зээгээ үзэж өвөө, эмээ болдог. Урд нь хүүхэд төрөх, нярай хүүхэд асрах, цэцэрлэг, сургууль гээд бужигнаж байсан амьдрал нэгэн хэвийн, өдөр хоногууд ялгарах юмгүй болж солигддог. Ихэвчлэн амьдралаас хүлээж байсан хүлээлт нь биелээгүй, мөрөөдөл нь алсад хоцорсон байж таардаг. Итгэж байсан зүйлс нь замхарч, эрүүл мэнд нь доголдох нь түгээмэл - хараа муудна, сахар ихсэнэ, даралт хэлбэлзэнэ, бөөр нуруу, үе мөч өвдөх нь элбэг. Энэ бүхэн дунд насны хямрал гэдэгрүү аажуухан хөтөлж байдаг.
Дээрх үзэгдэл хүн болгонд их бага хэмжээгээр тохиолддог. Энэ насанд хүн хангалттай туршлага хуримтлуулсан, нийгэмд байр сууриа олсон, өөрөө шийдвэр гаргадаг түвшинд хүрсэн байдаг. Хүний болон өөрийн өмнө хариуцлагаа бүрэн хүлээдэг болсон нас гэхүү дэ. Бас энэ насанд хүн үхэл гээчийг сайн ойлгосон, мэдэрсэн байдаг. Ойр дотны хүрээллээс нь, дотны хүмүүсээс нь ертөнцийн мөнх бусыг үзүүүлсэн хүн мэдээж байж л байдаг. Улмаар хүн өөрийнх нь ч гэсэн буцах өдөр хоног ойртож буйг, хэзээч хамаагүй үхэж мэдэхийг илүү ойлгодог. Би яг зөв амьдарч байна уу, зөв зүйл хийж байна уу, аз жаргалтай байна уу, зөв хүнтэй цуг байна уу г.м. элдэв асуудал толгойд нь эргэлдэж эхэлдэг. Бусадтай өөрийгөө харьцуулдаг - сайнтай нь болон муутай нь.
Энд хүн нэг зүйлийг сайн ойлгох ёстой юм шиг - нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо. Хүнээс юу үлддэг юм? Нэр үлдэнэ, үр хүүхэд нь үлдэнэ. Үхэн хатан мөнгө ч юмуу, карьер ч юмуу, эрх мэдэл хөөж элийгээ хийх юм. Шуналаа бас дарж байх нь зөв. Хэн нэгэнтэй өөрийгөө заавал жишиж яах гэсэн юм? Анд нөхдийн нөхөрлөл, дотны хүмүүсийн хайр байхад хүнд өөр нээх их зүйл хэрэггүй.
Би хувьдаа шулуудсан. Миний тухай хэн юу гэж бодох - 80 дахь асуудал. Таалагдахгүй зүйлээ хийхгүй, хэлэх гэсэн юмаа хэлсээр ирсэн, цаашид тэр чигээрээ дуусна. Дуртай зүйлээ хийнэ, ажиллах цагтаа ажиллаж амрах цагтаа амарна. Үлдсэн 1/3 замыг "үхсэн баас, намайг хэн хэлэхэв" уриатай туулна гэж бодож байгаа.


Хүн бүр өөр өөрсдийнхөө зөв гэж бодсон зүйлсээ л хийдэг. Гагцхүү тэр нь хэр оновчтой зөв шийдвэр байсан бэ гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа....
ReplyDelete