21 July 2023

Говь-Алтай аймаг, Алтай сум

Замд Өвөрхангай, Баянхонгор аймгийн төвүүд тоггүй байв (Булганд шугам гэмтсэн бөгөөд засвар нь дуусаагүй). Түүнээс гадна Баянхонгороос гарч явахад Говь-Алтайн Бугатад тарваган тахал гараад, Алтай хотод хөл хорио тогтоочихлоо гэсэн мэдээлэл ирэв. Сэжигтэй тохиолдол гарсныг нь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт авчирчихсан юм билээ. Сүүлд тахал мөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Аймгийн төв орох боломжгүй болсон болохоор Бигэр, Цогт сумаар дайрч явсан. Говь-Алтай аймагт хур ороогүй, гандуу зун болж байна лэ.
 
Урдуур ирэхлээр Захуйн говийг туулаад Аж Богдын нурууг ороож сумын төврүү орж ирдэг юм билээ. Замд хилийн зурваст ойртсон, хилийн цэргийн анги дээр бүртгүүлсэн.
Алтай нь цахилгааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдолгүй үлдсэн ганц сум байсан цаг саяхан. Цахилгааны асуудлаа зуны цагт нарны эрчим хүчээр, өвөл дизель мотороор шийддэг байв. Дизель өдөрт хэдхэн цаг ажиллана, тэр хооронд шуудан дээр байх интернэтэд холбогдсон хэдхэн компьютераас мэйл илгээх гэж дугаарладаг байсан гэсэн. Одоо бол хятадаас тог авдаг болж. Тээр цаана нарны батарейнууд нь харагдаж байна.
Суманд бохирын шугамын ажлууд хийгдэж байна лэ (баруун талруу харна уу). Боловсон 00-той болох цаг ойртсоор.
Доороос хөрс төөнөөд, дээрээс нар шараад - товчхондоо говь. Говь говьдоо цөлжилттэй гэмээр, ногоон байгууламж бага. Сонирхуулахад - хэт халуунд бензин өглөө юмуу орой авахгүй бол үдийн халуунаар ууршаад шахагддаггүй гэсэн. Түлш бол зүгээр. Цаана байгаа уулс - Аж Богдын нуруу.
Цэцэрлэгийн шинэ барилгын суурь тавигдаад гүйцэтгэгч нь хульхидаад алга болсон, шүүхдэлцэж байгаа гэнэ. Тиймээс актлагдахад бэлэн болсон барилгадаа ажилласан хэвээр. Цэцэрлэг нь хуучин ч гэлээ цэвэрхэн, тохилог, орчны тохижилт хийгдсэн. Таалагдсан. Зогсоолын тэмдэг сум орон нутагт байдаг жишгийн дагуу гараар хийгдсэн. 
Нутгийн удирдлагын ордныг шинээр барьсан байна лэ. Засаг нь ийм барилгатай сум цөөхөн л байх.
Замд элдэв онц нөхцөл байдал үүсэлгүй сайн яваад ирсэн.

No comments:

Post a Comment