23 July 2023

Ээж хайрхан уул

Ээж хайрхан уул нь манай орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм.
Зурагнуудын хувьд зарим нь минийх, зарим нь цуг явсан залуучуудынх.
Цогт сумын талаас (хойд зүгээс) ингэж харагддаг юм билээ. Тойроод хөндий дүүрэн заг. Дан залуу заг байна лэ.
Баянтоорой талаасаа буюу урдаасаа.
Бид уулруугаа гарч хоноглосон.
Гол ус, тэнгис далай, нуур, хангайн уулс хүнийг татдагийн адил говь ч гэсэн өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй. Хэрмэн цав г.м. өвөрмөц тогтоцтой газруудад очиход мэдрэнэ. Ээж хайрхан ч гэсэн ялгаагүй. 
Харь гаригтай ч юмуу өнгөрсөн, ирээдүй үетэй кино авахад бэлэн.
Ус зарим газар шулуун урсдаг бололтой, шугамдсан юм шиг тэв тэгшхэн хагархайнууд цөөнгүй таарсан. 
Бас нэгнээсээ нэгрүүгээ дамжин урсах устай есөн тогоотой юм билээ.
Биологийн олон янз байдал.
Төгсгөлд нь homo sapiens-ийн төлөөллийн зураг. 

21 July 2023

Говь-Алтай аймаг, Алтай сум

Замд Өвөрхангай, Баянхонгор аймгийн төвүүд тоггүй байв (Булганд шугам гэмтсэн бөгөөд засвар нь дуусаагүй). Түүнээс гадна Баянхонгороос гарч явахад Говь-Алтайн Бугатад тарваган тахал гараад, Алтай хотод хөл хорио тогтоочихлоо гэсэн мэдээлэл ирэв. Сэжигтэй тохиолдол гарсныг нь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт авчирчихсан юм билээ. Сүүлд тахал мөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Аймгийн төв орох боломжгүй болсон болохоор Бигэр, Цогт сумаар дайрч явсан. Говь-Алтай аймагт хур ороогүй, гандуу зун болж байна лэ.
 
Урдуур ирэхлээр Захуйн говийг туулаад Аж Богдын нурууг ороож сумын төврүү орж ирдэг юм билээ. Замд хилийн зурваст ойртсон, хилийн цэргийн анги дээр бүртгүүлсэн.
Алтай нь цахилгааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдолгүй үлдсэн ганц сум байсан цаг саяхан. Цахилгааны асуудлаа зуны цагт нарны эрчим хүчээр, өвөл дизель мотороор шийддэг байв. Дизель өдөрт хэдхэн цаг ажиллана, тэр хооронд шуудан дээр байх интернэтэд холбогдсон хэдхэн компьютераас мэйл илгээх гэж дугаарладаг байсан гэсэн. Одоо бол хятадаас тог авдаг болж. Тээр цаана нарны батарейнууд нь харагдаж байна.
Суманд бохирын шугамын ажлууд хийгдэж байна лэ (баруун талруу харна уу). Боловсон 00-той болох цаг ойртсоор.
Доороос хөрс төөнөөд, дээрээс нар шараад - товчхондоо говь. Говь говьдоо цөлжилттэй гэмээр, ногоон байгууламж бага. Сонирхуулахад - хэт халуунд бензин өглөө юмуу орой авахгүй бол үдийн халуунаар ууршаад шахагддаггүй гэсэн. Түлш бол зүгээр. Цаана байгаа уулс - Аж Богдын нуруу.
Цэцэрлэгийн шинэ барилгын суурь тавигдаад гүйцэтгэгч нь хульхидаад алга болсон, шүүхдэлцэж байгаа гэнэ. Тиймээс актлагдахад бэлэн болсон барилгадаа ажилласан хэвээр. Цэцэрлэг нь хуучин ч гэлээ цэвэрхэн, тохилог, орчны тохижилт хийгдсэн. Таалагдсан. Зогсоолын тэмдэг сум орон нутагт байдаг жишгийн дагуу гараар хийгдсэн. 
Нутгийн удирдлагын ордныг шинээр барьсан байна лэ. Засаг нь ийм барилгатай сум цөөхөн л байх.
Замд элдэв онц нөхцөл байдал үүсэлгүй сайн яваад ирсэн.

10 July 2023

Оози сайдр олдсон

Энэ жилийн наадам хөгжилтэй эхэлж байх чинь. Ханаду вайн-д австрали сайдр байхтай таарлаа.
Сайдрыг халуунд хүйтнээр нь хэрэглэхэд хамгийн тохиромжтой хөнгөн алкоголь гэж хувьдаа боддог. Энэ тухай бичиж ч байсан. Жил болгон л за энэ намар алимаар сайдр исгэж үзье дэ гэж боддог хэдий ч яг цаг нь тулахаар амждаггүй. Тэгсэн харин худалдаанд танил бараанууд ороод ирчихсэн байх чинь. Үнэтэй л юм, гэхдээ одоо яай гэхэв. Мартагдсан амт - кайф.

04 July 2023

Onebot

Mi-гий дэлгүүрээр орсон чинь хөөрхөн угсардаг тоглоомууд таарав.
Яаж зүгээр өнгөрөх билээ.
Бетон зуурагчтай болсон.

03 July 2023

Нийтийн тээвэр

Автобусны UB Smart Bus app-ыг өдөр тутам ашигладаг. Суух автобус хаана явааг мэдэх гээд орохлоор заримдаа бүгд шугамныхаа нэг талд гарчихсан цуваад явж байдаг. Нөгөө талд хүлээж байгаа улс өрөвдөлтэй. 
Автобусны U-money картыг онлайн цэнэглэх боломжийг өргөн болгомоор байнаа. Toki болон Hi-Pay-гээр цэнэглэж болдог гэх боловч би оролдоод бараагүй. Утсанд нэгж авдаг шиг хялбар болмоор байна. Тэгэхгүй бол ТҮЦ-үүд нь 2, 3 мянгаар л цэнэглэнэ, карт уншихгүй г.м. бас тэрүүхэндээ шоглоод наачих юм.