14 October 2018

Өмнөговь. Аялалын тойм

Замд соёл иргэншлийн ч мөр таарлаа:
Хүй нэгдлийн ч ул мөрийг харлаа:
Эхний зогсоол - Ёлын ам:
Ёлын амд хоноглож чөмгөө царцаасан (уг нь хоноглох хориотой юм билээ). Машины датчик -11C зааж байна лэ. Гал түлэх хориотой, хориглоогүй байсан ч түлэх юуч байхгүй газар. Машинд унтаж байхад хамар, чих даараад амнаас уур гараад байгаа юм чинь. Би бас боломжийн - машинд, манай хэд зуны майханд хоноцгоосон. Өглөө боссон - бүх ус тэс хөлдсөн байв.
Дараачийн өдөр нь Гурвантэсийн нутагт хоноглосон:
Салхигүй дулаахан үдэш таарсан. Заг ёстой янзын юм билээ, цогшоод унтарнаа нэг байхгүй. Илчтэй гэж жигтэй, ойртохыг аргагүй:
Сумын төвд буцаж очихдоо заг түлэх хориотойг мэдсэн. Хэнч анхааруулаагүй, сануулга ч хаана ч байгаагүй л дэ. Дандаа хориотой зүйл хийгээд яваад байна гэж юу байхав. Унаж өгөршсөн заг түүж түлсэн, юу гэж зүгээр ургаж буй модыг шатаах билээ, солиорсон биш. Өглөө нь Хэрмэн цавд ирцгээв:
Ийшээ хүн зорьж л очно уу гэхээс биш айл амьтан, мал хуй юуч байхгүй, ус мөн адил таарахгүй, зам нь муу, сумаасаа хол газар:
Зун бол зүглэлтгүй - халаад алдаг гэсэн. Ганц машинтай ч ер нь зүглээд хэрэггүй, эвдэрвэл тэгээд л дуусаа. Марс гаригийн тухай кино үзэж байгаа мэт санагдсан: 
Сонин хэлбэр дүрстэй чулуужсан зүйлс олон:
Коралл (буюу шүр) чулуужиж.
Боломжтой бол ирээд үзчихэд илүүдэхгүй л байх - Монгол орны маань гайхашигт газруудын нэг шүү дэ:
Баянбүрдэд нь ус алга байна лэ, уг нь байдаг гэсэн.
Энд Сэк дрон хөөргөж зураг, бичлэг хийсэн (нэг завандаа толилуулнаа):
Уламжлалт кадр - редакци пиво уунгаа "хойд насандаа хонин гүрвэл болж л говьд төрддөггүй юм шүү" хэмээн бодож байна:
Говьд нар жаргах үеэр:
Энэ удаад заг байхгүй газар хоноглосон. Тиймээс харгана жаахан түлж гааз дээр хоол ундаа хийж идчихээд Далайдаа төрсөн өдрийнх нь бэлгийг гардуулж баяр хүргээд амарцгаасан:
Сэврэй, Булган сумаар дайраад Хонгорын элс дээр ирлээ:
Элсэн овооны хяраар хөл нүцгэн алхах янзын - наран талынх нь элс халуун, сүүдэр талынх нь хүв хүйтэн.
Бас л их элс байна лэ шүү, овоо хэдэн км үргэлжилсэн:
Хонгорын элсэнд амьд амьтнаас хар цох, хон хэрээ хоёр л таарах шив дэ:
Баян заг:
Баян заг нь Хэрмэн цавын жижигсэгсэн хувилбар:
Ялгаатай нь устай бөгөөд заган ойтой (тээр цаана харагдаж байна):
Говь гурван сайхан:
Сайхан аялаад ирсэн. Гагцхүү хугацаа давчуу - их л довтолгож явсан аялал байлаа. Төлөвлөснөөс Нэмэгтийг үзэж амжсангүй дэ. Дараа дараа жилийн аялалуудыг тавиухан төлөвлөхгүй бол ядраад ирж байна. Манай багийн гэрэл зурагчин тодорхой шалтгааны улмаас энэ удаад аялалд явж чадаагүй болохоор фото-зурагнууд жаахан тийм байдаг.
Миний хувьд ойрын үед зав зай их муу болоод байна, тиймээс пост цөөхөн нийтэгдэж байгаа юм шүү.

No comments:

Post a Comment