31 May 2015

Null


Ялалтын музей. 7-р хэсэг. Туг

2014.05.23. Дорнод, Халхгол.
Цувралын өмнөх дугаарууд:
Нэг: Деталиуд 
Хоёр: Ёслолын танхим 
Гурав: Цуглуулга
Дөрөв: Фото зураг
Тав: Буу зэвсэг
Зургаа: Гаднах техник

Энэ удаа - ёслолын танхимд өлгөөтэй туг далбааг сонирхоё. Туг нь дандаа шинэ, нэг хийцээр хийгдсэн, тиймээс сонирхол татахгүй. Монголынх соёмботой, хүрэн улаан өнгөтэй бол ЗХУ-ынх голдоо сүлдтэй, час улаан. Ямар анги нэгтгэл гэдгийг нь л унших юм да.
Зургадугаар морьт дивизийн байлдааны улаан туг.
149-й стрелковый Белорецкий полк. Хошууч И. М. Ремизов захирч байж. 1939 оны 7-р сарын 8-нд тулалдаанд амь үрэгдсэн. 8-р сарын 29-нд ЗХУ-ын баатар цолыг нөхөж олгож. Москва болон Чита-д нэрээр нь нэрлэгдсэн гудамж байдаг. Халхголын ойрхон Ремизовын өндөрлөг гэж бас бий. 
Наймдугаар морьт дивизийн байлдааны улаан туг.
82я Краснознаменная стрелковая дивизия. Забайкальский цэргийн тойрогт харъяалагддаг байсан энэ дивизи 39 оны 6 сард Халхголруу хөдлөх тушаал авсан. Халхголын дайны дараа Баянтүмэнд байрлаж үлдсэн.
Тавдугаар морьт дивизийн туган дээрх соёмбын пропорци бусдаасаа ялгаатай. Тухайн цаг үед соёмбыг ингэж л дүрсэлдэг байсан.
171й стрелковый Челябинский полк. Урал гэсэн үг.
Нисэх онгоцын нэгдүгээр хороо.
Зургадугаар хуягт бригад.
36й Волжский артиллерийский полк. Ижил мөрөн хавьцаа үүсгэн байгуулагдсан хэдийч мөн л Чита-д байрлаж байж.

ШАХNД

Өчигдөр ДСНК-гийн гэрлэн дохион дээр зогсоод толиндоо харсан чинь арын машинд энгэр дээрээ ШАХИД гэсэн том бичигтэй хүүхэн сууж байв. Юу билээ гээд лавшуураад хартал И биш N юмаа. Толинд бичиг урвуугаараа харагддагийг тухайн үед мартаж, угтаа бол ДИХАШ болж таарч байгаа юм. Эрэлийн сургууль дээр хуулийн салбарын тэмцээн болж буй бололтой, тахарын алба, шүүх гэсэн бичигтэй биеийн тамирын хувцастай хүмүүс олноороо цугласан байв. Араас явсан машин тэдэнрүү зүгэллээ. ДИХАШ гэдэг нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх юм байна гэдгийг тэгэхэд л ойлгов. N болон И зөрдөг нь туйлын харамсалтай, толинд өөрийнхөө зургийг дарахад урамтай байхгүй юу. Энгэрийн бичиг эвгүй байдалд оруулдаг тохиолдол цөөнгүй л дэ. Наад захын жишээ - Канадын хөгжөөн дэмжигчид:

ДДТ - Марина

UPD 2015.05.31 11:28
Ажиллагаагүй болсон дууг сэргээв. 1996 оны "Любовь" цомог, бонус-трек.


2011.06.21 11:13
- Энд ажиллагаагүй болсон grooveshark-ын дуу байв -

30 May 2015

Сүнс дээрээс хардаг уу?

Сүнс нь биеийг нь орхиж байснаа буцаж орсон гэх тохиолдлууд хэдэн мянгаараа бүртгэгддэг. Үхээд сэхсэн нөхдүүд өөрийгөө дээрээс нь харсан гэж цөөнгүй мэдэгддэг. Товчхондоо: эмч нар сандралдаж хамаатнууд нь уйлж унжиж буйг сүнс ажиглаж байснаа гэнэт "Нофщ! Индүүгээ залгаатай орхиж!" "Ер нь болилоо" гээд биетэй эргэн нэгдсэнээр баатар амь орсон болж таарч байгаа юм.
Нидерландын Тархи судлалын төвийн удирдагч Дик Сваабын нэг шавь туршилт хийж. Эхэлж бичиг хэргийн дэлгүүр орж өнгийн (флуоресцент буюу хэт-ягаан туяанд хурцаар гэрэлтдэг) цаас худалдаж авав. Голланд хэл хараалаараа нилээн баянд ордог гэнэ. Цаасаар том үсэгнүүд хайчлаад хамгийн муу муухай гэсэн хараалуудыг угсарч шүүгээнүүд дээрээ байрлуулав. Доороосоо юу ч мэдэгдэхгүй, дээрээс бол анзаарахгүй байх аргагүй. Найдвартай нь дээр гээд бүр хараалын үгнүүдээ гэрэлтүүлжээ.
Клиник үхэлд орчихоод буцаж сэргэхдээ сүнс нь биеэс нь гадагшилсан, дээрээс бүхнийг харсан гэх нөхдүүдээс шүүгээн дээр ямар нэг юм байсан гэж хэлсэн нэгч хүн гараагүй байна. 
Тэгэхлээр: клиник үхэлд орогсод худлаа бурсан, эсвэл сүнс маш ариун тул хараалыг ойлгодоггүй гэсэн хоёрхон дүгнэлт гарч байна.

Чулуун зэвсэг

1,4 сая жил. Хүн төрлөхтний 60 000 үе удам солигдсон хугацаа. Энэ хугацааны турш чулуун зэвсэгт ямарч өөрчлөлт гараагүй байна.

Воспоминания о войне

Никулин Н.Н.-ий 2008 онд гарсан "Воспоминания о войне" номыг уншиж байгаа. Цэрэгт 18 настайдаа татагдаж 1945 оныг дуустал явсан цэрэг эрийн дурсамж. Ямарч кино дэргэд нь бүдгэрнэ. Ном болж нийтлэгднэ гэж бодолгүй дурсамжуудаа 60-аад оноос бичиж эхэлсэн байгаа юм. Хэрэв тухайн үед илэрсэн бол шууд устгагдах байсан биз. Ийм дурсамжууд л тухайн үед фронт дээр болж байсан бодит үйл явдлыг бага ч болтугай нээж өгдөг. Хүнд ном. Орос хэлтэй бол уншихыг зөвлөж байна.

28 May 2015

Холимог хуурга

Ээлжит холимог хуурга.
Төрийн банк. Өнгөний зохилдлого байнаа байна. Бор дээр шар, нэмэх нь цэнхэр бичиг. Банкруу ороход урдаас чинь хар заарцаг тосох юм бол Хаан банк байна гэж ойлго. Өөр банкруу мөнгө шилжүүлэх гэхээр шилжүүлэх гэж буй мөнгөн дүнгээс чинь ихийг хураамж гэж нэхэх юм бол гарцаагүй Голомт гэсэн үг. Харин салбар нь харьцангуй шинэ, тавилга нь боломжийн, орчин нь цэвэрхэн, гэсэн хэдий ч үзээрийн бол Төрийн банк.
Тавчик.
Зүүн дөрвөн замын Петровис. Ихэнх ШТС-ын ажилчид карт өгөхлөөр байрлуугаа гүйдэг. Эднийх карт уншигчаа тусгай кабинд байрлуулж. Вакум цонхны үйлдвэрт хийлгэсэн гэмээр төрхтэй эд. Яагаад ажилтан болгонд жижиг оврын карт уншигч олгож болдоггүй нь оньсого. Дааж давшгүй хөрөнгө мөнгө шаардагдахгүй гэж бодож байна. 
Бат-Үүлийг баатар гэж өргөмжлөөд байх нь хаашаа юм, гэхдээ дажгүй мэр гэж боддог. Нийслэлд хогийн сав, сандал, ногоон байгууламж эрс нэмэгдэж, цэвэрлэгээ усалгаа хийгддэг болсон. Одоо нийслэлийн иргэд маань сандал дээр тухтай нь аргагүй нарлаж сууж байгаад урдаа гульгичихдаг болж.
Борш. Щ хаачсан? Гадаад үг бичих гэж байгаа бол толь хар гэж болсон болоогүй сэтгүүлчидэд заавар өгөх хэрэгтэй. Нэмэх нь редактор ажлаа хийхгүй байна л да.
Дээрх алдаа мэдлэг нимгэнийх бол энэ цэвэр анхаарал хайхрамжгүйнх. Царилгаан:
Маш гоё лого.
Монголбанкны 3-р давхрын 00-д олж харсан анхааруулга. Монголбанк гэснээс нэг түүх санаанд орж ирлээ. 10 гаруй жилийн өмнө КТМС-ээр орсон юм. Ангийн хүүхэд төгсөөд тэнд багшаар үлдсэн байлаа. Контр ид эрчээ авч байсан цаг. Лабораторид нь оюутнууд dust, town хоёр дээр буудалцаад л. Багш нар нь өөрийн ажлын байрнаас орчихсон дунд нь байлдаастай. Тэгсэн хэлж байнаа: манайд улсын аварга нэг хүүхэд байдаг юм, тоглоно гэж аюул, харахгүй юу гэв. Нэг террор town дээр дээд цонхоор үсэрч гарангуутаа газардалгүй доод цонхоор нь орж бариад уйлуулж байнаа. Би асуулаа, манайд хамгийн аймар тоглодог хүмүүс хаана байна гэж. 1-т мэдээж манайх (КТМС гэсэн үг), харин 2-т бараг Монголбанкныхан орох байх шүү гэж авдаг юм, ха-ха. Монголбанк 6 цаг болонгуут тогоо тасалдаг байсан гээд бодолдоо, ажилчид нь тоглоод гэртээ харьдаггүй болохоор.
Нар жаргах үед Нисорагийн шилэн фасад гоё өнгө ордог юм билээ.
Сак газар.
Дүрс сайн гараагүй байна. Их боломжийн зураг-сурталчилгаа зурсан барилга байна лэ.

27 May 2015

Аймар таавар

UPD 2015.05.27 23:22
Нямбаа зөв хариулжээ. Хэн өглөө юу идсэнийг яг хэлж байв. "Хүн" гэж дээр сонссоноо санаад айсан юм.

UPD 2015.05.26 11:23
Хувилбарууд алга уу? Уг нь тийм ч хүнд таавар биш дэ.
 
UPD 2015.05.25 21:44
Сонирхолтой хувилбарууд ирсэн боловч зөв хариулт алга. Аймар таавар гээд байгаа шүү дэ...

2015.05.24 23:48
Өглөө ажилдаа явах тоолондоо би гудманд суусан нэгэн орон гэргүй хүний араар гардаг байлаа. Тэрбээр дэргэдүүр нь өнгөрөх хүмүүсийг янз бүрээр амандаа бувтнаж дууддагийг яваандаа би анзаарав. Бүдүүн эр урдуур нь өнгөрөхөд тэрбээр аажуухан "гахай" гэхийг нь анх дуулсанаас эхэлсэн. Нэг удаа буржигар бүсгүй хажуугаар нь дэгдэн өнгөрхөд тэрбээр "хонь" гэв. Энэ мэтчилэн хүмүүсийг янз бүрээр дуудна. Харин ганц удаа л дэргэдүүр нь өнгөрсөн дэгжин хувцастай джентельменийг хараад "хүн" гэж хэлсэн дэ. Бусад хүмүүсийг хүн гэж үзэхтэй би л лав таараагүй. Оюутан байрын залууг пончик, бүдүүн авгайг үхэрээр дуудав. Энэ хүн намайг юу гэж хэлэх бол гэдэг асуулт намайг тайван байлгахаа байлаа. Нэг өдөр би түүний ардуур биш урдуур өнгөрөхдөө "алим" гэж аажуухан хэлэхийг нь дуулаад миний бие зарс хийгээд явчихав. Айсан гэж жигтэй.
Асуулт: Яагаад?

В. Шукшин - Мой зять украл машину дров

"Миний хүргэн машин түлээ хулгайлсан" нэртэй Шукшины өгүүллэг. Орчуулга муу болсон бол уучилна биз, мэргэжлийн орчуулагч биш шүү дэ. Удаан хугацааны турш орчуулна да гэж бодож явсан, хэдэн өдөр ажлын завсраар мэрсээр байгаад дуусгалаа нэг юм. Нодинон жил болохоор "Заревой дождь" өгүүллэг орчуулагдаж байв. Жилд ганц өгүүллэг гэсэн хурдтай яваа юм байна.

Веня Зяблицкий, хурдан хөдөлгөөнтэй, огцом ууртай, давжаа биетэй залуу. Тэр гэртээ хадам ээж эхнэр хоёртойгоо сайн гэгч муудалцаад авав.
Түүнийг тээвэртээ яваад ирэхэд нь савхин пальто авах гэж цуглуулж байсан мөнгөөр нь эхнэр Соня нь өөртөө хиймэл каракуль шуба авчихсан байлаа. Соня тайлбарлахдаа:
- Лангуун дээр гаргаад тавьсан чинь бүх хүн шүүрээд эхэлсэн. Би бодож бодож адилхан л авчихлаа. Зүгээр биз дээ Веня?
- Авчисан юм биз дэ? - Веня муухай үрчийв. - Эхэлж бодоод дараа нь авсан нь яамай да. - Венягийн савхи шахчихаад, энгэрийг нь задгай тавиад тосгоны гудмаар амралтын өдөр алхах мөрөөдөл холын хол хойшлогдлоо. - Баярлалаа хө, нөхрөө бодолцож үзсэнд... Үхэж хэвт гэж.
- Чи одоо яагаад байгаа юм?
- Зүгээр, баярлалаа л гэж байна ш дэ.
- Үхсэндээ тэгээд хараагаад байгаа юм?
- Хэн хараал урсгасан юм? Зүгээр л гээ биз дэ! Өөрөө уранхай ноорхой яваад байгаа тэ? Шуба авахгүй бол болохгүй байсан л да мэдээж. Шубагүй яаж амьдархав!.. Муусайн өмхий пинлүүнүүд.
Дугуй цатгалан царайтай, махлаг Соня ээждээ гомдоллохоор харайлаа.
- Ээж, энэ хүн яаж байгааг та хар да. Шуба авсны төлөө янз бүрээр доромжлоод эхэллээ. - Соня хэдийгээр гуч хүрсэн ч гэлээ яг жижиг хүүхэд шиг юм л бол ээждээ хов зөөдөг байв. - Пинлүүгээр дуудаж байна ш дэ!
Үүдний өрөөнөөс хадам орж ирлээ: мөн л дугуй царайтай, жаран настай, яс сайтай, хэцүү ааштай, өөрийн үзэл бодлоос хазайдаггүй чанга авгай.
- Чи чинь яаж байнаа Вениамин? - гэж тэрбээр зэмлэнгүй асуув. - Өөр нөхөр байсан бол баярлана да.
- Би баяртай л байна ш дэ! Баярласандаа нүцгэлээд, хоёрын зэрэг гудмаар бүжиглээд харайчихмаар болж байх чинь.
- Ойлгохгүй байгаа бол хүн юу гээд байгааг сонс! - хадам дуугаа өндөрсгөв. - Үзэсгэлэнтэй, ганган эхнэр нөхрөө чимдэг юм. Чам шиг үзэж харах юмгүй амьтан үүнийг мэдэж авмаар да!
Веняд тоглоомчгүй үзэж харуулах зүйл бага: намхан нуруутай, туранхай, цонхигор. Нэмээд доголон: бага байхдаа анжисанд хөлөө авахуулчихсан юм. Түүнд өөрийг нь сайхан залуу биш гэдгийг сануулахад тэрбээр их эмзэглэдэг байв. Венягийн дургуй бүр их хүрч бараг чичрэнгээ:
- Тийм шүү, та нар хүнийг яаж чимэхийг сайн мэднэ! Хоёр ч хүнийг чимэчихээд байгаа биз дэ... - Венягийн хадам аав, Сонягийн хуучин нөхөр хоёр шоронд сууж байсан юм. Хадам эцэг - хөрөнгө дутаасан, харин Сонягийн өмнөх нөхөр - танхайн (согтуу зодоон хийсэн) хэрэгтэй. Тосгоноор Лизавета Васильевна буюу Венягийн хадам эх нөхөр, хүргэн хоёроо шоронд суулгасан гэсэн цуу яриа явдаг байлаа. 
- Амаа тат! - гэж Лизавета Васильевна захирангуй тушаав. - Амнаасаа болов хүү минь! Жулдрай амьтан... Муу нусгай чинь юу юу гэнээ.
Веня уур хилэнгээр дүүрч бараг газраас хөндийрлөө... Тэгээд өндрөөс шонхор шиг л хадамын толгой дээр буув:
- Чи энд юундаа дуугаа өндөрсгөөд байгаа юм?! Юундаа хүнрүү орилоод байгаа юм?! Муу гичий...
Соня ийм үг хэлсний төлөө хүнийг шоронд суулгаж болно гэж мэддэггүй байлаа. Тиймээс эхийг нь доромжилсонд гомдож:
- Залуу минь... гэж уулга алдав. - Хорин наймхан настай мөртлөө ямар их томорч байх юм чи!
Харин хадам ээж эсрэгээр, хэлсэн үгээр нь түүнийг ороож болно гэдгийг аль хэдийн ойлгосон байв:
- За хө... Чи сая юу гэв? Гичий гэсэн үү, айн? За яахав, би гичий болъё... Гэрч бий шүү. - Тэрбээр том өрөөрүү цагдаад өргөдөл бичихээр харайлгалаа. - Чи наад гичий гэснийхээ төлөө хариуцлага хүлээнэ дэ гайгүй! гэж тэндээсээ чанга, чичирсэн дуугаар заналхийлэв. - Хариуцлага хүлээлгэж байж сална да!
- Бичээ бич. Чи бичиж сураагүй биш. - Веня жаахан айгаад явчихлаа. Хэн мэдлээ цус, энэ авгай районы бүх удирдлагатай танил, суулгачих ч юм билүү. - Чамд хүн шоронд суулгах ямар хүндрэлтэй ч байдаг биш.
- Би анхны хамтрал байгуулалцаж явсан. Тэгэхэд чи намайг гичийгээр дуудна гэнээ! - гэсээр хадам том өрөөны үүдэнд гарч ирэв.
- Тэгвэл миний тухай ч гэсэн сонинд бичсэн, доголон машин жолооддог гэж! хэмээн урдаас нь Веня орилж цээжээ дэлдэв: - Би хар багаасаа эхлээд өдийг хүртэл арван таван жил тасралтгүй улсад ажиллаж байна!
- Зүгээр, наадах чинь чамд тэнд хэрэг болно.
Веняг дахиад сад тавив. Тэр айдсаа умартаж:
- Тэнд гэж хаана!? Тэнд гэж хаана вэ гичий минь!? Чи эхлээд суулгачих за! Суулгасны чинь дараа би энэ надад хэрэг болох эсэхийг шийдье. Суулгана гэнэ шүү!
- Зүгээр хүү минь, суулганаа-а - гэж чичирсэн хоолойгоор хадам ээж амлав. Тэгээд өргөдөлөө үргэлжлүүлэн бичихээр одов. Тэгснээ тэр дороо буцаж гарч ирснээ:
- Чи машин түлээ авчирсан биз?! Хаанаас авсан?! Хаанаас вэ?! гэж орилов.
- Чам шиг юмыг дулаацуулах гэж л авчирсандаг.
- Хаанаас?! гэж хамаг хар тэнхээгээрээ Лизавета Васильевна чараллаа.
- Худалдаж авсан юм!
- Ямар мөнгөөр? Чи бүх цалингаа гэртээ авчирсан шүү дэ. Чи улсын ойд тэр түлээг үнэгүй бэлдсэн за?! Чи машин түлээ хулгайлсан!
- За яахав, болог. Чи тэгвэл тэр дор нь мэдэгдэхгүй яасан юм? Яагаад дуугуй тэр түлээг галлаад сууж байв?
- Би сая л хэнтэй нэг дээвэр доор амьдарч байгаагаа ухаарлаа.
- Э-э... бултахгүй шүү. Суух дээрээ тулвал цуг суунаа: би хулгайлсан, чи хулгайлсныг нь мэдсээр байж хэрэглэсэн. Надад гурван жил, чамд багадаа жил хагас. Ийм л байна. Бид ч гэсэн хууль мэднэ шүү.
- Үгүй ээ, чи хууль сайн мэдэхгүй байна хүү минь. Суугаад ирэхлээр сайн мэддэг болноо...

Хадам тоглоомчгүй районы сэргийлэхрүү өргөдөл аваачиж өгөв. Гэхдээ машин түлээний тухай дурьдаагүй бололтой. Сэргийлэхэд түүнд нэгдлийн удирлагад гомдол гаргахыг зөвлөв. Учир нь одоогоор гэр бүлийн маргаан л байна, нэг удаагийн мэдэгдлээр хүнд эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй биз дэ гэжээ. Харин энэ явдал давтагдвал, тэгээд согтуугаар үйлдвэл ондоо гэв.
Лизавета Васильевна нэгдлийн удирдлага руу харайв. Веня тийш дуудагдав. Даргын орлогчийн өмнө хадамын өргөдөл хэвтээстэй. Орлогч залууг юм ойлгодог гэдэг утгаар нь Веня хүндэлдэг байсан.
- Юу болсон юм? Гомдол ирлээ.
- Гомдол гэчихжээ! Өөрсдийг нь хар, яаж хувцаслаж гоёсныг нь, бүх юм бий. - Веня үнэнийг л хэлэв - Харин надад байгаа нь энэ - өмсөөтэй байгаа эд. Амьдралдаа ганц удаа 160 руб.-ээр савхи авчих гэсэн чинь өөртөө шуба авчихсан байвал яахав? Гол нь өөрт нь цоо шинэ өвлийн пальто байгаа шүү дэ.
- Яах гэж янз бүрээр дуудсан юм? Хараал урсгадаг нь яаж байгаа юм?
- Энд ямарч амьтан уурлана биз дэ? Яаж цуглуулсан гээч... цусаар урс. Баня-д орсныхоо дараа ганц зуу татахаасаа ч татганан байж цуглуулсан чинь шуба авчихсан байдаг юм! Гол нь пальто байгаа шүү дэ! Юу ч үгүй байсан бол яай гэхэв, пальтотой шүү дэ. Юу гэж бичиж тэгээд?
- Аан, олон л юм бичиж.
Машин түлээний тухай хадам дурдаагүйг Веня ойлгов: - Анхны хамтрал комунна байгуулж байсан гэж үү?
- Тэгсэн л байна лэ. Чи ер нь... дэмий ш дэ ийм зүйл. Настай хүн байдаг. Нэгэнт л авчихсан хойно. Эхнэр чинь ч гэсэн ажиллаж л байгаа шүү дэ.
- Тэр 60 рубль л дулаан газар сууж байгаад олдог. Би багадаа 120-ийг авчирдаг. Дандаа нормоо давуулан биелүүлдэг. Би харамласан юм биш шүү дэ. Гэхдээ ядаж ганц удаа ч болтугай би өөртөө юм авч болноо до?! Тэд авсан юмаа өмсдөг бол бас яахав. Аваад л авдрандаа хийдэг шүү дэ. Тэгэхэд би хүмүүсийн өмнө гарахаас ч ичмээр болж байна шүү дэ сүүлдээ.
Даргын орлогч яахаа мэдэхгүй байлаа. Тэр мэдэж байв, Венягийн үнэн гэж.
- Тэгсэн ч гэлээ дэмий Вениамин. Ингэлээ гээд юу ч сайжрахгүй шүү дэ. Эхнэртэйгээ ярьж учраа ол. Залуу хүүхэн байна, ойлгоно шүү дэ.
- Тэр юугаа ч мэдэхгүй ээ. Манайд энэ хүн л - Веня ширээн дээрх цаасны зүг толгой дохив - хамаг юмыг мэддэг юм. 
Ерөнхийдөө иймэрхүү маягаар илэн далангуй харьцаад Веня захиргааны байрнаас сэтгэл нь онгойж гарч ирэв. Гэхдээ хадам ээжид гомдсон гомдол, зэвүүцэл багасаагүй л байлаа: "Новшийн ч хүн бол до - гэж тэр бодов - суулгах нь байна шүү энэ янзаараа. Ямар ч их өс хонзон санадаг юм. Бүх амьдралынхаа турш хүмүүст хонзогнож ирсэн, муу гичий. Ямар юмаа хийж ийм хүмүүс төрдөг байна". Яг энэ үед найз гэх нь хаашаа юм, сайн танил нь болох Колька Волобуев түүнтэй тааралдав.
- Юу болов? - Колька бараг амаа нээхгүй сонин ярьдаг, хүмүүсийг нүдээ онийлгож сонжиж хардаг юм. Өөртөө итгэлтэй залуу л да. - Шархадсан болжмор шиг харайгаад байх чинь, хаанаас яваа юм?
- Захиргаанаас. - гээд Веня болсон бүх үйл явдлыг ярив. Яаж савхитай болох мөрөөдөл нь үгүй болсныг, яаж хадамтайгаа авалцсаныг, хадам ээж нь түүнийг шийтгүүлэх гэж хөөцөлдсөнийг.
- Хоёр хүн үгүй хийчихээд ханаагүй юм байна л да - гэж шүднийхээ завсраар Колька хэлээд - Явж ууя гэв. Веня дуртай нь аргагүй дагалаа. Уусны дараа Колькагийн хүйтэн саарал нүд улам жижигсэж тэрбээр Веняг сургаж эхлэв: - Байранд нь тавих хэрэгтэй. Гэхдээ ул мөр үлдээж болохгүй. Тэгэхгүй бол чамайг цаадуул чинь үгүй хийж орхино. Эмгэн цор цор гээд байвал ганц хоёр удаа гөв. Тэгэхгүй бол толгой дээр чинь суулаа шүү дэ. Тэдний төлөө илжиг шиг л зүтгэх юм чи...
Венягийн сэтгэлд  өс хонзон хорсон буцалж байлаа. Соня түүнийг яаж гомдоож байсан бүх явдлууд тод томруунаар ой ухаанд нь сэргэв: яаж суухгүй удаан зовоож байсан нь хүртэл. "За" ч гэхгүй, "үгүй" ч гэхгүй олон ч удаа үүдээрээ эргэлдүүлсэн дэ. Тоглоомчгүй бүх юмыг байр байранд нь тавихгүй бол болохоо байж. Ийм байхад түүнийг гэрийн эзэн гэж хэн хэлэх юм. Илжиг гэж Коля үнэн хэллээ. 
- Явлаа. Хэн нэгний арьс махны завсар жаахан өөх шахаадхая. - гээд тэрбээр гэрийн зүг доголов. Цээжинд нь хүнд, бухимдал дүүрэн мэдрэмж байв. "Тэнэг баагийг олоо юу?.. Амьсгаанууд. Сэргийлхээр явна гэнэ шүү бас. Муу бааснуудыг дэ".
Соня гэртээ алга байв.
- Хаачсан юм? гэж Веня асуув.
- Би яаж мэддэг юм. - гэж хадам бувтнав. Захиргааны цэвэрлэгч түүнд Веняг загнаж шалиагүйг дуулгасан байлаа. (Сонин шүү: Лизавета Васильевна ажиллахаа байгаад таван жил болж байхад зарим нь түүнээс айж эмээдэг, зарим нь захиргаанд болж буй үйл явдлуудыг дуулгахаар гүйдэг байлаа). - Тэр надад хаачих гэж байгаагаа тайлагнадаггүй.
- Наад яриагаа! гэж Веня үүднээс чанга дугарав. - Хэтэрхий их чальчаад байгаа шүү!
Лизавета Васильевна хүргэнээ гайхаж харснаа: - Юу болов? Чи чинь уучихаа юу да?
Венягийн толгойд давгүй бодол орж ирэв. Тэрбээр хашааруу гарч амбаараас алх, арваад тооны том хадаас авч халааслаад гэртээ эргэж орж ирэв.
- Тэнд юун бараа хэвтэж байгаа юм? - гэж юу ч болоогүй мэт асуулаа.
- Ямар бараа? Хаана? - хадам ээж шууд сонирхоод явчихав.
- Сая жорлонд орсон чинь л байна. Улаан өнгийн, дээгүүрээ юмаар хучаастай. Хадам ноль руу хурдан алхав. Веня араас нь. Ээж жорлонд оронгуут Веня хаалгыг дэгээгээр гаднаас нь түгжиж орхив. Тэгээд хадаасаар хаалгыг нь хадаж эхэллээ. Хадам орь дуу болов.
- Жаал суугаад бодоодох. - гэж Веня хэлэв. - Хүмүүсийг суулгадаг гэлүү? Одоо өөр дээрээ суух ямар байдгийг үздээ. - гэсээр сүүлчийн хадаасыг зоогоод үүдэндээ Соняг хүлээхээр тухаллаа.
- Авраарай! - гэж Лизавета Васильевна орилно. - Хүмүүсээ! Авраарай! Миний хүргэн машин түлээ хулгайлсан! Миний хүргэн машин түлээ хулгайлсан шүү! гэж зогсоо зайгүй давтаад эхлэв.
- Орилоод байвал гаднаас чинь гал тавьчихна шүү! - гэж Веня заналхийлэв.
Хадам хашгачихаа болив: - За яахав Венька! - гэж л дуугарлаа.
- Заналхийлээд байна уу үгүй юу?
- Заналхийлээгүй. Гэхдээ үүний чинь төлөө чамд баярлалаа гэх нь юу л бол!
Венягийн нүдэнд нүүрсний хэлтэрхий өртөв. Аваад жорлонгийн хаалга дээр "Лацадав. 1969 оны 7-р сарын 25. Онгойлгохыг хориглоно" гэж бичив. 
- За гайгүй ээ Венька!..
- Зүгээр. Одоо би чиний Сонькаг хүлээж байна. Удахгүй тэр үүдний амбаарт тав дахь булан хайх болноо. Та нар намайг үг хэлгүй илжиг гэж бодоо юу? Би та хоёрт цалингаа хэдэн удаа авчирч өгсөн? Ядаж нэг ч болтугай костюм надад авсан билүү?
- Чи бүх юм бэлэн гэрт ирсэн шүү дэ.
- Би тэгээд нүцгэн ирсэн бол нүцгэнээрээ явж байх уу? Би ядаж ганц цамц авчихаар ажиллаагүй гэж үү? Чи нударган баячуудын хөрөнгийн хурааж байсан гэдэг, өөрөө одоо нударгаас ялгаагүй болсон. Чиний хөрөнгийг багтаахгүй авдар сав задарч байна.
- Ямар чи олсон хөрөнгө биш!
- Тэгээд чи олсон уу? Нөхөр чинь хэний төлөө хулгай хийж байсан юм? Хэрэггүй болонгуут нь чи шоронд суулгаа биз дэ? Одоо өөрөө жаахан суугаадах. Гурван өдөр суух болно за. Буугаа аваад хэнийг ч ойртуулахгүй дэ. Чамайг сахилга бат муу байсан гээд би карцерт суулгаж байна гэж ойлго.
- Гайгүй ээ Венька!
- Ийм л байна. Тэгээд битгий орилоод бай, бүр л муу юм болно шүү.
- Настай хүнээр ингэж тохуурхах гэж.
- Чи насан туршдаа л хүмүүсээр тохуурхаж ирсэн биз дэ? Залуу байхдаа ч тэр, хөгширсөн хойноо ч тэр. 
Веня Соняг жаахан хүлээж байгаад тэвчээр нь барагдаад тосгоноор хайхаар гарав.
- Чимээгүй суугаарай! гэж хадамдаа явахдаа захив. Аз болж тэр өдөр Веня эхнэрээ олоогүй юм. Хадамыг нь "карцер"-аас хөршүүд нь суллажээ.

Шүүх хурал ширүүхэн болов. Үзүүлэх шүүх хурал гээд соёлын төвд зохиогдсон хурал дээр Лизавета Васильевна уйлан байж яаж анхны нэгдэл байгуулалцаж явснаа дурсав. "Карцерт" суух ямар хэцүү байсан, ямар их зовж зүдэрснээ ч хэллээ. Тэр Веняг суулгахыг үнэнээсээ хүсэж байв. Гэвч тосгоныхон эсрэг байлаа. Хөгшин залуугүй Веняг бага наснаас нь мэднэ, өнчин өрөөсөн өссөн, дуулгавартай, хэнийг ч гомдоож байгаагүй гэдгийг баталж байв. Мэдээж шийтгэж болно, гэхдээ шоронд хийнэ гэж юу байхав! Михайло Кузнецов гэдэг хуучин цэрэг, хүмүүсийн хүндэтгэдэг тэтгэвэрийн өндөр настан маш сайн, тулхтай зүйл хэлэв:
- Хүндэт шүүгчдээ! Би Венягийн эцгийг мэддэг байсан. Тэрбээр тулааны талбарт эрэлхэгээр амиа алдсан. Түүний эх нэгдлийн төлөө зүтгэсээр залуудаа нас барсан. Венька арван наснаасаа л ажиллаж байгаа. Харин иргэн Киселева... тэрбээр одоо уйлж байна л да: мэдээж насны эцэст жорлонд түгжүүлэхийг хэн хүсэх билээ. Гэхдээ тэрбээр амьдралын хүнд хүчрийг мэдэхгүй явсаар өдий насалсан. Одоо ч гэсэн мэдэхгүй яваа - чиний тэтгэвэр минийхээс хавьгүй өндөр шүү дэ. Тэгэхэд би гурван дайнд оролцсон, битүү шарх сорви болсон хүн.
- Би харц ардаас гаралтай шүү! гэж Лизавета Васильевна муухай хоолойгоор бараг хашгарав. - Би анхны нэгдлийг...
- Би ч гэсэн харц гаралтай. - гэж Михайло таслав - Чи анхны нэгдлийг үүсгэсэн бол би анх түүнд чинь элссэн юм. Чиний нийгмийн өмнө байгуулсан гавъяа юу юм? Дайны үед чи тосгоны худалдааны төвийн даргаар ажиллаж байсан, өлсөхийг ямар ч байсан үзээгүй гэдгийг чинь бид бүгд мэдэж л байгаа. Харин энэ хүүхэд тэр үед ажиллаад өөрийгөө тэжээж байсан юм. Үүнийг бас үнэлэх хэрэгтэй шүү. Суулгах амархан. Гэхдээ ингэж болохгүй шүү дэ. Суух ямар билээ?
- Түүнд талархалын жуух гэхэд л арав гаруй бий. Тэргүүний ажилтан гэж баяр болгоноор онцолдог. - гэж танхимаас хүмүүс орилолдов. 
Энэ үед ширээний ардаас зузаан биетэй, цайвар өнгийн костюм өмссөн чухал төрхтэй эр босов. Танхимыг эргүүлэн тойруулан харлаа. За тэгээд яаж ярьж эхэлсэн гээч. Ярьж өгсөн дө харин ч нэг: гэмт хэргийг бага дээр нь дарж байх нь зөв л гэнэ. Хүнд гэмт хэргээс урьдчилж байгаа нь энэ л гэнэ. Жишээ татав: ийм харахад энгийн залуучууд хутга шөвгө дээрээ тулсан тохиолдлууд ярив.
- Би та бүхнээс асууя. Өнөөдөр дургуй нь хүрсэн энэ залуу маргааш гэртээ архи ууж ирээд гартаа сүх барихгүй гэсэн баталгаа хаана байгаа юм? Эсвэл буу барихгүй гэсэн. Гэрт нь хоёрын хоёр эмэгтэй хүн байдаг. Төсөөлөөд үздээ...
- Тэр уудаггүй ш дэ!
- Тэгээд ундаа уусныхаа дараа алх бариад хадамаа нольд хадсан хэрэг үү? Настай, гавъяатай хүнийг шүү дэ. Гол нь яасан гэж? Эхнэр нь шуба аваад өөрт нь савхин хүрэм аваагүйн төлөө шүү дэ!
Венькагийн дор сандал нь гуйваад явчихлаа. Танхимд байсан олон хүн ингээд Венька аавын хаалга татдаг юм байжээ гэж бодов.
- Үгүй ээ нөхдөө! Бид шүүгдэгчийн энэ явдлыг зүгээр өнгөрөөж яавч болохгүй. Шийтгэх нь жинхэнэ хүмүүнлэг алхам бөгөөд түүнийг бүр том гайгаас хамгаалж байгаа үйл болно. 
Энэ хүн Венькад гурван жил оноохыг санал болгов. Түүний дараа Михайло Кузнецов дахиад босов:
- Та зөв ярьж байна. Гэхдээ би энд Агуу эх орны дайны үед болсон нэг явдлыг дурьдах гэсэн юм. Манайд нэг цэрэг байлаа, Венька шиг - бие жижиг, залуухан, хорин настай л байх. Довтолгоонд боссон чинь нөгөөх чинь айгаад, буугаа хаяад толгойгоо гараараа дараад хэвтчихдэг юм. Улс төрийн орлогч цэргийн шүүхэд өгнө гээд. Гэвч ахмад цэргүүд бид түүнийг босгоод цуг аваад гүйлээ. Тэгсэн юу гэж бодно? Хоёр ч фашистыг гардан тулаанд жадалж алсан. Фашистууд нь өндөр, бие хаа том гэж жигтэй шүү дэ. Тэгэхэд тэр хүүхэд, нэрийг нь би одоо мартаж, Венькагаас томгүй байсан. Хаанаас хүч орсон юм гэмээр. Би энэ түүхийг яах гэж яриад байна вэ гэвэл - хүнд сул дорой болох үе байдаг юм. Түүнийг өнгөрлөө гэж бодож болохгүй. Яарч шийдвэр гаргаад хэрэггүй. Эсрэгээр жаахан хүлээвэл тэр хүн өндийгөөд л босоод ирнэ. Та өөрөө байлдаж явсан уу? гэж Михайло төгсгөлд нь асуув.
Чухал төрхтэй эрийг энэ жишээ хэлбийлгэсэнгүй. Тэрбээр ойлгосон янзтай инээмсэглэж:
- Байлдаж явсаан. Энэ таны асуултын хариулт. Харин одоо саяны жишээний тухайд: энэ мэдээж сонирхолтой түүх, гэхдээ энэ хэрэгт ямарч хамааралгүй юм. Энд та нөгөө бурханы хишигийг шарсан өндөгтэй андуурдаг шиг хольж солиод байна. - чухал эр богино инээгээд авахад түүний том гэгч гүзээ хөвөлзөөд явчихлаа. - Энэ жишээн дээр таны хэлэх гэснийг яг эсрэгээр баталж болно. Ингэхэд тэр цэргийг сүүлд нь шүүсэн үү?
Михаил шууд хариулсангүй. Бүх хүн түүнрүү хараастай.
- Шүүсэн. - гэж тэр дуртай дургуй хариуллаа. - Гэхдээ...
- Яг зөв. Гэхдээ...
- Гэхдээ ял оноогоогүй! - гэж Михаило дуугаа өндөрсгөв. - Зүгээр өөр ангируу шилжүүлсэн.
- Энэ бол ондоо асуудал. Тэр босоод та нартай гүйгээд, дараа нь хоёр фашистыг жадалсан нь гарцаагүй факт. Үүнийг бодолцож үзэх нь зөв, бодолцож ч үзэж. Гэхдээ материаллаг биш, тооцоолоход бэрх факторууд бас байдаг. Цэрэг айсан байна, винтовоо хаясан, унасан... Тэр айсан гэдэг нь ойлгомжтой. Ойд ганцаараа явж байгаад баавгай хараад айсан бол нэг хэрэг. Энэ тохиолдолд бурханы тааллаар, бурханы ч гэж дэ баавгайны тааллаар л болно шүү дэ, барьчихаж ч мэднэ, барихгүй ч байж мэднэ. Харин энд бол цэрэг ганцаараа довтолгоонд орж байгаагүй, тэр айсан, тэгээд салааныхаа бусад цэргүүдэд мөн айдас төрүүлсэн!
- Ямарч тийм зүйл болоогүй! - гэж Михаило эсэргүүцэв. - Яаж гүйж байсан, тэр чигээрээ л гүйцгээсэн.
- Гэхдээ та нар өөр бодолтой гүйж эхэлсэн. Өөрсдөө ухамсарлаагүй ч гэлээ дотор чинь айдас үүссэн байсан. Хульчийсан цэрэг урд аюул, магадгүй бүр үхэл хүлээж байгааг та нарт ойлгуулсан...
- Бид л тэрийг мэдэхгүй байв гэж.
- Энэ тохиолдлын хувьд бол...
Венька чухал эрээс харц салгахгүй боловч түүний юу яриад байгааг муу ойлгож байв. Энэ эр түүнийг шоронд суулгахыг хүсч буйг л тэр ойлгож байлаа. Хадам ээж шиг нь хонзонтой биш, анх удаа Венькаг харж байгаа ч гэлээ суулгах гэж улайрна. Венька анх удаа шүүхэд оролцож байгаа болохоор улсын яллагч, олон нийтийн яллагч гэж байдгийг ч мэдэхгүй. Шүүх гэж түүний хувьд шүүгч л ойлгогдож байсан. Яах гэж энэ хүн түүнийг гурван жил торны цаана суулгах гэж зүтгээд байгааг тэр яагаад ч ойлгохгүй байлаа. Шүүгч нь дуугуй байдаг, харин энэ нөхөр хэд дахь удаагаа ч юм босч ирээд "суулгах хэрэгтэй" гэж зүгтгэнэ. Венька гайхаад бүр зог туссан байхад нь түүнээс "Шүүхэд ямар нэг тайлбар өгөх үү?" гэж асуухад Венька мөрөө хавчиж хурдан, бараг айсан маягтай: - Яах гэж? хэмээн асуултаар хариулав.
Шүүх зөвлөлдөхөөр гарлаа. Венька суугаад хүлээж байв. Түүнийг айдас эзэмдэв. Шоронд сууна гэсэн айдас биш. Тэр ийшээгээ ирж байхад дотроо бодож амжсан: хорин найм дээр гурав, үсрээд дөрөв - гучин нэг, гучин хоёр. Гай л байна гэж. Тэр чухал төрхтэй эрээс айж байлаа. Түүнээс ерөөсөө харц салгаагүй. Одоо харахад ширээний араас боссон хойноо энгийн л нэг хүн шиг: тайван, ухаалаг, бүр хөгжилтэй гэмээр. Тэгсэн мөртлөө шүүх дээр "суулгах нь зөв" гээд батлаад л байдаг, батлаад л байдаг. Ухаанд багтамгүй юм. Дараа нь яаж... хоолойгоор нь хоол давдаг байнаа. Хүүхдүүдээ яаж эрхлүүлэх юм, эхнэртэйгээ яаж унтахаар хэвтэх юм ийм хүн?.. Урьд нь Венька хүмүүст уурлаж л байсан, гэхдээ тэднээс айж бол байгаагүй. Харин одоо тэр тоглоомчгүй аймар хүмүүс байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Нэг удаа Веняг хоёр согтуу эр зодсон юм. Зодохдоо хичээснээсээ ч болсон юм уу нэг тийм муухай ёолох мэт авиа гаргаж байж билээ. Веня сүүлд нь энэ явдлыг санахдаа мэдэрсэн өвдөлт биш цохих тоолонд гарч байсан тэр сэжигийн авиаг жигшин боддог байв. Тэр ч яахав таг согтуу, ухаан мэдрэлээ алдсан гарууд... Энэ болохоор - хүндэтгэл төрүүлэхээр төрхтэй, боловсрол өндөр, уурлаж уцаарлахгүй, тайван гэгч бусдад Веняг суулгах хэрэгтэй гэдгийг тайлбарлана. Бурхан минь! Хадам!.. Хадам - муу хорт могой. Тэнэг авгай хүргэндээ гурав биш таван жилийг хүсч байгаа да аягүй бол. Түүнийг ойлгож болно, угаасаа тийм зантай хүн. Харин энэ яасан гэж? Ийм юм байж болно гэж үү?
Веняд хоёр жилийн тэнсэн оноов. Түүний өмнөөс олон хүн баярлаж байлаа, харин Веня бодлогширсоор... Нүднийх нь өмнө нөгөө л эр байнга байв. Веня гайхаж барахгүй байв: тэр эр дандаа ингэдэг байх нь ээ? гэж.

Венька түр Колька Волобуевынд амьдархаар болов. Колька дахиад уухыг санал болгосон боловч Венька татгалзлаа. Тэр цаг эрт байхад хэвтээд өгөв. Тэгээд бодолд автав: - Амьдрал гэж сонин юм шүү! Нэгхэн хоромын дотор бүх зүйл нурж орхилоо. Тэр савхийг хараал идээсэй! Ер нь яах гэж савхи авах гэж байсан юм? Өмнө нь тэрэнтэй тэрэнгүй болоод л ирсэн, цаашид ч болох л байсан. Хадамаас эртхэн Сонькаг холдуулах байсан юм. Тусдаа л амьдардаг байж. Тэнэг л дэ Сонька - эхийнхээ үгнээс хэзээ ч гарахгүй. 
Тэр шөнө Веня юуны тухай бодсон ч, яаж ч сэтгэл нь хямарсан нөгөө л чухал эр бодогдоод салахгүй байлаа. Тэр тайзан дээрээс Веняруу харж байх юм. Уурлахгүй, орилохгүй. Өтгөн хар хөмсөг нь бараг нийлээстэй, хойш самнасан үс нь гэрэлд гялтганана. Урагшаа цагиргалаж унжсан хэдэн үс нь ярихад нь чичирнэ. Өргөн дугариг царай нь шийдэмгий төрхтэй. Инээмсэглэхэд нь хацар дээр нь хонхорхой гарна...

Өглөө Веня тээвэртээ гарлаа, районруу. Цаг эрт, нар дөнгөж мандаж байв. Шөнөдөө хөрж амжаагүй газар дулаан ялгаруулсан хэвээр.
Замд гарахлаараа Веня дандаа тайвширдаг юм. Таньж мэддэг хүмүүсийнхээ тухай тэд маш хол хоцорсон, түүнд хамаагүй болсон мэт бодож эхэлнэ. Бүгдийг нь бүхэлд нь бодно... Ахуй амьдралдаа нухлуулж, будилж төөрсөн амьтад болсныг, уур ууцаар нь нэмэгдсэн, мунхаглаж муйхарладаг болсныг нь бодно. Өчигдөрийн шүүх хурал болохоор муухай, хар дарсан зүүд шиг санагдаж байлаа.
27-р километр дээр Веня хамраа сөхсөн "Волга"-г олж харав. Дэргэд нь зогсож буй хүн өчигдөрийн чухал төрхтэй эр болохыг таниад түүний зүрхээр хатгах шиг болж өөрийн эрхгүй хурдаа сааруулав. Тэгээд тэр эр гараараа дохиход Веня дуулгавартай нь аргагүй тэргээ зогсоов. Эр машинруу яаравчлан алхаж ирээд:
- Сонсооч хө, дөхүүлээд... - гэнгүүтээ Веняг танив. - Өө - гэж уулга алдахдаа тэр ч бас барьц алдах шиг Веняд санагдав. - Хуучин танил байх чинь.
- Суу суу! - гэж Веня урив. Чухал эрийн шийдмэг бус байдал түүнд яагаад ч юм хөгжилтэй санагдаад явчихав.
- За яасан, ажилласаар? - гэсээр нөгөө эр кабинд хөнгөн харайгаад ороод ирэв. Тэгээд эгц, инээсэн гэмээр харцаар Веняг харлаа. Хоромын дараа тэд хөдлөв. Веня чухал эр гайхширсан мэт санагдсан нь эндүүрэл байвуу гээд эргэлзээд явчихав.
- За ямаршуу байна да тэгээд? - гэж эр асуув.
- Юу гэнээ?
- Сэтгэл санаа чинь. Би чамайг долоо хоног хэртэй уух байх гэж бодсон юм. Шулуухан хэлэхэд чи өчигдөр азын сугалаа сугалсан да залуу минь.
Веня дуугуй л байлаа. Тэр юу ярихаа мэдэхчгүй байв. Биеэ ч яаж авч явахаа мэдэхгүй байлаа.
- Эхнэртэйгээ тэгээд одоо салах уу? - гэж зовлонг нь ойлгож буй хүн шиг асуув.
- Тэгэх л байх да. - Веняг яг өчигдөрийн шүүх хурал дээрх шиг гайхширал эзэмдэв. Энэ хүн ухаантай ч юм шиг, зарчимч ч юм шиг... Шулуухан хэлэх юм.
- Хүүхдүүд минь дэ. Та нарыг яалтай ч билээ... Бөгсрүү чинь тахиа тоншсон биш дэ. Хүнд хэцүү бага насыг туулсан гээд байгаа. Тэгсэн мөртлөө нэг даллаад л хамаг амьдралаа үгүй хийчих юм: гэр бүлээ нураагаад, нэр хүндээ алдаад. Эхнэртээ мэдээж хайртай байсан да?
Венягийн гэнэт дургуй нь хүрэв: - Чамд ямар хамаатай юм?
- Мэдээж надад хамаагүй л дэ - гэж эр хариулав - Чамд хамаатай байлгүй яахав. Чиний асуулал анд минь. Минийх байсан бол миний өөрийн сэтгэл шаналах байсан шүү дэ. Тэгсэн ч гэлээ тэнэг та нарыг өрөвдөх юм. Таваар уугаад л гай нь хоёр наян долоо татчих юм. - чухал эрийн гэдэс нь хөвөлзөв. - Эрүүл дээрээ хэл амаа ололцож болоогүй юм уу? Эхнэр чинь сайхан л бүсгүй байна лэ ш дэ, би өчигдөр харсан. Амьдралд баясаад л явж байдаг газар...
Веня хормын төдий сохрох шиг болоод явчихав - тэр Соняг алдсанаа гүн гүнзгий ойлгов. Бүр алдсан! Ангалруу унах шиг болж бие нь тавгүйтэв.
- Ямар савхин пальто байсан юм? Хаанаас авах гэж байв?
- Аан, өөр тосгонд нэг нөхөр оёдог юм... - Веня урагшаагаа хараастай. Тэд Уша голын гүүрлүү ойртож байлаа. Урт, өргөн гүүр. Хавар цагаар Уша Ижил мөрөн шиг болтлоо хальдаг юм. - Захиалгаар оёдог хүн.
- Материалаа тэр хүн чинь гаргадаг юм уу?
- Тийм.
- Хэдээр хийх үү тэгээд? - прокурор үргэлжлүүлэн асуусаар.
- Янз бүр. Би зуун жараар хийлгэх гэж байсан юм. Бүр сайн нь илүү үнэтэй. - Веня асуултуудыг бараг сонсохгүй мөртлөө үнэн зөв хариулж байлаа.
- Бүр сайн гэдэг чинь юу гэсэн үг юм?
- Савхи нь өөр, илдүүр сайтай гэхүү дэ. Илдүүрээрээ хоорондоо ялгаатай.
- Хамгийн сайн нь хэд болох бол? Хамгийн сайн савхи, хамгийн сайн илдүүртэйг нь сонговол?
- Гурван зуун рубль болох байх шүү. Нэг хүнд дөрвөн зуугаар хийж өгч байсан гэсэн.
Машин гүүрэн дээр гарав.
- Тэр тосгон нь хаана вэ? Хол уу?
- Үгүй ээ. - Сонин юм. Веняд тэр кабиндаа ганцаараа, өөрөө өөртэйгөө ярьж буй мэт мэдрэмж төрж байлаа.
- Хаягийг нь мэдэх үү?
- Мэднээ. Хаягийг нь мэднэ шүү... Эх! - гэж Веня гэнэт чанга хашгирав. - Хоёулаа гүүрнээс нисэх үү?! - гэнгүүтээ гаазаа гишгээд жолоогоо тавив. Машин ухасхийлээ. Веня прокурорлуу хартал түүний нүд айдсаас болж томорч цагаанаар эргэлдэж байв. Веняд энэ нь инээдтэй санагдаж тэр чангаар инээв. Прокурор түүний хажууруу налж орж ирээд жолооноос нь зуураад авав. Ийм байдалтай давхисаар гүүрнээс буув: Веня хөхөрч гаазаа гишгэсээр, прокурор хажуунаас нь жолоодсоор. Гүүр өнгөрсний дараа Веня хурдаа хасч жолоогоо гартаа аваад тэргээ зогсоов. Прокурор буулаа... Веняруу харлаа. Цонхийсон хэвээрээ байх шив. Тэр ямар нэг юм Веняд хэлэхийг хүсч байсан хэдий ч юуч хэлсэнгүй, дуугуй хаалга хаалаа. Веня араандаа хийж цааш хөдөллөө. Тэр яагаад ч юм маш их ядарснаа мэдрэв. Кабиндаа ганцаараа үлдсэн нь яамай да, тайван боллоо. Дээр боллоо.

26 May 2015

Сүм хийдийн тооллого

Нийслэлийн статистикийн газрын сайтаар зугаалж яваад сонирхолтой тооллоготой таарав: http://sumhiid.ubstat.mn/

Улаанбаатар хотод 372 тооны шашны байгууллага байрладаг юм байна. Христийн шашин л гэхэд протестант, евангелист, методист, баптист, еховагийн гэрчүүд, үнэн алдартан, мормон, адвентист, пентикост, уэспин, просбитериан, пропетриан г.м. урсгалаараа ялгарч байна. Католикуудыг тусдаа авч үзээд энэ шүү дэ.
Мэдээллийг газрын зураг болон хүснэгтээс харж болно. Хэрэгтэй зүйл хийсэн байна шүү. 100-аад жилийн дараа ашиглагдна: суннит террорист гэрээс нь хамгийн ойр орших христийн сүмийг олж ядаад байх зүйлгүй боллоо.

25 May 2015

Marie Laforêt - Manchester & Liverpool (Instrumental)


Цаг хугацааны тухай

Хүн гэж сонин амьтан шүү. Амьдарч амьдарч гэнэт зог тусаад эргэн тойрноо хартал бүх зүйл маш их өөрчлөгдсөн байдаг. Өмнө нь чи зөвхөн урагшаа харж байсан бол цаг хугацаа өнгөрхийн хэрээр эргэж харах чинь ихэснэ. Мөрөөдөл, төлөвлөгөө тээж явсан бол яваандаа болдог зүйл болдогоороо болно биз, хугацаанаас өмнө таамаглал дэвшүүлээд яахав дэ гэж боддог болно. Итгэл үнэмшил чинь багасч, оронд нь мэдлэг туршлага чинь нэмэгднэ.
Хараад байхад гэнэн, илүү дутуу юм боддоггүй хүмүүс илүү аз жаргалтай байдаг. Малчдыг аваад үзье л дээ: гэр бүл нь эрүүл саруул, мал ахуй нь зуд турханд нирвэгдчихгүй л бол малчин ерөнхийдөө happy. Хүний туулж өнгөрүүлсэн амьдралын замын хажуугаар мөрөөдөл, зорилгынх нь оршуулга олноороо байдаг. Гэнэн тэнэгдүү байх нь ямар их аз жаргал гэдгийг ухаантай хүн л ойлгох байх гэж бодож байна. Бага насандаа хүн хэзээ ч эргэж очихгүй, мөрөөдөл нь дахиж сэргэхгүй, эргээд гэнэн болох боломжгүй.
Цаг хугацаа өнгөрөх тусмаа хурдасдаг. Цэцэрлэгт байхад хурдан сургуульд орох юмсан гэж бодно. 10 жилд байхдаа сургуулиа төгсөхийг л хүсэх боловч хяслантай нь аргагүй он жилүүд удаан өнгөрдөг. Ажил дээр гарсан хойно л жинхэнээр хурдатгал эхэлнэ. Хэдий чинээ эрч хүчтэй, их ажиллана - төдий чинээ анзааралгүй их цаг хугацааг өнгөрөөсөн байх болно.
Ингээд сүүлдээ хүний тэнхээ барагдаж амьдралын урсгалаас хоцорч эхэлдэг. Яг ингэж хоцорч эхлэхэд хүн өмнө нь анзааралгүй орхидог байсан олон зүйлийг мэдэрч эхэлдэг. Амьдралыг бүрэн утгаар нь ойлгож эхэлдэг гэхүү дэ. Урьд нь нар ингэж тусдаг байлуу? Салхи ийм сайхан илбэдэг гэжүү? Ойд агаар ямар сайхан үнэртэж байнаа г.м. өмнө нь ач холбогдол өгдөггүй зүйлс чухал болж ирнэ. Яагаад үүнийг анзаарсангүй вэ? Юунд яарч харайлгаж ирэв? Залуудаа хоолыг зооглох биш зүгээр л өвчүүний араар чулуудаж байснаа ойлгоно. Одоо л чи хоолыг зүгээр нэг өлсгөлөнгөө дарах гэж биш таашаал авах гэж зооглож байгаагаа мэдэрнэ. Туулах замынхаа талаас илүүг өнгөрсөн хойно л үүнийг ойлгодог бололтой.
Өндөр настай хүмүүстэй би харьцах дуртай. Тэдний дурдатгал, түүхийг сонсоод л байвал сонсоод л байна. Эерэг энерги тээгчид гэж үздэг.

Сүүлчийн буун дуу

1918 оны 11-р сарын 11-ний өдрийн үүрийн 5 цаг 10 минутад маршал Фердинанд Фошийн галт тэргэнд Дэлхийн I дайныг зогсоох баримт гарын үсэг зурагдсан. Галыг тус өдрийн буюу 11-р сарын 11-ний 11 цагт зогсоохоор шийдвэрлэв. Энэ тухай холбогдох тушаалыг Өмнөд фронтын бүх анги нэгтгэлүүдэд хүргүүлсэн боловч 10:59 хүртэл байлдаан үргэлжилсээр байж. Бүгд одоо дайн дуусахаас хойш гээд байсан сумаа дайсанруугаа тавьсан нь энэ. Энэ үйлдэл нь 2000 гаруй хүний аминд хүрсэн.

24 May 2015

The Retuses - Шаганэ

Есениний шүлэг янз бүрийн хэлбэртэй тааралдах юм.

Энэтхэг кино

Ойрд энэтхэг кино нийтлээгүй юм байна. Редакци алдаагаа ухамсарлав.

22 May 2015

Single photo

5 дахь өдөр 5 цагаас хойш ажиллах дур үнэндээ алга. Гарлаа.

ДДТ - Жизнь Красивая


Нүүр будалт

Косметик хүний төрхийг хэрхэн өөрчилдөгийн тод жишээ.

21 May 2015

Сплин - Мысль

UPD 2015.05.21 23:36 
Сонсох дуртай дуунуудын нэг. 

2014.10.03 19:26

BW

19 May 2015

Сонирхолтой математик

Дээр өдөр тутмын сонингийн хуудас эргүүлж суутал гадаадад сургуульд явуулдаг гэх нэгэн байгууллагын үйл ажиллагааны тухай бүтэн нүүр мэдээлэл таарав. Би мэдээж уншиж цагаа бараагүй. Зардлын тооцоотой хүснэгтийг нь хараад инээд хүрээд өнгөрсөн:
Савааж байгаа биз? Унаа сард 5 мянган төгрөг байх жишээний. СӨХ? Ха-ха, арай өөрөөр нэрлэхгүй дэ ядаж. 7-р мөрөнд бүр санаа амар, үржүүлэлгүй орхиод хөлийн дүнг нь бодчихсон байх юм.
Засгийн газрын солиолцооны хөтөлбөр бол өөр. Янз бүрийн гоё нэртэй сургалтын төв, төрийн бус байгууллага г.м. бүрхэг нөхдүүдийн гадаадад сургана гэсэн зарлалын 90% нь залилан бөгөөд хульхидалт гэж би хувьдаа боддог. 90% биш юмаа гэхэд 80% бол бат хүний хүүхдээр тоглож байгаа. Ер нь хүн ийш тийш хувиараа сургуульд явахаар шийдсэн бол зуучлагч хэрэггүй. Сургуульдаа шууд хандаж яагаад болохгүй гэж. Амралтаараа аялалаар явах гэж буй бол мөн адил, ямар элийгээ хийж жуулчны компанид хандах юм? Интернэт байна, үүргэвчээ үүрээд урагшаа.

Сплин - Рай в шалаше

UPD 2015.05.19 01:11
Grooveshark хаагдсанаас болж ажиллахаа байсан дууг сэргээв.

 
2015.01.04 14:11
Дуртай дуунуудын нэг. Үгийг нь сонсох тоолонд үнэн шүү гэж бодогддог:
Если по правде - давай без обид: 
Тот, кто убил - тот и убит. 
Кто в дождь отдал плащ - тот под плащом. 
Тот, кто простил - тот и прощён.

18 May 2015

Maestro - Darlin' Celsa


All Things Fall


Холимог хуурга

Ээлжит гар утсаар дарсан зургийн цуглуулга.
Гурван хаалгатай 124 кузовтой бенц. Намайг 90-ээд оны сүүлчээр өвгөн бенц (123 кузов) унаж байхад 124 кузовтой E230 гөөмөн гоё харагддаг байж билээ.
Хотын төвийн нэгэн рестораны самбар. Гарт нь сэрээ хутга бариулчихгүй дэ.
Дээрх рестораны хөгжим маш энгийн. Гар утсаа залгаад болоо.
Soho мебелийн сурталчилгаа. Тус компанийханд Harrier кроссовер ангилалд багтна гэж хэлж өгөх юмсан. Манайд жаахан өндөр машин автоматаар жийп болчихдог нь гоё.
Кара караоке. Караокенуудыг эрс цөөлөх хэрэгтэй гэж боддог. Бар-наас илүү архидалтыг өөгшүүлэгч байгууламж шүү дэ. Орлоо, түгжлээ, 12 цаг болсон ч хамаагүй.
Галт тэргэнд. Зүүнхараа дээр 2 пиво нэмээд авчих гэсэн чинь 12 цаг өнгөрсөн гээд алкоголь бүхий лангуугаа хөшигөөр хаасан байв. Спиртийн өлгий Мандал сум ийм болчих гэж, ахиц дэвшил байгаа бололтой.
Дээр үед FB-д бичигдээд байсан Prius-ийг олж харав. "Нөгөө ах" г.м. баахан бичээстэй.
Гоё эмблемтэй Colt.
Үхрийн шагайг шүдний чигжлүүрийн сав болгож болдог юм байна.
16-р хороолол. Ялалтын 70 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн. Бооцоо - 2000 төг.
Хүүхдийн сургулийн дэргэд мунаг төмөр ачсан тэрэг маневр хийж эргэх гэж зүдэрсэн зайлуул.
Найман зовхис төв галын шат угсарч буй юм билээ.
Гудамжны сурталчилгаа. Тураах тос түрхээд хөлөргөдөг хувцас өмсөж жингээ хасах юм биз дэ? Ийм бүтэхгүй арга ашиглах хүн олдох уу гэдэг нь сонин. Үнэхээр хөлрөх гээд байгаа бол мөнгөө дэмий зүйлд бүү үр, шууд гялгар уут углах хэрэгтэй гэж зөвлөх байна.
Нийслэл хот маань замын хагархайгаа хайлуулсан замын хараар чигжсэн. Дээр нь элс асгаж хатаасан. Шороогоор шуурч ядаж байхад элс нь нэмж хийсээд сайхан л байв. Ийм технологи байдаг эсхийг замын инженерээс асуух юмсан.
4 сард цас орсон чинь бордюр дагасан цасаа замын голруу хүрзэдэж шидэлсэн. Машин тэрийг нь дайрч буталсаар шалбааг болгож байгаа юм. Ийм гоё гоё аргачлал өөр газар хараагүй дэ.
Өчигдөрийн кадр. Сансарын тунель. Амралтаа бүрэн утгаар нь эдэлж буй иргэн. Тасрахдаа хүртэл хөлөө ачаастай, сурах юмсан.
Байрны дэргэд баригдаж буй барилгын арматур төмрийг хэдэн траншейны нөхөр сайхан зөөж байгаа да харин ч нэг. Гагнаад, боогоод, зангидаад, талыг нь бетондсон байхад л улаан гараараа ноцолдсоор байгаад салгачих юмаа. Эвдэж сүйтгэхдээ гарамгай гэж жигтэй. Бүтэхгүй ээ.