05 December 2012

Холимог хуурга

Мэдээлэл элдэв хачиргүй, үнэн бодит биш бол мэдээ гэдэг утгаа алдна. Зам битүү бөглөөтэй байхад хөдөлгөөн саадгүй гэж зааж буй самбарнуудаар яах ч билээ цус. Анхнаасаа улаан хульхи, хэнд ч ойлгомжгүй (_|_) байсан юм дө, буулгавал таарна. Аливаа зүйлийг байгаагаас нь илүү өнгөтэй өөдтэй, гоё харагдуулах гэж хичээдэг, дарга удирдлагадаа ажиллагаагүй зүйлийг ажиллагаатай мэт танилцуулдаг чанар манайханд бат сууж. Төрөлхийн гэхээсээ олдмол шинж. Нийгэм нь хүнээ ийм болгож өөрчилж байна гэсэн үг. Энэ самбарны оронд гар утас, навигаторт зориулсан, онлайн горимд ажилладаг application бичүүлсэн нь дээр. Үгүйдээ зам юм уу уулзварыг сонгоход тус газрыг хяналтын камераар аваад, фото нь тэр дороо гар утсанд ачаалагддаг зүйл хэрэгтэй байна шүү дэ.
"Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилнэ" гэсэн бичигтэй аптека. Анх удаа ийм зүйл орж харж байна. Манайх бас хөнгөлөлт үзүүлдэг л юм байна, зайлуул. Харамсалтай нь ЭМД-ын сангаас гэдэг нь зарж буй эм нь хямдхан, олдоц их, чухал биш гэсэнтэй агаар нэг болов уу. Эрүүл мэндийн даатгалаараа бид ганц шүдээ ч боломжийн эмнэлэгт ломбодуулчихаж чаддаггүй биз дэ? Тэгэхээр тус сангаар санхүүжигдэж зарагддаг эм нь ямаршуу зүйл гэдгийг тааж цөхөөд байх зүйлгүй. Бүрэн дамар эргэсэн салбар байгаа юм, Нийгмийн даатгал (ЭМД харъяанд нь байдаг). Шимтгэл өгөөд байдаг, төлөөд байдаг - тэтгэвэрт гарлаа - шууд авсаа захиал.
Сонирхолтой факт. Орос жүүснүүд дээрээс "сок" гэдэг үг бүрэн арилж. Өөрсдөө дэлгүүр орохоороо шалгаарай. Үнэн мэдээлэл сав, баглаа боодол дээр байхыг хуулиар шаардаж дэ. Манайд болохоор Магнай сав баглаа боодлоо соль гээд хэдэн сарын хугацаа өгөөд байсан, хэзээ өөрчлөгдөхийг нь хүлээгээд л сууж байхаас. Ер нь цэвэр жүүс, натурал сүү гэдэг бичигт итгээд явж байсан бол тэнэг л байна. Угийн технологи нь хуурай сүү, сироп л ашигладаг. Дэлхий даяар ингэж хийж байхад зөвхөн манайд л жимс шахаж цэвэр жүүс гаргаж, үнээнийхээ сүүг тетрапак савалгаанд хийв гэж. Яахав, монгол үнээний сүү гэхээрээ дотоодынхоо хуурай сүүгээр хийсэн юмуу да. Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газар сэргэж, одоо л нэг юм үүргээ биелүүлж эхэлж байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Хэдийгээр надад Магнай таалагддаггүй ч гэлээ хийж буй зүйл, авч буй арга хэмжээнүүд нь зөв чиглэлтэй байгаад баярладаг. Магнай шиг боломж л олдвол дөвчигнөж, мэдэгдэл хийж сенсаци дэлгэх дуртай хүнд яг тохирсон ажил. МҮЭ-д Ганбаатар бас яг таарч байсан юм. Гэхдээ зүрхний хий нь хэт их бол бас аюултай, мэргэжлийн хяналтад жинхэнэ шизофреник Содхүү гэдэг нөхөр байсан цаг саяхан.
Хүү цаасан гинж урлаж эхэлж. Оригами анхаарал төвлөрүүлэхэд сайн нөлөөтэй, зөв зүйл юм гэж боддог.
Гэрийн цонх нүгэлтэй цанатаж байгаа. Тавцан дээр нь ус тогттол. Ашиглалтанд орсон жилдээ байрны чийг гадагшилж их цантдаг гэсэн. Болохгүй бол цанталтын эсрэг бодис олж шилээ арчихгүй бол бүтэхгүйн. Хүүхдүүд цантсан шилэн дээр юм зурж наадаад л, амар болсон.
Өчигдөр хар үүрээр дарсан кадр. Эгч машинаа хагас сайны орой задгай гаражид орхиод, бүтэн сайнд гаргаагүй, 1 дахь өдөр дугаарын хязгаарлалтаар явах эргүй болохоор даваа гаригийн орой л асаах гэж оролдож. Тэгсэн цоож нь царцчихсан, хаалганд түлхүүр нь ороод эргэдэггүй. Надруу 1 дахийн бүүр орой залгасан, би тэргээ аль хэдийн хучаад тавьчихсан болохоор өглөө очиж үзье гэв. Угийн мягмар гаригт миний тэрэг явахгүй, тиймээс очиж тэр машиныг асаахгүй бол болохгүй. Өглөө нь архины үлдэгдэл, шприц, зажигалка өвөртөлж аваад 6 цагт гарлаа. Цоожны нүхрүү нь шприцээр архи шахаад, түлхүүрийг нь гал дээр халааж байгаад хийж эргүүлэх оролдлого хийв. 2 дахь удаагаас хаалга нь онгойв. Аккумлятор нь суучихсан байгаа да, 3 өдөр гадаа ямар ч хучлагагүй хаясан тэрэг гэж бодсон чинь ганц дараад асав.
Телевизийн орчимд. King Foods.
11-р хороолол. Уг нь хийцийг нь харахлаар үйлдвэрээс гарсан тэмдэг гэмээр. Гэвч дүрслэлийг нь харахлаар яалт ч үгүй сайн дурын уран сайханчийн бүтээл.
Тайландын эмнэлгийн төлөөлөгчийн газраар орсон. Манайд энэ эмнэлэг шиг ядаж ганц эмнэлэг байгаасай билээ, тэгдэв замын зардал, буудал г.м. дайвар өртөг байхгүйгээр шинжилгээ, эмчилгээгээ хийлгэх боломж бидэнд нээгдэнэ шүү дэ гэсэн бодол төрсөн.

1 comment:

  1. 11-р хорооллын тэр шонгуудыг газар луу зоосон зургийг авч тавиарай. Үнэн тэнэг. Номин руу явдаг замын тэндхүүд ялангуяа.

    ReplyDelete