- Аав нь арав алдсан болохоор чамайг тав алдаг гэж үглэдэг юм.
- Айлын хүүхдүүд дунд алт ч бий гууль ч бий, алийг нь сонгож нөхөрлөхөө өөрөө шийд.
- Алт урвалдаад олон хувирдаг, гууль гандсан ч өнгөө алдадгүйг зүгээр л сана.
- Амаа мурийлгаж цээжээ түрсэн алиа гарууд зөндөө таарна, хараа өндөр хажуугаар нь зөр.
- Чаддаггүй чацаганууд бөөнөөрөө байдаг, чаддаг нь угаасаа даруу байдгийм.
- Ядарсан нэгэн таарвал бөхийж хүндэл, тэнгэр хардгийм чамайг.
- Мөнгөтэй явахад ойртсон хүнийг нөхөрт хэзээч бүү тооц. Өнгөтэй явахад зүүгдсэн бүсгүйг өөрийн болгож бүү харамла.
- Онцгойрч сондгойрч тодормоор бол олигтой сур, их унш, сайн унт, зөв хоолло.
- Нас чинь дандаа залуу байхгүй, намайг дагаад намаржаад л ирнэ. Зүс чинь үргэлж толигор байхгүй, үс чинь цайгаад гундаад л ирнэ.
- Шаардлагатай гэвэл худлаа хэл, харин худалч болж амьдрах хэрэггүй. Зайлшгүй гэвэл зодолд сайхан, заавал дараа нь уучлал гуй.
- Хүний нүдийг эгцлэн харж, дотор нь ортол өрөмдөж сур, түүнийг таних шилдэг зам.
- Сэтгэл сайтыг бүү март, ачийг хариул.
- Олон найзаар халаас дүүрдэг хорвоо, орхигдоод гээгдээд зугтаадаг нь амьдралын жам, тоотой нь үлдэнэ тэднээ гамна
- Олон охид энгэр чимнээ, өөрийг чинь гурав хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай. Олсон цагтаа бүхнээ зориул.
- Сурсан эрдэм чинь төгс бол өлсөх зовлонг үзэхгүй, сураагүй зүйлдээ харамсалгүй гуйвж дайвалгүй цэх бай.
- Нүгэл нэгийг үйлдвэл хоёр буянаар хариулж бай.
- Эрх мэдэлд бүү шуна, эд хөрөнгө бүү хураа. Эрүүлийг хүс, ээжийгээ үргэлж тойр. Аавынхаа чадаагүйг хийчихвэл бахарх, асаасан голомтоо бат сахь.
- Нэг л өдөр би өнхөрнө, нээх гашуудах шаардлага үгүй.
- Эвийг дандаа хичээ, Эх орноо үргэлж хайрла.
13 June 2025
Бавуугийн Лхагвасүрэн
Бавуугийн Лхагвасүрэнгийн захиасаас:
Labels:
excerpt
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment