25 June 2025

Номын сангийн плакат

1929 оны плакатууд. Зураач Фёдор Слуцкий.

24 June 2025

Ус зайлуулалагч

Токио хотын ус зайлуулах систем инженерийн ур ухааны оргилуудын нэг хэмээгддэг.
Секундэнд 200 куб метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.
Багануудын өндөр 18 метр. Бороо усгүй үед танилцах аялалууд зохион байгуулагддаг.
Харин энэ төрөлх Улаанбаатар минь.
Яг яамаарч юм билээ дэ...

17 June 2025

Төрийн өмчит компаниудын бүтээмж

Төрийн өмчит компаниудыг нэг сайн гэгч сэгсрээд илүү дутуу хачиг, шимэгчээс нь салгамаар байгаа юм. Нэгтгэхийг нь нэгтгээд, татан буулгахыг нь буулгаад, хувьчлахыг нь хувьчлаад, орон тоог нь цөөлөөд, цалин хөлсийг нь нэмээд, цомхон, чадварлаг бүтэцрүү шилжүүлэх нь зүйтэй. Төрийн өмчит компанид ажиллаж үзсэн. Тэн хагас нь ажил хийдэггүй, зарим нь ажилдаа ч ирэхгүй. Сонгууль дөхөөд ирэхлээр "Хөдөөгийн сэргэлт" г.м. улс төржсөн ажилд томилно. Мандахчгүй, унтрахчгүй. 
Сонгуулийн дараа бүтээмжийн менежерүүд томилогдоод байсан, ямар ахиц үр дүн гарч буйг нь ил тод харахсан. Нэг экселийн хүснэгтэнд томилогдсон хүн, компани, урд жилийн үзүүлэлтүүд, тэгээд энэ жилийнх. Хэдхэн түлхүүр үзүүлэлт байхад хангалттай. Мөн томилогдсон хүмүүсийн CV-г үзье. Хэн нь яг мэргэжлийн хүн юм, хэн нь цүнх баригч юм гэдэг нь тос ус шиг шууд ялгараад харагдана. Сэтгүүлчид микрофон барьж хүн ноцсоноос иймэрхүү зүйл дээр ажиллавал сонирхолтой.

15 June 2025

Дашчойлин хийд. Хүрээ Майдарын дуган

2025.06.11. Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдарын дуганыг сонирхов.
Гоё бүтээн байгуулалт болж.
Цэвэрхэн, тухтай, цэлгэр саруул.
Майдар нь эв нэгдэл, хайр энэрэлийн бурхан юм билээ. Сургаал нь товчхондоо: сайн санаж явбал үйл хэрэг чинь бүтнэ, хорон муу санаа агуулвал өөрөө л зовж зүдэрнэ.
Арын проекц.
Үзэж харах, уншиж сонжих зүйлээ нэмэгдүүлчихвэл бүр ok болно. Зай талбайгаас их зүйл байхгүй байна лэ.
Анхааруулах тэмдэг бүтээсэн хүнд респект. Сайн харвал орхимжой лам хүү байгаа юм, ккк.

14 June 2025

13 June 2025

Бавуугийн Лхагвасүрэн

Бавуугийн Лхагвасүрэнгийн захиасаас: 
  • Аав нь арав алдсан болохоор чамайг тав алдаг гэж үглэдэг юм. 
  • Айлын хүүхдүүд дунд алт ч бий гууль ч бий, алийг нь сонгож нөхөрлөхөө өөрөө шийд. 
  • Алт урвалдаад олон хувирдаг, гууль гандсан ч өнгөө алдадгүйг зүгээр л сана. 
  • Амаа мурийлгаж цээжээ түрсэн алиа гарууд зөндөө таарна, хараа өндөр хажуугаар нь зөр.
  • Чаддаггүй чацаганууд бөөнөөрөө байдаг, чаддаг нь угаасаа даруу байдгийм. 
  • Ядарсан нэгэн таарвал бөхийж хүндэл, тэнгэр хардгийм чамайг. 
  • Мөнгөтэй явахад ойртсон хүнийг нөхөрт хэзээч бүү тооц. Өнгөтэй явахад зүүгдсэн бүсгүйг өөрийн болгож бүү харамла. 
  • Онцгойрч сондгойрч тодормоор бол олигтой сур, их унш, сайн унт, зөв хоолло. 
  • Нас чинь дандаа залуу байхгүй, намайг дагаад намаржаад л ирнэ. Зүс чинь үргэлж толигор байхгүй, үс чинь цайгаад гундаад л ирнэ. 
  • Шаардлагатай гэвэл худлаа хэл, харин худалч болж амьдрах хэрэггүй. Зайлшгүй гэвэл зодолд сайхан, заавал дараа нь уучлал гуй. 
  • Хүний нүдийг эгцлэн харж, дотор нь ортол өрөмдөж сур, түүнийг таних шилдэг зам. 
  • Сэтгэл сайтыг бүү март, ачийг хариул. 
  • Олон найзаар халаас дүүрдэг хорвоо, орхигдоод гээгдээд зугтаадаг нь амьдралын жам, тоотой нь үлдэнэ тэднээ гамна 
  • Олон охид энгэр чимнээ, өөрийг чинь гурав хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай. Олсон цагтаа бүхнээ зориул. 
  • Сурсан эрдэм чинь төгс бол өлсөх зовлонг үзэхгүй, сураагүй зүйлдээ харамсалгүй гуйвж дайвалгүй цэх бай. 
  • Нүгэл нэгийг үйлдвэл хоёр буянаар хариулж бай. 
  • Эрх мэдэлд бүү шуна, эд хөрөнгө бүү хураа. Эрүүлийг хүс, ээжийгээ үргэлж тойр. Аавынхаа чадаагүйг хийчихвэл бахарх, асаасан голомтоо бат сахь. 
  • Нэг л өдөр би өнхөрнө, нээх гашуудах шаардлага үгүй. 
  • Эвийг дандаа хичээ, Эх орноо үргэлж хайрла.

12 June 2025

Чойжоо

Хурдын Чойжоо яагаад ч юм мануул шиг харагдаад байдаг юм.

03 June 2025

Дархан аваргын хөшөө

Нийслэл сайхан хөшөөтэй болж. Энд тэнд монгол бөхийн хөшөө баримал тавьсан л байдаг юм, төдийлөн таалагддаггүй. Энэ уран баримал бол гоё харагдаж байна.
Мөнхбат аваргын ид үеийн барилдааныг нь би хараагүй, төрөөгүй байсан болохоор. Аав маань ёстой гоё уран барилдаантай бөх байсан гэдэг юм. Надад нэг ийм зураг файлууд дунд байгаад л байсан, энэ постоор нийтлэгдэх байж дэ.