Сонгуулийн жил манай нийгэм тэр чигээрээ улс төрөөр амьсгалж эхэлдэг. Би дотроо ихэнх иргэд нам бус байгаасай гэж боддог. Мөн боловсон хүчний залгамжилсан бодлого хэрэгжээсэй, 4 жилийн давтамжтай явагддаг халаа сэлгээг зогсоох хэрэгтэй гэж боддог. Төрд хамгийн шилдэг нь, хариуцлагатай нь ажиллаасай. Төрийн албан хаагч хүндлэл хүлээхээр түвшинд байгаасай гэж хүсдэг. Түүнээс биш дипломын гол, зальний хөрөнгө, будилааны хутгуур, шуналын тулам хэрэггүй.
Монголчууд бид хэт улс төржөөд удаж байна. Улс төрийн фанатикуудыг хараад айдас төрдгийг ч нуугаад яахав. Сонирхолтой нь, АН-ын фанатикууд хамгийн олон байх юм. Энэ улс орныг АН, МАН хоёр л удирдсаар ирсэн. Одоогоор боловсон хүчний нөөц, туршлага хуримтлуулсан гуравдагч хүчин гарч ирээгүй байгаагаас хойш энэ хоёрын аль нэгтэй л зууралдна. Олигтой гуравдагч хүчин ойрын үед гарч ирэхгүйг ХҮН нам сая харуулчих шиг боллоо. Овоо гайгүй их дээд сургуулиудын багш эрдэмтэд, гадаад дотоодод төгсөгчдийг эгнээндээ элсүүлж байх шиг байна гэж бодож байтал босоо Ганбаа-тай зууралдаад, тамга тэмдгээ булаацалдаад нэр хүндээ шалны алчуур болгочихож байгаа улстай юу ярих билээ.
АН-д хийсэн зүйл ч бий, хийсгэсэн зүйл ч зөндөө. Хөдөөгийн иргэдэд малыг нь, хотын иргэдэд байрыг нь хэн хувьчилж өгсөн? Гадаад паспорт аль засгийн үед олгогдсон? Нийслэл хуучин ямар байсан, одоо ямар байна? г.м. дурьдаж болно. Юу нь таалагддаггүй вэ гэвэл бодлогын шинж чанартай 21 оны Ардын хувьсгалын, соц үеийн нийгмийн зүтгэлтнүүдийн түүхэн дахь үүргийг дардаг. Сүх жанжины талбайг Чингисийн болгоод яах ч билээ? 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал түүхэн чухал үйл явдал мөн, хэнч маргахгүй. Тэглээ гээд 1921 оныг үгүйсгэж болохгүй. Чингис, ардчилал хоёр АН-ын өмч юм шиг загнахаа больчих хэрэгтэй. Гарамгайбаатар мэтийн ёс суртахуунаа алдсан хүмүүс хааны нэрийг ч дурсах эрхгүй. Социализмын 70 жилийг хар цаг үе мэт түүхэнд тэмдэглэж үлдээх гээд яахав. Цэдэнбал даргыг харлуулах гээд хэрэггүй, ард түмэн тэр хүнийг хүндэлж хайрлаж ирсэн. Ардчилсан намын нээлттэй байдал нь, зоригтой алхамууд хийдэг нь таалагддаг. Харин хэлсэндээ хүрэхгүй бурдаг нь, чадалгүй боловсон хүчнээ ичихгүй татдаг нь таалагддаггүй.
1990 оны ардчилсан хувьсгалыг монголчууд бүх нийтээрээ хийсэн. 4-р ангийн сурагч байсан бид хичээлээ тараад цэвэр сониуч зандаа хөтлөгдөж "өлсөж буй" хүмүүсийг харах зорилгоор талбай орж л байлаа. Эцэг эх хоёр ч Сүхийн талбай орж байсныг санах юм. Бүгд тэнд байсан, хөл гишгэх газаргүй болтол ард олон цугласан. Ихэнх нь тогтолцоог өөрчилж, ардчилсан нээлттэй нийгмийг хойч үедээ үлдээх, сайхан амьдрах хүсэлдээ хөтлөгдөж 90 онд гудманд жагссан гэж би ойлгодог. Түүнээс биш МАХН-ыг устгах, Төв хорооны гишүүдийг хорих санаа хэнд ч байгаагүй нь тодорхой. Социализмын үед нийгэмд байр сууриа олж чадаагүй, хавчигдаж гадуурхагдаж явсан хэсэг бүлэг хүн тухайн нийгмийг үнэн голоосоо үзэн яддаг юм болов уу гэж боддог. Тэд бурууг өөрөөсөө хайхын оронд төрийн жолоог барьж байсан намыг бүх бүтэлгүйтэлдээ буруутгадаг. Үнэн хэрэг дээр ямарч нийгэмд эдгээр хүмүүс гадуурхагдах л байсан болов уу. Ажлаа хийдэггүй, архи дарс хэрэглэдэг, хариуцлагагүй, зарга хэл ам байнга гаргадаг бол хэнч сайн хандахгүй нь тодорхой. Тэр үед ихэнх энгийн иргэд шударга хөдөлмөрлөөд, ажлаа хийгээд л явж байсныг мэдэх юм.
26 жил өнгөрчихөөд байхад МАН-ыг дайрж давшилдаг, үнэн голоосоо үзэн яддаг хүмүүс байдагт би гайхдаг. МАН-д мэдээж муу зүйл олон бий. Гэхдээ дан хар талаас нь харж болохгүй, сайн зүйл бас байгаа. Жишээ нь надад Н. Энхболд гишүүн бол таалагддаг. Эсрэгээр дарга М. Энхболд нь огт таалагддаггүй. Тэрч байтугай М. Энхболд тус намыг удирдаж байхад МАН-д шинэчлэл явагдахгүй гэж боддог. Мөн намууд олигархуудыг, урвагчдыг орогнуулж буйг би шүүмжилдэг. Улаан, Тэрбишдагва хоёрыг Алтан, Хучир гэж нэрлэхээс өөр арга алга. Арвин гэж сайхан эгч байна. Цог гэж нам гүйцээсэн ах хүү бас бий. Ийм байж болохгүй гэж би боддог.
Жагсаалтаар сонгоход буруу зүйл байхгүй ч гэлээ бид жагсаалтад хавийн шаарнуудыг шингээснээрээ ийм байдлаар сонгуулиа явуулахад арай эрт байна гэдгээ мэдэрсэн. 76 жижиг тойрог бол буруу. Өргөтгөсөн тойргоос сонговол арай чанартай нь гарах байх. Урт жагсаалтаас олон хүн дугуйлах байх гэж найдаж байсан - байхгүй. Хуулийг гуйвуулна, өөртөө тааруулна гэдгийг саяны хэдэн өдөр хүн бүр харсан болов уу.
Бүх зүйлийг хар цагаанаар харж болохгүй, хорвоо өнгөт. Нийгмийн масс өөрөө бодож дүгнэлтэд хүрэхгүй телевиз радио, интернэтээр түгээж буй мэдээлэлд сохроор итгэж байгаа нь харамсалтай. Тархи угаалтыг бол хялбархан хийчихэж байна шүү дэ. Тиймээс ху из хуй who is who гэдгийг өөрөө л дүгнэж бодож олох хэрэгтэй.