30 June 2015

Кин-дза-дза

Түрүүн Кин-дза-дза-г үзэж жаахан инээлээ. Данелия гоё кино хийдэг шүү, юу ярихав.
Дядя Вова бол James Bond-оос дутахгүй дэ. Пепелац!

Уншлагын цаг

Сүүлийн хэдэн өдөр зуслан дээрээ амарч байна. Хийгээд байх онц зүйл энд байхгүй. Тиймээс уншлага эрчимтэй явагдаж байгаа. Залхуураад богино өгүүллэг, тууж шоглох юм. 2 өдөрт Толстойн "Хаджи-Мурат", Солжиницыний "Один день Ивана Денисовича"-г унших шив дэ. Зовлогоороо туулсан зүйлийн талаар хүн сайн бичиж чаддаг юм шиг байгаа юм. Аль алиныг нь дээр үед уншиж байсан. Дахиад л уншиж орхилоо.

29 June 2015

Хуучин ном, сурах бичиг

Хими, биологи, физик, математик. Зуслан дээр ашиглахаа байсан ном сэтгүүлийг акталж аваачдаг юм. Хэдэн өдрийн өмнө хуучин номнуудаа ухаж суутал сурах бичгүүд гарч ирэв.
Энэ минийх биш, би хими биологид гавьдаггүй байсан. Том эгч Анагаахад элсэхээр бэлтгэж байсан үеийнх байх.
1990 оны хэвлэл.
Үнэ 3 төг 20 мөн.
Физикийн бодлого дасгалын хураамж, 8-р анги. Цогзолмаа гэсэн нэр бичээтэй хэдий ч би ашиглаж байсан юм болов уу. Физик дээр ч би цойлоод байснаа нэг л санахгүй байна.
Хими. Энэ бол яг миний ном, сайн санаж байна.
3 төг 80 мө.
Бас нэг бодлогын хураамж. Хэнийх юм - бүү мэд.
1991 оны хэвлэл, 5 төгрөг.
Математикийн олимпиадын бодлогын хураамж 2 ширхэг олдсон. Багш хүчээр шахдаг байсан гэвэл гомдох л байх, гэхдээ үнэн л дэ, хэ-хэ.
Эхнийх нь - 1992 оны.
Нэг хуудаснаас нь ийм бичиг олдов. Рок сонирходог жаал байлаа гэж.
Хоёр дахь нь - 1995 оны хэвлэл, 1994 оны олимпиадын материал.
Танил нэр ус цөөнгүй байна.

Кукрыниксы - Звезда

27 June 2015

Бүх шатны шүүхээр орсон түүх

UPD 2015.06.27 19:20
Өнгөрсөн 2 дахь өдөр гаражийнхаа гэрчилгээг гардаж авдаг юм байна. Нөгөө л муу Д-гийн маань буян. 7 хоног болгон 2 удаа утасдаж шаналгаж байж, сүүлрүүгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандлаа шүү гэж өмгөөлөгчөөрөө сүрдүүлж байж арай гэж нэг юм гэрчилгээгээ гаргуулсан нь энэ. Уг нь 7 хоногт гаргадаг баримт шүү дэ. Янз бүрийн шалтаг шалтгаан хэлж сунжруулсаар өдий хүрсэн юм. Шүүхийн шийдвэр биелэлээ олоход бараг гурван сарын хугацаа хэрэгтэй байдаг юм байна гэж ойлгосон. 
Одоо тэмдэгтийн хураамж болох 100 гаруй мянган цаас авах ёстой байгаа. Хэзээ өгөхнөв гэдэг нь сонин. Гурван шатны шүүхээр жил чирэгдүүлж, бөөн лай болсных нь хувьд тэмдэгтийн хураамжийг гаргуулж авах нь зөв гэж бодож байгаа. Зарчмын хувьд. Тэгээд ч шүүхийн шийдвэрт компаниас олго гэсэн үг үсэг байгаа боловч найзууд сурсан зангаараа луу унжиж байгаа. Хүлээгээд л байж байхаас. Наадмаас наана шилжүүлэхгүй бол нофщирж шаналгана да, сураагүй юм биш, хэ-хэ. Сила в правде, брат.

2015.04.05 10:47
Өнгөрөгч 7 хоногт хяналтын шатны буюу дээд шүүхээр орж ялсан. Иргэний хэрэг байсан юм. Өмгөөлөгчөөр багын найз Д ажилласан. Үнэгүй. Гурван шатанд гурвууланд нь ялах шив дэ. Анхан шат - 1, давж заалдах - 3, хяналтын шатны шүүх хурал 5 шүүгчтэй явагддагийг мэдэж авлаа. Ялахлаар л цаад газар нь дараачийн шатанд гомдол гаргаж заваараад. Шүүх шударга шийдвэр гаргадаг л юм байна.

Юунаас болж зарга үүссэн нь сонирхолтой. Уншигчидад ирээдүйд хэрэг болж мэдэх мэдээлэл тул товч ярьж өгье. Болгоомжтой л байхгүй бол хохироход маш амархан байдаг юм байна.

Жүжгийн эхлэл. 
Байраа томсгох үеэр 8 хувийн зээлд хамрагдахын тулд 80м2-аас бага талбайтай байр авч таарсан. Харин гараж (зогсоол) захиалах гэтэл 100м2-аас дээш талбайтай байрны захиалгатай бол эрх нээгднэ гэв. Би барилгын компаний борлуулалтын ажилтанд нь: 
- Компани гараж зарах бол мэдэгдээрэй. Хэн нэгэн төлбөрөө цагтаа хийгээгүй, гэрээгээ цуцалсан, аль эсвэл мөнгөний хэрэг гараад зогсоолоо худалдах бол дуулгаарай. Танайхан сул зогсоолоо ирээдүйд зарж эхлэх ч юм билүү гэж захисан юм. Өнгөрсөн оны 4 сард надруу борлуулагч утасдав:
- Ганзориг ахаа, нэг захиалагч гаражаа зарах гэж байна, 30 сая гэнэ, та сонирхох уу?
Би үнэнээ л хэлсэн: - 30-д би авч дийлэхгүй ээ гэж.
Маргааш нь дахиад утасдаж байна: - Ганзориг ахаа, нөгөө хүнд мөнгө яаралтай хэрэг болоод байгаа юм байна, бэлэн мөнгөөр бол шууд 25-д өгнө гэнээ. Манайх уг нь 22-оор захиалга авч байсныг та мэдэж байгаа шүү дэ, тэрнээс хойш бараг жил өнгөрсөн, 25 сая бол өнөөдрийн зах зээлийн дундаж ханш шүү дэ гэв.
Тухайн үед байрыг улсын комисс хүлээж аваагүй байсан болохоор гаражийн гэрчилгээ гэх зүйл гараагүй байлаа. Байр захиалгын гэрээнд л өөрчлөлт орно гэсэн үг. Төлбөрийг компаний дансруу шилжүүлж болохгүй юу гэж лавлахад:
- Ганзориг ахаа, энэ хүн чинь гаражийнхаа төлбөрөөс компанид тушаачихсан. Компаний дансруу та мөнгө шилжүүлэхээр эргүүлээд компани энэ хүний мөнгийг гаргахад хүндрэлтэй. Татвар энээ тэрээ гээд асуудал үүснэ. Угтаа бол нэг гаражийн мөнгө 2 удаа дансаар ороод ирнэ шүү дэ. Би бүх асуудлыг чинь зохицуулаад өгнө. Компани угаасаа зөвшөөрсөн, бичиг баримт дээр асудал үүсэхгүй.
Борлуулалтын албаны энэ ажилтан надаас насаар бага хүүхэн. Байр ашиглалтанд орох явцад бага сага худал хэлээд байсан тохиолдол бий. Жишээ нь: утасдаад обой наагдсан уу гэвэл наагдсан гэнэ. Яваад очихлоор наагаагүй байх жишээний. Эсвэл: хоёр 00-ийн өрөөний нэг нь босоо кабинтай душ-тэй гэж байснаа сүүлдээ энгийн ванн-тай болж хувирсан г.м. Иймэрхүү явган заль гаргадаг, шалихгүй юман дээр худал хэлдэх хүмүүс осолтой, барьцгүй байдаг юм. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг үг зүгээр ч нэг үүсээгүй л байх.
Би жаал бодож байгаад: - За би чамайг компаний төлөөлөл гэж үзэж байгаа. Зөв үү? Гэрээ тэр дороо миний нэр дээр шилжнээ гэвэл би мөнгө төгрөг хөөцөлдөж худалдан авалт хийж болох юм гэв.
Хариулт нь: - Манай захирал гадаадад яваа, хэдэн өдрийн дараа ирнэ, тэгээд л гэрээ нэр дээр чинь шилжнэ. Танд санаа зовох зүйл байхгүй шүү дэ. Компани алдагдалгүй, харин ч мөнгө нь ороод ирнэ, зарж буй захиалагч мөнгөтэй, харин та гаражтай болчихно. Бүгдэд нь ашигтай.
Ямар 20 мянгаар юм худалдаж авах гэж байгаа биш, хаширлаад хуульч найзруугаа утасдаад ийм ийм байна хө, яавал зүгээр вэ, наймаа хийх үү байх уу гэж асуулаа. Найз:
- Наймаа хийж болно, гэхдээ болгоомжтой байхгүй бол байрны борлуулагчидтай холбоотой хэргүүд сүүлийн үед ихсээд байгаа ш дэ. Чи мөнгөө гаражийн эзэнд биш компаний ажилтанд өгөх хэрэгтэй. Тэгээд тэр ажилтан байгууллага ба захиалагчтай тооцоогоо нийлж дуусгана биз. Мөн мөнгө өгөлцөж авалцахдаа өмнөх захиалагчийг нь байлцуул. Гэрээг нь шалгаарай. Мөнгө хүлээж авсан гэдгийг борлуулагчаар гараар нь бичүүлээд үлд. Иргэний үнэмлэхүүдийг нь гар утсаараа дар. Захирал нь байхгүй хойно тэдэн сарын тэдний өдөр гэхэд иргэн Ганзоригийн гэрээг шинэчилж өгнө гэж бас бичүүлж ав. За энэ бүхнийг биелүүлнэ гэвэл наймаагаа хий.
Би утасдаж өөрийн нөхцлөө танилцуулаад, зөвшөөрч буйг нь сонсоод, компаний зүгээс гэрээг шинэчилэхэд ямарч хүндрэл чирэгдэл гаргахгүй гэдгийг нь дахиж нэг лавлаад наймаа хийхээр тохиролцов. Гаражаа зарж буй хүн гээд Ж гэдэг нөхөр цуг ирсэн. Манай орцны ... давхарт байр захиалсан юм гэнэ. Бичиг баримт нь бүрэн байв. За ингээд мөнгөө борлуулагчид гар хөлийн үсэг зуруулж өгчихөөд хүлээгээд байлаа. Гэрээ шинэчилж өгнө гэж бичиж өгсөн өдөр нь ч өнгөрлөө - шинэ гэрээ ирдэггүй шүү. Утасдахаар захирал гадаадаас ирээгүй саатаад байна л гэнэ (хятад нөхөр л дө захирал нь), арай гэж захирал нь ирсэн чинь борлуулагч хүүхэн төв офистоо очих ч завгүй их ажилтай байна л гэнэ, сүүлдээ та ямар хаашаа янзын шаналгаа юм, таныг л хуурав гэж хэмээн ундуйцах аястай шүү. Миний тэвчээр барагдаж хуульчтайгаа компани дээр нь очсон. За ийм ийм байна нөхдөө, танай ажилтан үүргээ биелүүлэхгүй чирэгдэл учруулаад байна гэлээ.
- Уучлаарай, ажилтан хариуцлага алдсан байна. Та санаа зоволтгүй, гаражгүй болно гэж бол байхгүй, гэрээг чинь шинэчилнэ, мөнгө төгрөг чинь сая орж ирсэн. Гэхдээ бид зогсоолуудаа 22-оор борлуулж байсан болохоор танд 25 биш 22-ын л баримт бичиж өгнө шүү гэж байна.
Би хэллээ: - Гол нь намайг бичиг баримтын зөрчилгүй болгож өг. Та нар наад ажилтнаа ер нь анхаараарай. Худал яриад хэцүү юм.
За тэгээд хэдэн өдөр хөөцөлдсөний үр дүнд гэрээгээ шинэчилээд, мөнгө тушаасан баримтаа авлаа. Компаний гэрээ хариуцсан мэргэжилтэн С: - За одоо ингээд комисс байр хүлээж авахлаар та гэрчилгээгээ гаргуулаад болоо. Бүх зүйл болсон, бүтсэн. Санаа зовох зүйлгүй хэмээв.
Үүгээр тус жүжгийн 1-р акт өндөрлөж байгаа юм.

Таван сард буюу дээрх явлаас хойш сар өнгөрсний дараа Дорнод яваад иртэл компаниас сканердсан албан бичиг миний мэйлээр ирсэн байлаа. Товч утга нь: борлуулалтын ажилтан Э компаниа залилж хөрөнгө мөнгө хувьдаа завшсан нь тогтоогдоод байна. Таны гэж тушаасан мөнгө нь өөр захиалагчийнх ч байж мэдэх, тиймээс компани гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйг мэдэгдэж байна гэж авдаг юм. Муухай дургуй хүрээд утасдлаа: - Та нар ямар тоглоомтой гарууд вэ? Гэрээ шинэчилсэн, баримт өгсөн. Тэгснээ сарын дараа "Өө андуурчихаж, танд өгсөн цааснууд хүчин төгөлдөр баримт биш шүү" гэдэг ёс хаана байна? Тамга тэмдэгтэй энэ баримуудыг чинь би хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэрээг 2 тал тохиролцож байгуулдаг, аль нэг талын хүсэлтээр цуцлагдна гэж байдаггүй. Гэрээний үүргээ би бол биелүүлсэн, одоо компани биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна гээд маргааш нь гараараа тухайн албан тоотыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ сайхан бичээд офист нь аваачаад өгчихөв. Компаний ажилтан С-ийн яриагаар: миний авсан гаражийн эзэн нь надад харуулсан баримт дээрх Ж ч биш, ондоо хүн гэнэ. Ажилтан нь хэд хэдэн захиалагчаас мөнгө төгрөг авч нийт үнийн дүндээ бараг 100 сая төгрөгийн залилан хийсэн нь тогтоогдоод цагдаа сэргийлэх дээрээ тулж байгаа юм байх. Төд удалгүй надруу компаний хуульч гэж нэг нөхөр утасдаж уулзахыг хүсэв. Дээрх бүх процессыг би өөрийн хуульч найздаа танилцуулж, зөвөлгөө аваад л байлаа. Манай хүн юу гэхийг нь сонс, юун дээр ч битгий гарын үсэг зур гэсэн. За тэгээд компаний хуульчтай уулзтал:
- Та ч хохирогоч, бид ч хохирогч. Хүчээ нэгтгэх хэрэгтэй. Та надад цагдаад хандсан өргөдөл бичээд өгчих, би компаниас цалинжиж байгаа болохоор танаас төлбөр мөнгө авахгүй хэргийг чинь давхар хөөцөлдөөд өгье гэж байх юм. Би саналыг нь сонсоод маргааш өөрийн өмгөөлөгчтэйгээ ирье гээд явсан. Д маргааш нь:
- Манай үйлчлүүлэгч хохирогч биш. Бичиг баримт нь ч бүрэн. Компани гэрээгээ шинэчилж баримтаа гаргаж өгөхөд нь би байлцсан. Бүх процессыг анхнаас нь маш сайн мэдэж байгаа. Компанид туслахад бид бэлэн, гэхдээ гэрчийн шугамаар. Ямарч өргөдөл, гомдол Ганзориг бичих үндэслэлгүй, учир нь хохирогч биш юм чинь гэж өөрсдийн саналаа хэлсэн.
Компаний хуульч:
- Би туслах л гэсэн. Сүүлд нь амаа барих хэрэг гарах вий гэсэн утгатай далд заналхийлэл хэлсэн. Түүний сансанаар би өргөдөл бичиж өгөөгүйд сэтгэл дундуур байгаа нь илт.
Үүгээр жүжгийн 2-р акт дуусав.

8-р сард комиссын дүгнэлт гарч байрны ордер олгогдож эхлэв. Би банкаас зээл хөөцөлдөж бүтээгээд компанитай байрны үлдэгдэл төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгав. Новширч гаражийн асуудал шийдэгдтэл төлбөрөө дутуу хийж барьцаалж бариагүй. Компаний хуульч нөхөрт өөрсдийн үзэл бодлоо танилцуулсан, компани гэрээний үүргээ биелүүлэх байх л гэсэн бодолтой явсан. Тэгсэн чинь байрны гэрчилгээ гараад зогсоолынх гардаггүй юм да. Яагаад гэж асуутал нөгөө л С гэдэг ажилтан нь:
- Э-гийн хэрэг мөрдөгдөж байгаа, хэрэг шийдэгтэл танд гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй байна. Гэхдээ та санаа зоволтгүй, асуудал хурдан шийдэгдэх байх. Тэр болтол машинаа зогсоол дээрээ тавьж байхгүй юу гэдэг юм байна.
Би хэлсэн: - Ингэж хүн хохироож болохгүй шүү дэ. Өөрсдөө хариуцлага алдаж ажилтандаа залилуулчихаад хөндлөнгийн намайг чирэгдүүлээд байх юм. Банкны теллер хүнд мөнгө дутуу тоолж өгсөн бол хэн буруутай юм? Банк л буруутай. Дутуу мөнгө авсан хүн банктай л тооцоо хийхээс биш тэр теллертэй зууралдахгүй биз дэ? Нэг нэгнийхээ ажлыг бодоод наад гэрчилгээгээ гаргаад өгчихвөл зүгээрсэн дэ. Миний буруу байхгүй гэдгийг чи сайн мэдэж байгаа шүү дэ гэхлээр урдаас:
- Мэдэж байнаа Ганзориг ахаа. Таныг сайн ойлгож байна. Та яахав дэ, жаахан хүлээчихэлдээ. Гарч л таараа шүү дэ гэнэ. Ингээд дахиад 2 сар би хүлээв. Гэрчилгээ гаргаад өгчих байх гэж горьдоостой. Хуульчтайгаа яриад ямар шалтгааны улмаас надад мөнгө нь төлөгдсөн зогсоолын маань гэрчилгээг гаргаж өгөхгүй байгааг албан ёсоор бичиж өгнө үү гэж компанид хандав. Тэгсэн чинь... намайг компанитай биш борлуулагчтай үгсэн хуйвалдаж нууцаар зогсоол өөр хүний нэрээс өөр дээрээ шилжүүлэхээр тохиролцсон, борлуулагч хуурамч бичиг баримтаар компани хуурсан учир таныг төлбөрөө төлсөн гэж үзэхгүй байгаа, соёлтойгоор борлуулагч Э-тэй өөрөө учраа ол гэсэн утгатай бичиг гардуулдаг юм да. 3,14z! Юу гэсэн үг вэ! Ийм бичиг аваад шүүхэд хандахаас өөр зам надад үлдээгүй. Компанид шүүхэд хандлаа шүү гэж мэдэгдэхэд дураараа болохгүй юу гэсэн хариулт өгсөн.
Ингээд нэгдүгээр шатанд ялсан, компани давж заалдсан. Тэрэнд нь ялсан - компани хяналтын шатанд гомдол гаргасан, гурав дахь удаагаа сая ялж байгаа нь энэ. Одоо цааш заргалдах газаргүй, үнэн гүйцэд яллаа гэсэн үг. Тэгсэн ч гэлээ дээрх хугацаанд бөөн сэтгэлийн шаналал дунд байгаа юм чинь. Яах бол, ийх бол гээд л. Хэдийгээр үнэн миний талд ч гэлээ ялна гэсэн 100%-ийн баталгаа хэнд ч байхгүй шүү дэ. Компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр сайхан залдаг юм да:
- Үгсэн хуйвалдсан, компанийг хуурахад бараг л цуг залилан хийлцсэн, өөрөө хаа хамаагүй хүнд мөнгө өгчихөөд одоо компаниас гараж нэхэж байна, цагдаагаас удаа дараа дуудсан боловч нэг ч удаа очоогүй ч гэх шиг. 3,14z! Шүүх хурал дээр ингэж цэнэггүй бурж болдог юм уу? Манай өмгөөлөгч найз болохоор: - Наадах чинь юу ч биш, чи гэрчүүдийг яаж мэдүүлгэ өгдөг гэж бодно, хэ-хэ гэж инээгээд тоохгүй.
Тэр гаражаа зарж байгаа гээд надад гэрээ, иргэний үнэмлэхээ үзүүлээд байсан нөхөртэй нэг байранд амьдарч буйн хувьд хааяа таардаг юм. Би энэ хэрэг мандаж эхлэхэд түүнд хэлсэн:
- Чи хоёрын хооронд юман дээр яах гэж худал хэлдэг юм? Гаражаа зараагүй байж зарж байгаа гэж. Муухай санагдахгүй байна уу? Эр хүний замын хүзүү урт, заваарсан юм чинь баригдаж л байгаа биз дэ? Эр хүн жаахан жудагтай байдаг юм, гэхдээ чамайг эр хүн ч гэж хэлэхэд бэрх юм да.
Одоо надтай таарахлаараа гөлс гөлс хийгээд нүдээ нуугаад өнгөрдөг. Түүнийг хурдан хурдан алхаж намайг хараагүй дүр эсгээд зөрөхлөөр нь чаавас, ингэж ч амьдрах гэж дэ хэмээн бодож инээд ч хүрэх шиг. 

Дээр дурдагдсан бүх баримт цаасан эх хувиараа надад байгаа. Шүүхэд материал гээгдэж магад гээд нотариатаар баталгаажуулсан хувийг нь өгсөн юм. Цаасан хувийг скан хийсэн файлууд ч бий, өмгөөлөгчдөө нааш цааш байнга илгээж байсан болохоор. Бүгдийг нь энд дэлгэвэл дэлгэж болно л до, гэдхээ яршиг юм да. Тэр заяагүй хам хэрэгтэн Ж, эрүүгийн хэрэгтэй шар махтайгаа хатаж яваа Э, захиалагчаа жийж золигт гаргах оролдлого хийсэн компани Ф-ийн мууг үзэх гэсэн биш ямар.
Найз Д маань тусалж зөвлөөгүйсэн бол би залилуулаад дууссан газар. Адгийн зарга арван хоног гэдэг шиг бүтэн жил заваарлаа цус. Товч бичье гээд бичиж эхэлсэн, сая эргээд харсан - найгүй том пост болж. Одоо дээд шүүхийн эцсийн шийдвэр гарахлаар компани гэрчилгээ гаргах нь уу эсвэл намайг бас шүүхийн шийдвэрээр явуулахнуу гэдэг нь сонин.

26 June 2015

Өдрийн өнгө

2015.06.26. Зуслан. Өглөө 6 цаг өнгөрч байх үеийн зураг.
Нар мандсан хэдий ч уулны цаанаас гарч амжаагүй байна.
Үүл нар дээшлэхийн хэрээр янз бүрийн өнгөнд орно.

Бүх дэлхийн Wi-Fi

Америкийн OneWeb стартап 900 хиймэл дагуулын тусламжтай глобал сансарын интернэт холбоог бий болгохоор ажиллаж байна. Хиймэл дагуулуудыг францын Airbus хийж, оросын Роскосмос орбитод гаргах гэнэ. Энэ тухай жаахан дэлгэрэнгүй авч үзье.
 
Глобал хиймэл дагуул дээр суурилсан интернэтийн санаа 20 гаруй жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Өнөөдөр дэлхийг бүрхсэн 3G, 4G холболтын мөрөөдөл биеллээ олоход тун ойрхон байна. Үүнийг хэрэгжүүлэхээр технологийн хоёр аварга бүлэглэл хоорондоо уралдаж байгаа: нэг талд нь SpaceX болон Google, нөгөө талд нь Virgin Galactic, Qualcomm, O3b нийлж үүсгэсэн OneWeb. Саяхан Facebook сансрын интернэтийн санаагаа орхиж нисгэгчгүй, агаар мандлын дээд давхаргад нэсэх дамжуулах төхөөрөмжүүдэд анхаарлаа хандуулах болсноо мэдэгдсэн.
Inmarsat, Iridium г.м. хиймэл дагуулд суурилсан системүүд аль 90-ээд онд үүссэн бөгөөд өнөөдөр интернэт, утсан холбооны үйлчилгээ хэвийн явуулж байгаа. Эдгээр системүүд нь дэлхийн бөмбөрцгийг бүрэн бүрхэж чадсан хэдий ч түгээмэл ашиглагддаггүй юм. Сансрын холбооны өртөг нь өндөр болохоор энэ зах зээл дээр үүрэн телефоны операторууд ноёрходог. Өнөөдөр операторын антенн байхгүй газар карман зузаан нөхдүүд л сансарын утас, интернэтийг хэрэглэж байгаа. Сансрын интернэтийн бас нэг сул тал нь - хурд. Радиосигнал гэрлийн хурдтай ч гэлээ туулж буй зам нь урт болохоор саатал гардаг. Энд хиймэд дагуулууд янз бүрийн өндөрт нисдэгийг бодолцож үзэх хэрэгтэй: 400-1200 км зайд Low Earth буюу дэлхийд ойр, нам өндөртэй хиймэл дагуулууд байхад 36000 км-т байх Geosynchronous буюу геостационар дагуулууд ч бий.
Орбитын өндөр болгон өөрийн давуу болон сул талтай. Нам өндрийн хиймэл дагуулын бүрхэх талбай бага (газарт хэдий чинээ ойр байна бүрхэх талбайн радиус төдий чинээ жижиг), тиймээс тоо нь олон байх хэрэгтэй, дагаад зардал нь өснө. Гэхдээ сигнал туулах зай богино болохоор харьцангуй хурдан ажиллагааг хангаж чадна. Бараг газрын холболтоос муугуй байх тооцоо бий. Geosynchronous буюу хамгийн өндөрт байрлах станц дэлхийн бөмбөрцгийн бараг талыг ганцаараа бүрхэж чаддаг. Гэхдээ ийм дагуулруу сигнал маш удаан дамжигдна (туулах зам нь найгүй их). Янз бүрийн онлайн тоглоом, интернэт утас (Skype, Viber г.м.)-ны талаар мартаж болно. Өндрийн хиймэл дагуулд бас нэг дутагдал бий: хүлээн авагч хойд, урд туйлруу хэдий чинээ ойр байна, төдий чинээ холболтын чанар муу болдог. Учир нь дагуулын сигнал газрын гадаргатай бараг параллель ирж таардаг бөгөөд энэ нь нэмэлт "шум" үүсгэдэг. Тиймээс холболтоо тогтворжуулахын тулд антеннуудаа өндөрсгөхөөс өөр аргагүй. Эндээс хурдан сансарын интернэттэй болохыг хүсч байгаа бол хар мянган аппарат бага өндөрт хөөргөхөөс өөр сонголт байхгүй нь тодорхой болж байгаа юм.
Нэг жишээ авч үзье: Iridium-ын хиймэл дагуулууд 800 км өндөрт нисдэг, нийт 70 орчим аппарат бий. Тус бүр нь 680 кг жинтэй, 5 сая ам. долларын өртөгтэй. Энд хамгийн гол үзүүлэлт нь үнэ биш юм. Энэ хиймэл дагуул болгон нь хугацааны нэг агшинд 1100 тооны холболтыг л дэмжих чадалтай. ө.х. Iridium бүрэн хүчэн чадлаараа ажиллалаа гэхэд нэг дор 70 мянган хэрэглэгчийг л интернэтэд холбож чадна гэсэн үг. Сайн үзүүлэлт биш гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.
90-ээд онд үүссэн, telecommunication-ы зах зээлд хүчээ үзсэн эхний давалгаанд хамаарах олон компани дампуурсан түүхтэй. Хоёр дахь давалгаанаас нөхцөл байдал дээрдсэн. 2000 оны эхэнд Грег Уайлер гэдэг бизнесмен сансарын интернэтийг хөгжүүлж, www-г хөгжиж буй орнуудад түгээхээр шийдэж. Энэ нь Африк, Ази, Номхон далайн бүсийн 3 тэрбум гаруй хүнд интернэт түгээх төлөвлөгөө байв. Энэ зорилгоор 2008 онд үүсгэсэн O3b стартап 8 мянган км буюу дунд өндрийн орбитын сансарын шинэ аппаратуудыг боловсруулж хөөргөж эхэлсэн.
Энэ төслийг олон компани дэмжсэний нэг нь Google. Уайлерын компани 1,2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт татаж чадсан ба 2014 он гэхэд 2 удаагийн хөөргөлтөөр О3b аппарат наймыг орбитод гаргасан байдалтай байгаа. Ингэхдээ оросын "Союз-СТ-Б" пуужингуудыг ашиглажээ.
O3b-гийн энэ систем одоо Африк тив, Пакистан, Номхон далайн бүсд ашиглагдаж байгаа. Гэхдээ тус систем бөмбөрцгийн гадаргыг бүрэн бүрхэж чадахгүй байгаа. Глобал систем биш гэсэн үг.
Тиймээс Уайлер нам орбитын хиймэл дагуулууд дээр суурилсан системийн санаагаа цааш хөгжүүлэх бодолтой байгаа юм. Тэр SpaceX-ийн Илон Масктай уулзаж энэ чиглэлд хамтарч ажиллахаар тохирсон байсан хэдий ч 2014 оны төгсгөлөөр хэрэгжүүлэх техникийн арга зам дээрээ нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй салцгаасан. Уайлер жижиг, хямд хиймэл дагуулууд хүсч байсан бол Маск жижиг боловч нарийн загвартай, чадалтай, дагаад үнэтэй хиймэл дагуулуудыг дэмжиж байв. Үр дүнд нь Уайлер SpaceX-тэй ч тэр, Google-тэй ч тэр тохиролцоонд хүрч чадаагүй. Гэхдээ шинэ хөрөнгө оруулагчдыг олж чадсан. Тэдгээр нь: Virgin Galactic ба Qualcomm. Аль аль нь технологи хөгжүүлэгч маш том компани. Энэ 2 компани Уайлер-ын O3b-тэй нийлж OneWeb-ийг үүсгэсэн юм. Төсөлд талууд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь мэдэгдэхгүй байгаа хэдийч ямартаа ч эхний 500 сая ам. долларыг төвлөрүүлж чадсан нь тодорхой болсон. 
OneWeb 150 кг жинтэй, 350-500 мянган долларын өртөгтэй хэдэн мянган хиймэл дагуул 800-950 км өндөрт байрлана гэсэн тооцоо гаргав. Төслийн нийт өртөг 3 тэрбумруу дөхнө. Ингээд эхний ээлжийн 900 ширхэг хиймэл дагуулыг угсарч чадах компанийг цаг алдалгүй хайж эхэлсэн.
900 гэдэг нь Дэлхийн орбитод одоо байгаа, хэвийн ажиллаж буй хиймэл дагуулуудын тооноос бараг хоёр дахин их гэсэн үг. Өнгөрсөн 7 хоногт гүйцэтгэгчийн нэр ил болсон нь францын Airbus байлаа.
Airbus өөрийн үйлдвэрт туршилтын 10 аппарыг угсарч үзээд үйлдвэрлэлийг АНУ-руу шилжүүлэхээр тохиролцож. 2019 он гэхэд бүх хиймэл дагуул байраа эзэлсэн байх болно гэнэ. Эдгээрийг Роскосмос-ын 12 "Союз", Virgin Galactic-ийн 39 LauncherOne пуужин орбитод гаргахаар болж. 50 гаруй хөөргөлт болно гэсэн үг. Илон Маскийн SpaceX одоо өрсөлдөгч болохоор энд оролцуулаагүй нь илэрхий.
Ийм хэмжээний хөөргөлтийг хятадууд ч гүйцэтгэж чадах хэдийч OneWeb оросуудад илүү найдаж. Нөгөө талаас - оросуудын хурдасгуурын блок болох "Фрегат" нь хамгийн сайн төхөөрөмжийн нэг хэвээр байгаа. Хиймэл дагуулыг орбитод гаргах анхны хурдатгалыг олгодог "Фрегат" 32 хиймэл дагуулыг нэгэн зэрэг орбитод нь оруулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ.
SpaceX-ийг үүсгэн байгуулагч Илон Маск ч гэсэн өөрийн сансарын системийг тооцоолчихсон, ажлаа эхэлсэн байгаа: хиймэл дагуулууд, тэдгээрийн хоорондын холбоо, дахин дамжуулагч г.м. Санаа нь OneWeb төсөлтэй бараг ижил. Ганц зөрүү нь - өртөг. Маскийн төсөлд 10 тэрбум шаардлагатай байгаа юм. Эхний 1 тэрбумыг Google хөрөнгө оруулалт хэлбэрээр хийчихээд байгаа. Маск Сиэтлд хиймэл дагуул боловсруулах лаборатори аль дээр байгуулсан. Ажил нь амжилттай урагшилвал 4000 сансарын аппарат хөөргөнө гэж байгаа. Энэ нь эргээд түүний SpaceX-д их хөрөнгө оруулалт болох талтай. Олон удаагийн хөөргөлтийн пуужингуудаа ч сайжруулахад нь дэм болох байх.
Ер нь интернэтийн хөгжлийн чиг хандлага нэг иймэрхүү. Удахгүй орбитын хиймэл дагуул дээр серверүүд байрлуулж эхлэх байх. АНУ-ын цэргийнхэн туршилт хийгээд эхэлчихсэн байгаа. Цахилгаан тасалдлаа, түймэр үер газар хөдлөлт боллоо гэх аюулаас ангид. Мэдээж сансарт ч гэсэн асуудал үүсэх нь тодорхой, гэхдээ прогресс хүндрэл бэрхшээлгүй явагдна гэж юу байхав, давж байж, шийдэж байж үр дүнд хүрнэ.

Хятад киноны цаг

Болливудээс дутахгүй шинжтэй.

Спортын мэдээ

Мэдээнд гарчиг өгнө гэж саваах юм да.

Шоргоолжны хөдөлгөөн

Шоргоолж хэдийгээр шавьж ч гэлээ зохион байгуулалтын хувьд ямарч сүүн тэжээлтний аймгаас дутаад байх зүйлгүй. Шоргоолж цуваа болж хөдөлгөөнд оролцохдоо автомашины урсгалаас ч илүү зохион байгуулалттай байдаг. Үндсэн гурван давуу тал нь:
1. Шоргоолж бие биенээсээ ялгарах гэж, эсвэл давамгай байдлыг харуулах гэж хичээхгүй. Нэгнийгээ гүйцэж түрүүлэх гэж оролддоггүй гэсэн үг.
2. Үл ялиг мөргөлдөж барих тохиолдол гарахад хөдөлгөөн зогсохгүй хэвийн үргэлжилдэг.
3. Хэдий чинээ олон шоргоолж хөдөлгөөнд оролцож нягтаршил ихэснэ - төдий чинээ зохион байгуулалт нь сайжирдаг: чиглэлээсээ хазайхгүй, хурдаа өөрчлөхгүй, яг урдахаа дагна.

25 June 2015

Уянга сумын эмгэнэл

Бат-Өлзий - Уянга чиглэлд давхиж байтал хөрсийг нь хуулаад эргүүлж хайргаар хучсан уурхайн ул мөртэй таарав. Нөхөн сэргээлт гэж үүнийг хэлдэг бол амар л юм байна - бульдозер байхад л хангалттай. Хөрсөөр хучаад мод зүлэг ургуулдаг гэж дуулсан - энд ямартаа ч тийм зүйл алга.
Жаахан яваад уулын толгой дээр гартал үнэндээ л нүд хальтирам дүр төрх угтлаа.
Мөнгө цагаан, нүд улаан гэж. Ашигт малтмал олборлолгүй яахав, гэхдээ энэ арай бишээ. Зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, экологид бага хохирол учруулах тухай яриад ч нэмэргүй. Нинжа нарын тоног төхөөрөмж сайжраад экскаватор, хүнд даацын машинуудтай болж. Хэн дуртай нь хаа дуртай газраа олборлолт хийж буй мэт санагдсан. Шороо тоос, шавар шавхай, улаанаар эргэх булингартсан ус - хэрэг алгаа.
Дэргэд нь лицензтэй аж ахуй алт олборлож байна. Хууль ёсных нь арай дээр - ядаж хашаа татсан, хаяг, харуул манаатай. Гол нь техник нь нэг цэгт төвлөрсөн. Нинжа нар болохоор хаа хамаагүй бүтэн хөндийгөөр нэг тархсан. Гэрүүдийн дэргэдүүр өнгөрсөн - худалдаа наймаа цэцгэлж байнаа. Дан жийп сойлттой. Хуучин карьерлуу л хувиараа алт олборлогчид орсон юм шиг байгаа юм. Карьер ийм байдалтай үргэлжилсээр сумынхаа төвтэй нийлнэ. Мөнгөн ус хөрсийг нь хордуулаад удаж байгаа - есөн шидийн гаж малын төл төрөх нь олширсон гэнэ.
Би машин барьж явсан болохоор дэргэдүүр нь өнгөрөхдөө зураг дарж чадаагүй. Энэ харагдаж байгаа нэгээхэн хэсэг нь гэж ойлго. Алт, архи хоёр хар мөртэй байдаг юм. Уянга суманд алт олдсоноос хойш гэмт хэрэг тасрахаа байсан гэдэг. Юун тэр алдартай Уянга хийцийн монгол гэр урлаж барих - унтарсан биз. Уянга хийцийн гэр гэж лав сүүлийн хэдэн жил харах байтуугай дуулаагүй.
Өвөрхангайн иргэд өдгөө шоронд байгаа Мөнхбаярт (ордны хашаанд буутай даналзсан нөхөр) ам сайтай байдаг юм билээ. "Монгол газар"-ын уурхайг хаалгаж гол мөрнөө аварч чадсан гэх. Уг нь зөв л үйл хийж явсан нэгэн бололтой. Тэглээ гээд аврал байхгүй - ганц хазгай гишгээд л "аавын хаалга" татсан. Галт зэвсэг бариад засагтай яриа хийнэ гэж юу байхав. Ардчилсан гэх зарим улс оронд Мөнхбаяр шиг үйлдэл хийхэд газар дээр нь нам буудаж орхино шүү дэ.

24 June 2015

23 June 2015

Life Hack Zombie Banana


Шурангийн цохио

2015.06.06. Өвөрхангай, Уянга. Шурангийн цохио.
21 метр өндөр гэсэн байх шүү. Дээгүүр нь чулуу давуулж шидэж чадвал хүсэл нь биелдэг гэсэн.
Бид бүгд гурван оролдлого хийснээс Ууганаагийнх 2 удаа давсан. Бусад нь байхгүй ээ.
Сэк-ийн авсан зурагнуудаар GIF эвлүүллээ. Булагаа хүслээ биелүүлэхээр оролдож буй байдал :-)

22 June 2015

St. Petersburg from above

Слава Степанов (Gelio) гэдэг гэрэл зурагчин бий. Хотууд, үйлдвэрүүдийн зураг голдуу авдаг юм. Саяхан Санкт-Петербургийг нисдэг тэрэгнээс дарсан байна. Питер ч гоё шүү, архитектурын хувьд гайхалтай. Тус хотын нэг онцлог гэвэл өндөр барилгагүй болохоор цамхаг дээрээс зураг авна гэсэн ойлголт байдаггүй. Хотын төв хэсэг нь соёлын өвд бүртгэлтэй, өндөр байшин барих хориотой. Хот төлөвлөлт хамгийн сүүлд XIX зуунд хийгдээд тэрнээс хойш онцын өөрчлөлт ороогүй гэж байгаа. Сурвалжлагыг бүтнээр нь сонирхох линк: http://gelio.livejournal.com/207966.html
Миний анхаарал татсан зураг гэвэл энэ:
Кресты - оросын алдартай урьдчилан хорих төв. Нилээн ч том, баялаг ч түүхтэй шорон байгаа юм. Нэр нь хаанаас үүдэлтэйг мэдэж авлаа.

Ширээт нуур

2015.06.06. Өвөрхангай, Уянга сум, Ширээт нуур.
Аялал 2/3-тоо орж байв. Уянга сумаас гарч өдрийн унд цайгаа уугаад Найман нуурын зүг хөдөлцгөөв. Ойртохын хэрээр айл амьтан багасч сүүлрүүгээ машин зам ч муудаж зэлүүд газар болов. Энэ уулыг давах хэрэгтэй байлаа.
Цастай, шавхайтай, хальтиргаа гулгаа ихтэй замаар мацсаар даваан дээр гарав.
Гардаг л юм байна гэж бодож дуусаагүй байтал - surprise! 
Зам цасанд боогдож орхиж. Сэкийн машины дугуй MT маркийн - шавар цасанд хальтирах нь бага, минийх болохоор AT - арзгар биш энгийн дугуй. Буулаа гэхэд маргааш өглөө өгсөж гарах уу гэдэг гол асуулт. Хэдүүлээ бууж замын нөхцөл байдалтай танилцав. Эргэлт хүртэлх 100 хүрэхгүй метр зам харьцангуй гайгүй юм, баруун тал нь л өвдөгөөр татсан цастай.
Харин эргэлтээс цааш эвгүй - бүрэн цасанд дарагдаж. Гол аюул - хүчээ алдаад гулгах юмуу бөгсөө хаях юм бол доошоо өнхөрчих магадлал өндөр. Эргэлтээс дооших зам ийм төрхтэй байв:
Зэргэлдээх уулын толгод мөн л цасанд дарагдсан байдалтай. Тойрч гарах боломжгүй, өөр зам байхгүй. Явбал энэ замаа л дагана.
Ширээт буюу Найман нуурын хамгийн том нь доор харагдаад байдаг. Одоо цаашаа яах вэ? гэдэг дээр хоорондоо ярилцав.
Ганзогийн машин дугуй нь зуны - буугаад дэмий гэдэг дээр бүгд санал нийлэв. Харин Сэк-ийн машин тоноглолтой, иймэрхүү цасыг барна, 2 удаа яваад хүмүүсээ зөөвөрлөчихье гэдэг санал Дашка, Хосоо хоёр дэвшүүлэв. Булагаа Далай хоёр түдгэлзэж (яасан ч яахав гэсэн үг), би, Сэк, Жадамбаа, Ууганаа дөрөв цааш яваад хэрэггүй гэж санал өгөв. Бид хэдийн тайлбар болохоор: тоноглосон ч гэсэн техник бол техник, хүч алдаад хий эргэвэл буцаж гарч чадахгүй. Гарч чадахгүй зоогдоод тогтвол их юм, муугаар бодвол бөгсөө хаях ч юмуу хажуу тийш гулгавал ямарч жолоодлого байхгүй доошоо унана шүү дэ. Хий эргээд зогслоо гэхэд лебедка аврахгүй - хаанаас татах юм энэ нүцгэн газар. Хад чулуу дунд гадас зооно гэж үлгэр. Буулаа гэхэд дээш өгсөх үед дугуйны мөр маань мөстсөн байх болно. Энэ цас хэдэн өдөртөө хайлж дуусахгүй. Цаанаас хар үүл нүүж ирж байдаг, шөнө дахиад цас орвол бүр "сайхан". Нэмэх нь урдаа цас түрэхлээр чигжиж нягтаршсаар сүүлрүүгээ нам зогсдог тал бий. Тэгээд цас малтаж таарна. 1 дахь өдөр ажилтай улс энэ урт замын цасыг цэвэрлэвэл хотод 2 дахь өдрөөс наана очихгүй. Тиймээс эндээ зураг хөрөгөө татуулчихаад буцаж буугаад нөмөр газар хоноглоё гэсэн саналтай байв. Манай зурагчин ажлаа хийж байгаа нь:
Даваан дээр салхитай, хүйтэн байлаа. 36 градусаа 40 болгож дулаацаж авцгаав. Тэрнийхээ өмнө гомдлын мөр - Сэргэлэнгийн машинаар эргэлт хүртэл буугаад, тэндээ буцаж эргээд мацаад үзье гэж шийдэв. Буух үеийн богинохон, муухан бичлэг бий нь бий, удахгүй нийтэлье. Prado-150 асуудалгүй буучихаад өгсөхдөө мотор нь хөөрхөн орилж, хий эргэж хүчиндүүлж байж гарч ирсэн. Энэ богино хэрчим дээр ингэж байгаа юм чинь цаашаа бүр бүтэхгүй, буугаад хэрэггүй юм байна гэдэгт би хувьдаа бүр итгэлтэй болов. Нэгнийгээ доош өнхрүүлчихвэл яаж ар гэрийхнийх нь нүүрийг харах юм? Тэр машин тэрэг эвдрэх нь дүүрч гэхсэн, гэмтэж бэртэх, цаашлаад чад үсрэхгүй гэх баталгаа байхгүй шүү дэ. Техник тоглоом биш - бүх зүйлд өөрийн хэм хэмжээ гэж бий. Нуур уг нь долгионтоод, биднийг дуудаж буй мэт сайхан л харагдаж байлаа. Эрэг дээр нь хүрэлгүй барааг нь хараад буцсан да.
Бидний цааш явж чадалгүй зогссон цэгийг google maps дээрээс харж болно.